ГАДААД ПАСПОРТОО УРТ ХУГАЦААГААР СУНГУУЛСАН 381 МЯНГАН ИРГЭН ЯАХ ВЭ

76

ГАДААД ПАСПОРТОО УРТ ХУГАЦААГААР СУНГУУЛСАН 381 МЯНГАН ИРГЭН ЯАХ ВЭ

 

Сүүлийн хоёр өдөр  гадаад паспорттой холбоотой мэдээлэл иргэдийг их бухимдуулж байна.


Учир нь 2022 он хүртэл сунгасан сунгалттай паспортоор үйлчлэхгүй, дахин паспорт шинээр авах ёстой гэсэн ГХЯ-ны мэдээлэлд цухалдах нь аргагүй юм.

Байн байн солиулж, шинээ авч чадах боломжгүй гэсэн иргэд анхнаасаа урт хугацааны сунгалт хийлгүүлсэн байдаг. Гэтэл ийм паспортоор үйлчлэхгүй гэх. Өнөөдрийн байдлаар гадаад паспортоо урт хугацаагаар сунгасан 381 мянган иргэн байна. Өнгөрсөн жил хугацаагаа сунгасан учраас 2022 онд дуусахаар байгаа юм. Үүнийг тооцож үзвэл жилд 75 мянган хүн шинэ паспорт авах тооцоо байна. Тэгвэл тэд яах вэ, дахин шинэ паспорт авах уу. Энэ аргыг мөнгө угаах башир арга ч гэж хардаж эхэллээ.

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайханы ярьснаар "Гол яригдаж буй асуудал нь паспорт сунгалттай холбоотой. Өмнө нь бид 1-5 жилээр хоёр удаа сунгах эрхтэй паспорт олгож байсан. Техник, технологи хөгжсөн аль ч улсын хил гаалиар нэвтрэхэд гадаад паспортны нэгдүгээр хуудсыг уншуулдаг. Гэтэл өмнө нь хэрэглэж байсан паспортны зургадугаар хуудсан дээрх тамга, гарын үсэг бүхий сунгалтыг тус программ уншигддаггүй. Иймээс тухайн улсын хил гаалийн автомат системд Монгол Улсын иргэний гадаад паспортны нэгдүгээр хуудсан дээр тэмдэглэсэн хугацаа нь гардаг. Үүнээс болоод "хугацаа нь дууссан байна” гэх асуудал үүсч байгаа юм. Ер нь олон улсын иргэний нисэхийн байгууллагаас баталсан стандартыг баримталбал, 2010 оноос өмнө манайх шиг гар аргаар уншигддаг, хуучин паспортыг хэрэглэхгүй байх ёстой. Хуучин паспортыг хэрэглээнээс гаргах асуудлыг 2015 оноос хойш ярьж байна” гэжээ.

Дашрамд дуулгахад, сүүлийн таван жилийн статистикийг харвал жилд 100 мянга гаруй хүний гадаад паспортыг сунгасан байдаг. Өнөөдрийн байдлаар паспортны хугацаа нь дууссан иргэдэд мөн адил шинэ паспорт гаргах шаардлага гарсан учир холбогдох газар ачаалалтай ажиллаж байна. Зургаан төв, дөрвөн нэгдсэн үйлчилгээний төвд өдөрт 1300 орчим хүн хандаж байгаа ажээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.