ТӨГСӨХ АНГИЙН 30 ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОБУСНЫ ЖОЛООЧ СОГТУУ БАЙЖЭЭ

27

ТӨГСӨХ АНГИЙН 30 ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОБУСНЫ ЖОЛООЧ СОГТУУ БАЙЖЭЭ

 

Нийслэлийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор "Хөдөлгөөний зохицуулалт-хяналт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.


Уг арга хэмжээ нь энэ сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаатай эрчимжүүлсэн хэлбэрээр явагдах бөгөөд нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээнүүд авах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт алба хаагчдын явганаар эсвэл тээврийн хэрэгсэлтэйгээр болон хяналтын техник, төхөөрөмж ашиглан замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилготой юм.

Энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн уузлвараас хойш Рашаант чиглэлийн автозамуудад зэргээр хуваарийн дагуу бүлгийн эргүүлүүдийг ажиллуулан жолооч, бусад хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг сайжруулах, хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй замд замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байна.

Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг. Уг байдал нь хөдөлгөөний аюулгүй байдалд мөн сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл байгууллага, анги  хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах эрсдэлтэй байдаг.

Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад, энэ сарын 8-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан "Daewoo” маркийн автобус нь "North benz” маркийн ачааны автомашинтай мөргөлдөж 3 том хүн, 5 хүүхэд гэмтсэн осол гарсан.

Мөн энэ сарын 12-нд ХУД-ийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд Замын цагдаагийн газар бүртгэгджээ.

Иймд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг няталж шалгах, Баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах алба тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг нийт хамт олонд танилцуулж баталгаа гаргуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

О.Сайхан
Оллоо.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.