ТАМХИ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭДИЙН ЗАСАГТАЙ ЧИНЬ ХАМТ “ЗАЛГИНА”

32

ТАМХИ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭДИЙН ЗАСАГТАЙ ЧИНЬ ХАМТ “ЗАЛГИНА”

 

Жил бүрийн тавдугаар сарын 31-нд дэлхий нийт даяар тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Өнөө жил манай улс "Тамхи зүрхэнд хортой. Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Нэг ч өдөр, цаг, минут хоромд тамхи татахгүй байхыг уриалж байна гэсэн үг.  Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн тамхи татаж байна.

Тамхинаас болж дэлхийд өдөрт 11 мянган хүн нас барж байна. Тамхичдын дундаж наслалт ерөөсөө 52 нас юм байна шүү. Харин манайд бол нийт хүн амын 47 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 67 хувь нь эмэгтэйчүүдийн 10 гаруй хувь нь тамхины хорт утаатай найзалжээ. Тамхи татах нь эдийн засаг болоод эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй гэдгийгмэдэхгүй яваа ч нэг хэсэг бий. Зарим нэг нь мэдэж байгаа ч донтсон байдлаасаа гарч чадахгүй өөрийгөө хордуулсаар өдий хүрсэн ч байгаа байх.
 
Тамхи таны эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?
 
Нэг янжуур татах бүрт хүний нас 7 минутаар хоргодож байдгийг та мэдэх үү. Тамхи гэж юу вэ гэхээр татах буюу үнэрлэж зажилаж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан хор юм. Тамхины найрлагад хорт хавдар үүсгэх 4800 төрлийн химийн бодис агууллагдаж байдаг. Жишээлбэл, мэрэгч амьтныг устгахад хэрэглэдэг Арзен, хорт хийнд ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, химийн гол донтуулах үйлчилгээтэй никотин хор хөнөөл болдог.
Уушгины хорт хавдраар улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн амьдарч байна. Эрэгтэй нь 5900, эмэгтэй нь 10000 гаруй байна. Ихэнх нь тамхинаас үүдэлтэй хорт хавдраар өвчилсөн.
 
Тамхи хавдрын гол эх үүсвэр болж байна

Хамгийн түрүүнд үхэлд хүргэдэг гэдгийг ойлгох хэрэгтэйшүү. Тамхи байнга татдаг хүн яавч, ямар ч эрхтнээр эрүүл байх боломжгүй юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа идэр насныхан тамхийг хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрхний шигдээс гэсэн оношоор оношлогдож байна гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна.

Мөн түүнээс гадна уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи уруул, амны хөндий, улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх, шүд шарлах шалтгаан болно. Тамхи зүрхний шигдээс болгоно. Мөн үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дахь ураг 5 дахин илүү хорддог байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ. 

Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Зүрх, судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч профессор Б.Батболд "Хүн амын нас баралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл гэвэл зохисгүй хоололт, хөдөлгөөний хомсдол, архи , тамхины хэрэглээ их байгаагаас болж жингийн илүүдэл, зүрх судасны өвчнөөр үхэлд хүргэж байна” гэв.
 
Тамхичин аавын харуусал
 
Нас биед хүрсэн хоёр хүүтэй аав Сэргэлэнгийн харуусал. Хар багаасаа хар утаат тамхитай найзалсан тэрбээр өнөөдөр эрүүл мэндээ эргэж олохгүйгээр бүр мөсөн алджээ. Өдгөө тэрбээр 50 настай бөгөөд уушгины хорт хавдартай, ямар ч найдваргүй гэсэн хариутайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Хавдар нь бүр хүндэрч, эцсийн шатандаа орсон гэдгийг эмч нь ойлгуулжээ. Өөрийн гэсэн өв хөрөнгөгүй тэрбээр эрүүл мэнд, эдийн засгаараа  ийнхүү сүйрснээ ойлгов.  
Хэдий амьдралд мэдэгдэхгүйц, олсон орлогынхоо тал хувийг тамхинд зарцуулдаг түүний тамхины мөнгийг тооцоод үзвэл 28 жилийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн тамхи татжээ. Амьдралын боломж тааруугаас шалтгаалж хамгийн хямд 2500 төгрөгийн үнэтэй тамхийг өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байж, ингээд 30 хоног татахад 75 мянган төгрөг. Үүнийгээ жилээр бодохоор 900 мянган төгрөг болж байна. Хамгийн бага үнэтэй тамхи шүү. Жилд 900 мянган төгрөгийг тамхинд зарцуулсан аав өнөөдөр тэр мөнгийг үрэлгүй хадгалсан бол нэг ч гэсэн хүүгээ орох оронтой болгочих байлаа хэмээн харуусаж, амаа барьж сууна. Сэргэлэн гуайн хувьд тамхинд бүр донтжээ. Тамхи л татахгүй бол цухалдаж, элдэв юм хайж, тогтож сууж чадахаа больдог гэдгийг ар гэрийнхэн нь ярьсан.
Жишээлбэл, 4000 төгрөгийн тамхи татдаг хүн сард 120 мянган төгрөгийг тамхинд зарцуулна. Жилдээ бол 1сая 440 мянган төгрөгийг тамхинд "өргөчихөж” байна гэсэн үг.
Тамхинаас гарах 200 гаруй арга байгаа ч өнөөдрийн байдлаар 40 гаруйг нь хэрэглэж байна. Ер нь манайхан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх алхам байхгүй. Тодруулбал, манайд зургаан "З” арга байдаг бөгөөд Зарлах, Зайлсхийх, Зөвхөн ус уух, Зөвхөн амьсгалах, Завгүй байх, Залбирах сүсэглэх гэх мэт.
Өвчин хэлж биш хийсч ирдэг гэж ярьдаг ч одоо эсрэгээрээ болжээ. Аливаа зүйлд өвчилсний дараа буруу хорт зуршлаасаа салдаг ард түмэн. Уг нь өвдөхөөсөө өмнө урдчилан сэргийлж, хорт зуршлаа гээх учиртай.
 
Цэцэг шиг охид, эмэгтэйчүүд тамхинд "донтжээ”
 
Тамхи Монголын шинэ үеийнхний сонголт бишээ. Арван жилийн сурагчид нууцаар тамхи их татдаг болж, цэцэг шиг гоё охид, эмэгтэйчүүд сүмбэн цагаан хуруундаа янжуур зуусан байх нь ямар харагдах уу. Та нүдэндээ төсөөлдөө, ямар ч байсан олигтой харагдаж, сайхан санагдахгүй нь лавтай. Миний хувьд орой ажлаа тарчихаад таксинд явдаг. Үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид "Тамхи татаж болох уу” гэж асуудаг ч би зөвшөөрдөггүй юм. Яагаад гэвэл тамхины хорт утааны үнэр шингэх, дам тамхиталтад өртөх магадлал ихтэй учраас татгалзсан хариу өгдөг.

Нэгэн удаа их л бухимдсан охин орж ирэнгүүтээ надаас асуулгүй шууд янжуур асаасан. Их муухай харагддаг юм билээ. Тамхи татаж дууссаных нь дараа түүнээс би "Тамхи татах тийм гоё байдаг уу” гэсэн асуултад "Гоё гэх нь ч хаашаа юм бэ. Түр зуурын тайвширлыг олж авдаг. Ууртай бухимдалтай, өлссөн үедээ би шууд тамхи татдаг. Нэг хайрцаг тамхийг нэг дор нь татаж дуусгах тохиолдол байдаг юм шүү”гэж ярьсан удаатай. Тэрбээр зүс гоо байж болно. Одоохондоо тамхины хор хөнөөлийг мэдэхгүй ойлгоогүй явж болох ч он удаан жил өнгөрөх тусам ойлгож мэднэ дээ гэсэн харуусал надад төрж байлаа. Гэвч нэг хэсэг нь тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг, жингээ хянах зорилгоор тамхи татдаг гэсэн буруу ойлголттой явдаг.

Сүүлийн жилүүдэд эрчүүдтэйгээ эн тэнцүүхэн эмэгтэйчүүд тамхи татдаг болсныг НЭМҮГ-аас онцолж байна. Тамхи татсан эмэгтэйчүүд 3-4 жилийн дараа улаан хүзүү болон умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн, өвчлөх магадлал эрсдэлтэй байдаг.  Тиймээс эмэгтэйчүүд ирээдүйн эх болох охидууд минь зүрхээ хайрлаж, зүсээ гоё байлгахын тулд зөв сонголтыг хийх хэрэгтэй. Мэдээж сонголт бүхэн таны гарт бий. Эрүүл мэнд, эдийн засгаа сонгох уу эсвэл үхэл өвчинд урин дуудагч тамхийг сонгох уу гэдэг та бүхний сонголт юм шүү.
 
Эдийн засгийг тань сүйрүүлнэ 
 
Орлогогүй бол тамхи бүү тат, овлигогүй бол архи бүү уу гэж үг бий. Энэ бол үнэний ортой үг. Та ар гэртээ ганц талхны мөнгө ч олж ирдэггүй, чаддаггүй хэрнээ тамхины мөнгөө олоод амьдраад байвал үнэхээр эмзэглэл шүү.

Одоо үед тамхи үнэтэй болсон. Доод тал нь нэг хайрцаг тамхи 2500 төгрөгөөс эхэлж байгаа тэрнээс ч дээш үнэтэй гоё ганган савлагаатай нүд баясгаж, сонирхол татах тамхи бий. Тамхи авч татахуу, талхаа авч идэхүү, хоногийн хоолоо авах уу, хорт утаагаа татах уу гэдэг нь таны ухамсрын асуудал, сонголт болчихоод байгаа юм.

Тамхи татаж байгаа иргэдийнхээ нас, хувийг харвал яах аргагүй тамхины хэрэглээг хязгаарлах хумих шаардлагатай болжээ. Хамгийн түрүүнд жижиглэнгийн бараанаас тамхийг ширхэглэж заруулдагыг болиулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр тамхинаас татгалзах нэг арга бол тамхины онцгой албан татварыг тэнгэрт тултал нь өсгөж нэмэгдүүлэх ёстой. Одоо байгаа үнээс нэг дахин нэмэгдүүлбэл, хязгааргүй хэрэглээ багасна.

Гэвч манай улсад тамхинд ногдуулж байгаа татвар бага, бусад буурай орнуудын тоонд хөгжлөөрөө зүй ёсоор ордог байна. Өөрөөр хэлбэл, татвар нь бага гэсэн үг юм. Тиймээс тамхины татварыг нэмэгдүүлснээр эрүүл мэнд, эдийн засагт гарах үр нөлөөг тооцох нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай. Нэг ширхэг болон хайрцгийнх нь үнийг ч нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татварын бодлогоороо тамхины хэрэглээг удирдана гэсэн үг.

Хэрэв тамхинд ногдуулах татварыг нэг дахин нэмэгдүүлбэл, улсад орж ирэх төсвийн орлого 30-40 тэрбумаар нэмэгдэх боломжтой аж. Түүнээс гадна тамхины хайрцган дээрх мэдээлэлээр дамжуулж тамхичдыг соён гэгээрүүлэх шаардлагатай. Тамхигүй Монгол байхын тулд хүүхдүүдэд хар багаас нь тамхины хор хөнөөлийг сайн ойлгуулах, сурталчлан таниулах зэрэг ажлыг хийснээр тамхины хэрэглээ багасах ахиц гарна гэж ойлгож байна. Хамгийн гол нь эерэг зөв мэдээлэл, зөв хандлага, зөв дадал хэрэгтэй байгаа юм даа.

Таны тамхины эдийн засгийн жилийн байдлаар хэр гардаг талаар дараах эдийн засгийн тооцооллыг харна уу.



О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.