НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОМ ЗУРГААР ХАРВАЛ...

602

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОМ ЗУРГААР ХАРВАЛ...

 

Хүн амын хэт төвлөрөл, агаарын болон орчны бохирдол, ажилгүйдэл ядруурал. Энэ сэдэв өнөөдөр Улаанбаатарын иргэдийн толгойн өвчин болсон. Үүнээс гадна нийслэл хот суурьшлийн бүсийн нөөцгүй болж, хэзээ мөдгүй ундны усны асуудал ч сөхөн хөндөгдөхөд тулж ирсэн нь хүн амын тал хувь нь бөөгнөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотынхонд амьдралын хэвшилээ өөрчлөх ёстойг сануулж байдаг. Өөрчлөлтийг харин хэрхэн яаж эхлэх вэ. Нийслэлийн хөгжлийг том зургаар харсан, нийт хүн амын өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шийдэх хамгийн зөв гарцыг, хэрхэн болож олох вэ?

Энэ асуулт сүүлийн жилүүдэд хариу нэхэж байгаа ч нийгмийн хэт их туйлшрал, улстөржилт  асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрхэгдүүлж байгаа нь үнэн. Харин өнөөдөр (2018.05.21)  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлан эхэлүүлсэн "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт, Улаанбаатар хотын ачааллыг хөрш зэргэлдээ аймгуудтай хамтран ажиллах замаар бууруулж болно гэсэн санаачлага хотынхны хуримтлагдсан хүндрэлүүдийг даван туулах гарц болох найдварыг төрүүлэв.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Төв, Булган, Сэлэнгэ аймгууд харьцангуй дэд бүтэц сайтай. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, сүү сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, төмс, хүнсний ногооны дийлэнх хувийг эдгээр аймгууд үйлдвэрлэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байдаг. Уул уурхай, үйлдвэр үйлчилгээний газрууд ч энд төвлөрсөн байдаг. Хөгжлийн тухай ярих нь бүү хэл ямар ч ахицгүй зөвхөн өөрсдийгөө аргацаан дан ганцаар "гэлдрэх” биш эсрэгээр байгаа бүх давуу талаа ашиглан бие биенээ дэмжиж ажиллаад, төвлрөлөө ч сааруулъя, хөгжлөө ч хурдасгая, хүн амын амьжиргааг ч өөд нь татъя гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд уриалж байгаа юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, бүс нутгийн хүрээнд хамтдаа хөгжих, хүн амын зохистой суурьшил, хөгжлийг бүрдүүлэх зорилгоор цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх бодлогын ажил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ажлын хэсэг байгуулчихаад байгаа аж.

Харин өнөөдөр эхэлсэн "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт нь мөн өнөөдөр эхэлсэн "Хүчээ нэгтгэе” уриатай эхэлсэн Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалттай зэрэгцэн болж буйгаараа онцлогтой юм. Яг одоо Монгол Улс эдийн засаг, хөгжлийн асуудлаа өнөөгийн улс орны нөхцөл байдал ялангуяа бүс орон нутгийн хөгжлийн асуудалтай уялуулан өргөн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай тулгарчихаад байгаа.

Энэ өнцгөөс харах юм бол Нийслэлийн Засаг даргын санаачилсан Улаанбаатар хотыг Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн эдийн засгийн төвлөрсөн төвүүдтэй уялдуулан ажиллуулж, Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгжүүлнэ гэсэн санаачилга оновчтой бөгөөд хэрэгжих боломжтой хувилбар юм.

Төвийн бүсийн аймгуудын энэ нэгдлийг "Алтан гурвалжин” загвар хэмээн нэрлэж байгаа бөгөөд эдгээр хот, аймгууд улсаа манлайлан хөгжүүлэх үүрэг хүлээж, эдийн засгийг уул уурхайгаас илүү төрөлжүүлэн хөгжүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, Улаанбаатар хотын ачаалал хэт төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлэхээр болж байна.

Өнөөдрийн уулзалтад  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Б. Эрдэнэсанаа, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Засаг дарга нар оролцсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.



Санамж бичиг зэрэгцэн орших аймаг орон нутгуудаа эдийн засгийн олон тулгуураар дэмжих, улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн аж амьдралын төвлөрсөн бүсийн давуу талуудыг ашиглан хөгжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.  

Үүнтэй зэрэгцэн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих, орон нутгуудад хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хөдөө аж ахуйн түүхий эдийн гаралтай хүнс экспортлох чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах, орон нутгуудад боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлууд эхлэх нь тодорхой.

Хорь гаруй сум нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогддог. Хэд хэдэн сумд төмөр замын сүлжээнд багтдаг зэрэг дэд бүтэцийн хувьд харьцангуй давуу талтай Төв аймаг өнгөрсөн долоо хоногт Зуунмод хот орчимд бий болж байгаа "Нээлттэй бүс” нутгийн ерөнхий төлөвлөлтийг шийдүүлж,  дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тийм учраас шаардлага хангасан төсөлтэй хувийн хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдгээ зарласан байгаа.

Мөн аймгийн эдийн засгийн тулгуур болж ирсэн мал аж ахуй, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг сэргээж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэл болон мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр, агуулахын аж ахуй байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээнэ. Баянжаргалан суман дахь нүүрсний орд газрыг түшиглэн өндөр хүчин чадлын Цахилгаан станц байгуулна гэсэн төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдад танилцуулсан байгаа.

Үүний араас бусад аймгууд өөрсдийн боломжид тулгуурласан төсөл, хүлээгдэж байгаа, гүйцэтгэж болох ажил хэрэгч санаачлагаа зарлаад явчих юм бол зэргэлдээ аймгуудтай нэгдэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж хөгжүүлнэ гэсэн Нийслэлийн Засаг даргын санаачлага хурдацтай урагшлах найдварыг төрүүлж байгаа юм.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>