Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм

50

Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм

 

Өмнөө иргэдийг дугаарлуулчхаад компьютер дээрээ "Candy crush” тоглоод сууж буй төрийн албан хаагчийн зураг сошиалд тарж олон нийтэд чичлүүлж байсан нь саяхан. Үнэндээ "баригдсан” л энэ болохоос иргэдийг энэ бүү хэл хэдэн цаг, хоног, сараар нь хүлээлгэчхээд ажлаа хийдүүлдэг нөхөд төрийн албанд захаас аваад бий. Эрхээ эдэлж, үйлчилгээ авахаар эрэл, сурал болж очсон хүний амыг мянган үгээр таглачихна.

Уулзалтай, сургалттай, томилолттой, гишүүн, сайд дарга нар дуудсан гээд түмэн шалтгаан хэлнэ дээ. Очоод шалгадаг завтай хүн байх биш аль өдөр ирвэл аз таарах юм бол гээд л хоосон хаалга мөргөж, шалтаг шалтгаан сонсож буцсаар монголчууд бараг л дөжирсөн гэхэд болно. Тэгсэн мөртлөө эрхээ давуулан эдэлнэ. Цайны завсарлага, ажил тарах цагаа харин ч нэг ягштал баримтална. Минут өнгөрсөн л бол хэчнээн чухал ажил, хойшлуулшгүй уулзалт гэж учирлаад ч нэмэргүй. Хаалга саваад гарч одно.

Товчхондоо энэ бол өнөөдрийн манай ихэнх төрийн албан хаагчдын нийтлэг дүр зураг гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй дээ. Үүн дээр нэмээд төр жолоодож яваа эрхэм түшээдийн ажилдаа ирдэг цаг, хуулиа баталдаг байдлыг хэлэх юм бол тохуу болохоор. Өглөө 10:00 цагийн чуулганд цагтаа ирээд суудаг нь цөөхөн. Дээр нь 76-аас арав хүрэхгүй нь цуглачхаад хууль хэлэлцдэгийг олон нийт мэднэ.

Уг нь төрд тангараг өргөсөн хүмүүсийн үүрэг нь иргэдэд хурдан шуурхай үйлчилж, төрийн ажлыг гацаахгүй байх юм. Нэг ёсондоо бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа 188,974 төрийн албан хаагчийн ажлын цаг нийтийн өмч байх ёстой. Үүнийг нь хууль журмандаа ч тодорхой заагаад өгчихсөн. Төрийн албаны хуульд "Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэжээ. Тиймээс төрийн албан хаагч нэртэй хүн бүхнээс ажлаа хийж, хурдан шуурхай үйлчлэхийг иргэд шаардаж, ажлын цагийг нь ч бүртгэх эрхтэй юм шүү.

Гэтэл өнөөдөр аргагүйн эрхэнд төрийн албан хаагчдын хүнд суртал, ёсзүйг доод шатнаасаа эхлээд улс орон, орон нутгийн удирдлагын түвшинд хүртэл ярьж эхэллээ.