Улаанбаатарыг бүтээн байгуулсан түүхийг үлдээх нь энэ цагийн бидний хийх л ажил

59

Улаанбаатарыг бүтээн байгуулсан түүхийг үлдээх нь энэ цагийн бидний хийх л ажил

 

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Сундуйн БАТБОЛД

Монгол Ардын Нам түүний дотроос Нийслэлийн МАН-ын байгууллагын түүх нь Монгол Улсын ХХ зуун дахь орчин цагийн бүтээн байгуулалтын амжилт, бодит үр дүн, монгол үндэстний сэргэн мандалт, хүн амын болон нийгмийн хөгжлийн дэвшил, Монгол Улсын улс төрийн ууган хүчний хөгжил, төлөвшил, шинэчлэлийн түүх гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн. Түүхэн үнэнийг түмэн олон, хойч үедээ мэдүүлж, өнөөгийн бодит амьдрал, улсын нийслэл Улаанбаатарыг хэрхэн бүтээн байгуулсан түүхийг үлдээх нь энэ цагийн энэ ажил үүргийг хүлээсэн бид бүхний яах аргагүй хийх ажил билээ. Тиймээс ч уншигч та бүхэнтэйгээ Нийслэлийн МАН-ын байгууллагын түүхийн хуудсаар хамтдаа дахин нэгэн аялал хийе.

НЭГ: ХОТЫН НАМЫН ХОРОО БАЙГУУЛАН ҮҮРҮҮДИЙН ХЭРГИЙГ УДИРДУУЛАН ГИШҮҮДИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭВ

1923 оны аравдугаар сард нийслэл хүрээнд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, Ардын засгийн газар шийдвэр гаргаж "Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулж, 1924 оны дөрөвдүгээр сард нийслэл хотын цаг зуурын хурлыг 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Хотын төрийн захиргааг ийнхүү биеэ даалган байгуулахтай зэрэгцэн намын анхан шатны үүрүүдийг 1922 оны дунд үеэс байгуулж, МАН-ын Төв Хорооны 6 дугаар хурлаас улсын яамдад намын анги нэртэй анхан шатны байгууллагууд байгуулж, намын ангийн хурлаар олон асуудал хэлэлцэж байсны дотор Засгийн газраас гаргах тогтоол шийдвэр, хууль дүрмийн төсөлд гишүүдийн саналыг нэгбүрчлэн сонсч саналыг нэгтгэн зохих газарт уламжлан хүргүүлдэг байжээ. Улмаар Нийслэл хүрээнд намын үүрүүд байгуулах шийдвэр гаргаж, яамдад байгуулсан намын ангиудыг татан буулгаж 8, 9, 10, 11 дүгээр намын үүрийг байгуулжээ. 1923 оны долоодугаар сард хуралдсан МАН-ын II Их хурлаас нийслэл дэх намын үүрүүд гишүүдийн хүчийг нийт ардын дунд явуулах соён гэгээрүүлэх ажлын чигт хандуулсан нь нийслэл хотын өнгө төрхийг өөрчлөх, шинэ амьдрал, шинэ соёл, шинэ орчны төлөө иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх эхлэл болсон юм. Тухайлбал, 1923 оны гуравдугаар сард намын 11 дүгээр үүрийн гишүүдийн хурлаар нийслэл доторх хог буртгийг цэвэрлэх тухай асуудлыг хэлэлцэж, нам, эвлэлийн гишүүдийн оролцоотойгоор хур хогийг устган дарах, ариун цэвэр сахих журам гаргах, баруун зүүн Сэлбийн гүүрийг өргөтгөх, сэлбэн засварлах, усны суваг шуудуу татах ажлыг хийж, хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг ч санаачлан эхлүүлжээ. Ийнхүү Нийслэл хүрээн дэх үүрийн тоо олширч, намын гишүүдийн тоо жил бүр нэмэгдэх болсныг харгалзан МАН-ын Төв Хорооны 1925 оны гуравдугаар сарын 7-нд бүгд хурлаас "Улаанбаатар хотын намын хороог байгуулж, хотын доторх намын олон үүрийн хэргийг удирдуулан гишүүдийг боловсруулбал зохино” гэсэн шийдвэр гаргаж, Богд хааны хөрөнгийг хураах комиссоос найман ханатай гэр өгч, одоогийн Төрийн ордны зүүн талд буй хэвлэх үйлдвэрийн байшингийн балгас буй хашаанд барьж үүдэндээ "Намын Улаанбаатар хотын хороо” гэсэн улаан даавуун дээр бичсэн хаяг хадсанаар бидний өнөөдрийн түүхэн тооллыг тоолж эхэлжээ. Хотын намын гишүүдийн анхдугаар Их хурал 1925 оны дөрөвдүгээр сард үүрүүдээс сонгогдсон 30 төлөөлөгч, МАХН, МХЗЭ- ийн ТХ болон бүсгүйчүүдийн тасгийн төлөөлөгчид оролцон хуралдаж, хотын намын хороог 15 гишүүн, хянан байцаах ба шалгах комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, тавдугаар сарын 4-ний өдрийн хотын Намын хорооны анхдугаар Бүгд хурлаар дарга, тэргүүлэгчдээ сонгожээ. Энэ үед хотын намын хороонд харъяалалтай намын 421 гишүүн байснаас ард 341, лам 28, тайж язгууртан 17, уран дархан зэрэг үйлдвэр төлөөлөх гишүүн хоёр, бичиг үсэг мэдэх 182, гаргаж унших төдий 70, огт бичиг үсэггүй 64, гадаад хэл мэдэх ба төсөөлөх 96 хүн байжээ. Шинээр байгуулсан Улаанбаатар хотын намын хороо намын бодлогын хүрээнд хотын намын байгууллагын эгнээг ядуу ардаар өргөтгөх, тэдний боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, нийт ардын дотор намын бодлогыг сурталчилж тайлбарлан таниулах, соёл олон нийтийн ажил зохиох ажлыг голлон хийж эхэлжээ. Энэ хүрээнд 1925 оны есдүгээр сард хуралдсан Хотын Намын хорооны II Их хурлаас ”... зурган ба ухуулах хуудас хэвлэл гаргах, бичиг үсэгт боловсронгуй гишүүдийг нэг болгож зохиол бичүүлэх, үүр бүрийн дэргэд номын сан нээх, ханын сонин гаргах, жүжиг наадмыг гаргах, олон гишүүн ба залуучууд, ардыг бичиг үсэгт боловсруулах, гадаадын хэл бичиг сургах хэргийг нэн чухалчлан, боловсронгуй багшийг урин олж зохиогчдыг сургаж боловсруулах, намын бүсгүй гишүүд ба нам бус эмэгтэйчүүдийг сурган гэгээрүүлэх” асуудлыг чухалчлан заажээ. Улмаар хотын нам, эвлэлийн хорооноос эрхлэн долоо хоног тутам гарах болсон "Улаанбаатар хотын мэдээ” сонины анхны дугаар 1929 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гарч эхэлжээ.

ХОЁР. 1960-ААД ОНЫ ДУНД ҮЕ ХҮРТЭЛ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ МАНЛАЙЛАН ОРОЛЦОВ

Нийслэлийн намын байгууллага нь нийслэлчүүдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлэхийн хамтаар хотыг хөгжүүлэх аж ахуйн ажлыг удирдах, санаачлах асуудалд байнга анхаарч, 1929 оны сүүлчээс Нийслэлийн намын хорооноос тав дахь өдөр бүр "Баасан гаригийн ажил” арга хэмжээг цэнгэлдэх клубт зохион байгуулж, олон зуун залуус, лам нарыг оролцуулан намын ажлыг ухуулж, хотын нам, эвлэлийн гишүүд "Сайн өдрийн ажил” нэртэй сайн дураараа хөдөлмөр хийж эхлэн, 1931 оноос "Субботник” хэмээх бүх нийтийн сайн дурын хөдөлмөрийн томоохон хөдөлгөөн үүссэн билээ. 1931 оны тавдугаар сард хотын намын хорооны VIII Их хурал хуралдаж, "Хотын аж ахуй, эрдэм соёлын тухай” тогтоол батлан гаргасан нь анх удаа хотын хөгжлийн бүхий л асуудлыг хөндсөн чухал шийдвэр байсан юм. Уг тогтоолд "Хотын аж ахуй, эрдэм соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг үүсгэн явуулах, хотын аж ахуйн хөгжил, хотын амгалан байдал, хотын татварын ногдол, хотын ардад хэрэглүүлэх чухал зүйл хэмээх орон сууц, гэрэл, түлш, ус, бие угаах ванн, хувцас угаах газар, хог буртаг хаяхад боловсноор бэлтгэсэн газар, гар үйлдвэрийн газруудыг хөгжүүлэх, ногооны ба сүүний аж ахуйг хоршоолон байгуулах, хотын кооператив болох өөрийн сонголтын удирдлагат олон нийтийн байгууллага болгож шинэтгэх зэрэг олон асуудлыг тусгажээ. Мөн сургуулийн насны бүхий л хүүхдийг сургах, хотын сургуулиудад заах зүйлийн программ ба аргыг шинэ аж үйлдвэрийн газрын хөгжилт ба хотын барилгын төлөвлөгөөтэй уялдуулан холбож зохиох, сургуулийн сурагчдын байдлыг эдийн талаар сайжруулах, сургуулийн хоолыг сайжруулах, сургуулийн хогшил хөрөнгийг бэлтгэх, сурагчдын ариун цэвэр, биеийн эрүүл хэв байдлыг сайжруулан чанаржуулах, эх нялхсыг хамгаалах, сургуулийн насанд хүрээгүй багачуудыг боловсруулах бодлого гаргах” асуудлыг тусгасан байжээ. Хотын намын байгууллага нийгмийн хэв журмын асуудалд ч анхаарч бай. Хотын МАН /МАХН/-ын хороо үүсэн байгуулсан цагаасаа эхлэн 60-аад оны дунд үе хүртэл нийслэлийн хөгжлийн асуудалд манлайлан оролцсон юм. Тэр л он жилүүдэд шинэ бичиг үсэгт сургах, барилгын салбарыг үүсгэх, орон нутгийн сонгууль, тусгаар тогтнолын санал асуулга, хот тохижилт, өвлийн бэлтгэл, социалист уралдаан, тэргүүний ажилчдын зөвөлгөөн, соёлын довтолгоон, хотын дэд бүтцийн эхлэлийг зохион байгуулсан түүх бий.

ГУРАВ: МАНЛАЙЛАГЧИЙН ҮҮРЭГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮҮРЭГТ ШИЛЖИВ

1960-аад оны дунд үеэс эхэлсэн социалист бүтээн байгуулалтын жилүүдэд нийслэлийн МАН-ын байгууллагын үүрэг, роль өргөжиж, манлайлагчийн үүргээсээ хальж, удирдан зохион байгуулах рольтой болсон билээ. Энэ түүхэн үеийн намын байгууллагын үйл ажиллагаа бол чухамхүү их бүтээн байгуулалтыг гардан удирдах ажил байсан юм. Энэ үед буюу 1968 оноос хотын намын хороо Аж үйлдвэрийн комбинатын нэхмэл, ноос угаах, гутал, том шир, оёдол, эсгий-эсгий гутал, шевро, шевретийн 8 үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж,дэмжиж байв. Хотын цэвэрлэх байгууламжийн барилгын эхний ээлжийг 1969 онд ашиглалтад оруулж, 1970 онд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудлаар Улаанбаатар хотын зөвлөлгөөн хийж, үйлдвэр, барилгын 29 газрын үйл ажиллагааны зохион байгуулалтад судалгаа хийж, 1980-иад оны дундаас үйлдвэрлэлд чанарын удирдлагын системийг нэвтрүүлж, хотын намын хорооноос бүтээгдэхүүний чанарыг социалист бусад орны ижил төрлийн бүтээгдэхүүний түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байлаа. БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу нийслэлийн намын байгууллага нь үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, үйлдвэр шинээр байгуулах, өргөтгөн шинэтгэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний чанар хийц загварыг сайжруулах, түүхий эд материалыг аль болох хаягдалгүй боловсруулах асуудлыг онцлон бодлого чиглэл, удирдан зохион байгуулах ажлаа хандуулж байлаа. Нийслэл хотын гадаад харилцаа ч нийслэлийн МАН-ын харилцаанаас үүдэлтэй бөгөөд 1969 оноос Улаанбаатар хотын намын хороо Эрхүү хотын намын хороотой хамтын ажиллагааны хоёр хоёр жилээр төлөвлөсөн төлөвлөгөөг анх байгуулж, ажлын арга туршлага судлах, харилцан суралцах агуулга хэлбэрээр эхэлж, 1981 оноос соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж, 1982 оноос Будапешт, Берлин, Софи, Прага зэрэг 10 шахам улсын хоттой ах, дүүгийн харилцаа тогтосон түүхтэй.

ДӨРӨВ: ЦАГ ҮЕЭ МЭДЭРЧ АЖИЛЛАХ НЬ НИЙСЛЭЛИЙН МАН- ЫН БАЙГУУЛЛАГЫГ ШИНЭЧИЛЖ БАЙДАГ

80-аад оны дунд үеэс эхлэн Үндсэн хуульд заасан эрхээрээ нийгмийг удирдан чиглүүлэгч үүрэг хүлээж байсан МАН /МАХН/ нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлага үүссэнийг мэдэрч, тодорхой ажлууд зохиож эхэлсэн билээ. Хотын намын хорооноос өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд хийсэн нэг чухал арга хэмжээ бол мэргэжлийн судалгааны байгууллага, судлаачдын үзэл бодол, саналыг тусгах зорилгоор ШУА-ийн хамт олон, түүх, философи, социологи эрх зүй, дорно дахины судлалын хүрээлэнгийн намын гишүүд болон эрдэмтэн судлаачдын дунд МАХН-ын улс төрийн манлайлал, намын дотоод амьдралд ардчиллыг хөгжүүлэн гүнзгийрүүлэх, боловсон хүчинтэй ажиллах арга ажиллагаанд эргэлт гаргах, нийгмийн улс төрийн системд ардын төрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, олон нийтийн байгууллагын талаар түүхэн үнэн ба түүхт хүмүүсийн асуудал, намын онолын сэтгэлгээний шинэ зорилт зэрэг асуудлаар хийсэн хэлэлцүүлэг байв. 1989 оны зургаадугаар сарын хотын намын хорооны III Бүгд хурлын илтгэлд намын дотоод ардчиллыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд нийт үүр, хороодын 61.2 хувь нь нарийн бичгийн даргаар хоёроос дээш хүний нэр дэвшүүлж, товчоог сонгох явцад 2800 хүний нэр шинээр дэвшүүлснээр үүрийн нарийн бичгийн дарга нарын 35 хувь нь, товчооны гишүүдийн 50 хувь шинэ гишүүдээр бэхжсэн тухай тэмдэглэжээ. Энэ бол нийслэлийн МАН /МАХН/ өөрчлөлт, шинэчлэлтийг өөрөөсөө намын дотроосоо, НАШБ-уудаасаа эхлүүлж байсны нэг жишээ юм. Хотын намын хорооноос нийслэлд нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх зорилго бүхий "Эрчимжүүлэлт- 90” хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр нь хотын хүн амын орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээ, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг шинэчлэн тоноглох, өргөтгөх, хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, Хотын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, дэг журам зохион байгуулалтыг сайжруулах дөрвөн хөтөлбөр, материалын нөөцийг хэмнэлттэй зарцуулах "арвилан хэмнэлт”, бүтээгдэхүүний ажил үйлчилгээний чанарыг сайжруулах "чанар”, хотын хөдөлмөрийн нөөц ашиглалтыг сайжруулах, хот орчмын хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэд бүтцийг эрчимжүүлэх, орон сууц, ахуй үйлчилгээг хөгжүүлэх, хотын хүрээлэн буй орчин байгаль хамгаалах долоон дэд хөтөлбөрийг багтаасан цогц баримт бичиг байлаа. 1990 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд МАН /МАХН/ улс төр болон төрийн тогтолцоог боловсронгуй болгох, намын амьдралыг ардчилан шинэчлэх гэсэн бодлогын хоёр чиглэлийг хэрэгжүүлэх замаар оролцож, цаг үеийнхээ улс төрийн гол хүчин болохынхоо хувьд ардчилсан үйл явцыг залуурдан чиглүүлэх гол үүргийг гүйцэтгэсэн юм. Улаанбаатар хотын намын XXIY Бага хурлаар 1990 оны бүх шатны Ардын Хурлын депутатыг сонгох сонгуульд бэлтгэж оролцох бодлого зорилтоо тодорхойлж, АИХ-ын депутатуудын 84.6 хувь нь МАХН-аас сонгогдсоны 64.3 хувь нь Улаанбатар хотоос, хотын хурлын депутатуудын 57.3, дүүрэг, хорооны хурлын депутатуудын 61.5 хувь нь МАН-ын гишүүд болж байв. Ийнхүү хотын намын байгууллагаа шинэ төрийг эмхлэн зохион байгуулах ажилд эхнээс нь идэвх санаачилга, үр дүнтэй оролцов. 1990 онд Хотын намын хорооны V Бүгд хурлаар "Хотын намын хорооны үйл ажиллагаанд хийх дүгнэлт цаашид шинэчлэх зорилт”-ын тухай илтгэлийг хэлэлцэж, хотын намын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх тухай тогтоол гаргаж, районы намын хороодыг татан буулгаж, намын хороодын орон тоог 50 хувиар багасгах, намын ажлыг НАШБ, хөдөлмөрчин олон түмний гүнд төвлөрүүлж, улс төрийн тэмцэгчийн байр сууринаас ажиллуулах зорилтыг хэрэгжүүлсэн байна. 1991 онд хуралдсан хотын намын хорооны YII Бүгд хурлаар "Нутаг дэвсгэрээр ажиллахад хотын намын хорооны чиг бодлогын тухай” асуудлыг хэлэлцэж, НАШБ-ыг нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад шилжүүлэх ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулж, үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн чиглэлээр ажиллаж байсан анхан шатны 856 байгууллагыг нутаг дэвсгэрээр ажиллах 369 үүрт нэгтгэх нүсэр ажлыг хоёр сарын хугацаанд багтаан хийж байлаа. Энэ хугацаанд намын ажлыг шинэчлэх чиглэлд хийсэн олон ажлын нэг нь 1995 онд нийслэлийн МАН / МАХН/-ын хорооны залуу гишүүд, дэмжигчдийн чуулган байлаа. Мөн нийслэлийн намын хорооны дэргэд ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны салбарыг байгуулав . Ийнхүү шинэчлэлийг амжилттай хийснээр МАН 1990-2012 онд 22 жилийн турш нийслэлд парламентын засаглалыг хэрэгжүүлсэн нь Нийслэлийн МАН-ын байгууллагын шинэхэн үеийн түүхийн нэг томоохон амжилт байсан юм. МАН-ын түүхийн 90 жилийн алдаа оноо нийслэлийн намын байгууллагыг ч тойроогүйтэй адил Монгол Улсын нийслэлийн түүхийг нийслэлийн МАН-аас салгах аргагүй юм. Нийслэл Улаанбаатараа эсгий хотоос дэлхийн энтэй хотын хэмжээнд хүргэсэн хөгжлийн түүхийг бүтээсэн нийслэлийн МАН-ын Хороо олон мянган гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультныхаа дэмжлэгтэйгээр өнөөдөр ч гэсэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, үүрэг хариуцлага хүлээж, бүтээн байгуулалтыг өрнүүлсээр байна.

Б.Саруул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.