Өнөө жилийн наадмаар Н.Жаргалбаяр заан түрүүлнэ. Гэвч арслан цол авах нь эргэлзээтэй

1325

Өнөө жилийн наадмаар Н.Жаргалбаяр заан түрүүлнэ. Гэвч арслан цол авах нь эргэлзээтэйӨдийд чинь бөхийн гал энд тэндгүй гарчихсан, наадмын түрүү бөх хэн байх тухай яриа ид гаарч байдаг сан. Гэвч нэг л нам гүм, бөхчүүд нь гэж хулхи нь буучихсан хэдэн харчууд юун гал, бэлтгэл манатай байна. Бөхийн өргөө хэмээх шуналтай шунаг нөхдийн хэрүүл жатгын талбар болсон байшин, төрийн бүслэлтэд ороод царцсан барилга гэдэг шиг эзэнгүй хоосон.

Бөхчүүд нь болоод бөхийн холбоо нь хоёр хуваагдчихаад, хоёр талд сүрхий гэгч нь наадам хийгээд манаргаад байгаа. Баянаа, Сүхбат, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр аваргуудын талцал яг энэ байдлаараа сар гаруйхны дараа болох монгол төрийн наадмын өмнө шийдэгдэнэ гэж байхгүй. Тиймээс өнөө жилийн наадмын бөх тус тусдаа болох нь дамжиггүй биз ээ.

Манай сонины өчигдрийн дугаарт "Ерөнхийлөгчийн үзсэн наадамд улсын цол олгоно” гэж бичсэнчлэн Ерөнхийлөгчийг аль тал нь лоббидож өөрийнхөө наадамд байлгаж чадна, тэр талын бөхчүүд улсын цол хүртэх магадлалтай. Ийм л инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг нөхцөл байдал үүсчихээд байна. Наадмын бөхийн тухай ярихад мөн ч ярвигтай байна. Хоёр тусдаа барилдахаас гадна хэн хэн зодоглох бэ гэдэг асуудалтай. Учир нь Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин гээд их дээгүүр барилдах, магадгүй түрүү үзүүрт ч хүрч болох бөхчүүд допинг хэрэглэсэн нь батлагдсан. Тэд барилдах эрхгүй болно. Харин Баянаа, Сүхбат нарын үндэсний бөхийн холбооны барилдаанд Бат-Орших, Пүрэвсайхан нар барилдаж таарна байх .

Нямдорж, Данзан нарын гаргасан шийдвэрийг тэд хүчингүй гэж үзэх нь мэдээж. Мөн өнгөрсөн жилийн түрүү бөх улсын арслан Ц.Содномдорж, сүүлийн үед шуугиан тарьж барилдаж байгаа О.Хангай харцага нарыг бас допингийн асуудалтай гэж хардах хүмүүс байна. Тэднээс допинг илэрсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй учир зодоглож таарна. Содномдорж, Хангай нар аль талд зодоглох вэ гэдэг бас л сонирхолтой л асуулт мөн. Бат-Эрдэнэ аварга, Магалжав заан нарын үндэсний бөхийн холбооны барилдаанд зодоглоно биз дээ гэсэн горьдлого буй. Уйлган голын хүчит гурван аваргын барилдааныг албан ёсны гэгдэх Бат-Эрдэнэ аваргын тэргүүлж буй холбооноос зохион байгуулахад Содномдорж арслан, Хангай харцага гээд ид барилдаж байгаа залуучууд зодоглосон. Увсын нэг ч цолтой бөх домогт гурван аваргын барилдаанд "манай холбооны наадам биш ээ” гээд зодоглоогүй. Харин Увсын гаралтай ганц бөх байсан нь улсын заан Н.Жаргалбаяр юм.

Өнөө жилийн наадмын түрүү бөхийн тоонд зүй ёсоор нэр нь бичигдэж байгаа бөх бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр. Тэрээр "Увс нуур” бөхийн галд бэлтгэл сургуулилтаа базаадаг. Жаргалбаяр зааны хувьд маш сонин нөхцөл байдал үүсчихээд байна. Түүнийг Увс нутгийнхан өөрийнхөө бөхийн холбооны барилдаанд зодоглуулна гэж үзнэ. Д.Бумбаяр заан, Б.Ганбат арслан, Б.Гантогтох гарьд гээд "Увс нуур” дэвжээг удирдаж ирсэн өндөр цолтой ах нар, багш нар нь ятгах нь мэдээж. "Жагай, чи увс нуур дэвжээний бөх. Тийм болохоор Бат-Эрдэнэ аварга нарын эсрэг талын бөхийн холбооны наадамд зодоглож болохгүй. Чи өөрийнхөө наадамд зодоглох ёстой” гэж бараг л барим тавим хэлнэ. Яалт ч үгүй дэвжээний бөхчүүд, өндөр цолтой ах нар нь ингэж хэлэхэд түүнд эсэргүүцнэ гэдэг амаргүй. Аав нь ч "Миний хүү, домогт Баянаа аваргынхаа наадамд л зодоглодог юм шүү. Чи бол Увс нуур дэвжээний бөх гэдгээ мартах эрхгүй” гэх утгатай үгийг ч хэлж магад. Жаргалбаярын аав Увс аймгийн Тэс сумын унаган хүү, 1979 оны улсын наадамд Ө.Эрдэнэ-Очир арслангаар тав давж начин болж байсан нэгэн. Яалт ч үгүй таван Тэсийн хүчит бөхчүүдийн нэг. Хүүгээ монгол бөхийн өндөр цолонд хүрчих болов уу гэж Монголын ард түмний адил харж, хүлээж суугаа. Хүү нь төрийн наадмын түрүү үзүүрт ид яригдаж буй цагт бөхийн хуваагдал болж, хоёр тусдаа наадам хийх болсон нь харамсал халаглалыг дагуулж байгаа нь тодорхой.

Жаргалбаярын өсч төрсөн нутаг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум. Тэрээр төрсөн газраараа дуудуулж, түрүү жил өөрийн төрсөн нутгийн бөх, энэ цагийн хүчит аварга Г.Эрхэмбаяраар долоо давж заан цолны босго алхсан. Эрхэмээ аваргынхаа баруун мөрнөөс адис авч буй зураг тодхон байдаг. Сэлэнгэ нутгийнхан, түүнийг бөхийн дэвжээнд хөтөлсөн Өсөх-Ирээдүй харцага гээд олон бөхчүүд Жагаа зааныг өөрийнхөө наадамд барилдуулна гэж үзнэ. Үндсэндээ Увсын наадам буюу Баянаа аваргын тэргүүлээд байгаа бөхийн холбооныхны наадамд зодоглохыг нь огтоос зөвшөөрөхгүй. "Чи бол Сэлэнгэ аймагт төрсөн хүүхэд. Тухайн ус нутгаар овоглож, цоллуулж яваа. Тиймээс Эрхэмээ аваргаа дагаж, Өсөх-Ирээдүй багшаа дагаж, Санжаадамба, Пүрэвдагва, Гончигдамба нарын шилдэг хүчтэнүүдтэй хамт наадамдаа зодоглох болно” гэж шуудхан хэлнэ. Залуу заанд алиныг нь сонгох бэ гэдэг амаргүй сонголт тулж ирж байгаа. Аавыгаа сонгох уу, төрсөн газар нутаг, бөхийн дэвжээнд хөтөлсөн багш нараа сонгох уу гэдэг ацан шалаанд унана. Юун наадмын түрүү бодох, бэлтгэл сургуулилт бүх зүйл ярвигтай болж эхэлнэ. "Увс нуур” галынхан "Хэрэв чи манай холбооны наадамд барилдахгүй юм манайд галд...” гээд үг хэлэх ч байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Ийм л зовлонтой сонголт энэ жилийн наадамд хамгийн онцгой барилдах, ер нь бол түрүүлэх магадлал маш өндөр байгаа заанд тулгарчээ.

Н.Жаргалбаяр заан ямар чиг л байсан аль нэг наадамд зодоглоод түрүүлчихлээ гэж бодъё. Гэтэл түүнд улсын арслан цол авах асуудал мөн л эргэлзээтэй. Түүний зодоглоод түрүүлсэн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ирж үзээгүй бол хүчингүй наадам болно. Ингээд залуу зааны бүтэн жилийн хөдөлмөр талаар боллоо гэсэн үг. Уйлах ч хэцүү байдал үүсч мэдэх юм. Зөвхөн Жаргалбаяр гэлтгүй улсын цол горилж байгаа, цолоо ахиулахын төлөө зүтгэж байгаа, мөн найраа энээ тэрээд оролцоод тав, арван төгрөгтэй болчихыг бодож байгаа бөхчүүдэд хандаж хэлэхэд Ерөнхийлөгчийн үзсэн наадамд зодлоглохыг хичээх хэрэгтэй. Хамгийн зөв сонголт тэр болно. Нэг нөхөрт тавын даваанд буугаад өглөө гэж бодъё. Багагүй өндөр мөнгөний сураг сонсоод буулт хийнэ. Гэтэл тав давсан нөхөр нь улсын начин цол авч чадахгүй бол начин болсон хийгээд начин болгосон хоёр хоёулаа үр дүнгүй. Өгөө авааны асуудал, өнөө наймаа нь буцахад хүрнэ. Тэгэхээр бөхчүүд минь төрийн цол олгох наадамдаа л зодоглох л чухал болоод байна.

Холбооныхоо тэргүүнүүдэд "Ерөнхийлөгчийг л яаж ийгээд наадамдаа авчирах”-ыг ятгах чинь бөхийн бэлтгэлээс илүү амин чухал асуудал болжээ. Жаргалбаяр заан Асашёорюү аваргатай сүрхий дотно харагдаад байгаа. Өнөө жилийн цагаан сараар Аса аварга Жагаа зааныг дагуулчихсан айл хунар хэсч, бууз идэж яваагаа фэйсбүүкээр дамжуулж олон нийтэд цацсан. Сумогийн их аварга хүн Монголын төрт ёсны баяраар зүгээр нэг хүүхэд дагуулаад явахгүй нь мэдээж. Түүнийг монгол бөхийн ирээдүйн аварга гэж харж байгаа байх. Жагаа заан ч Аса аваргын итгэлийг алдахгүй байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрөгч хавар Асашёорюү аваргын зохион байгуулсан "Шинэ Өвөрхангай” төслийн нээлтийн барилдаанд Санжаадамба аварга тэргүүтэй энэ цагийн бүх л шилдгүүд зодоглоход Н.Жаргалбаяр заан Б.Гончигдамба гарьдтай үлдэж түрүүлсэн. Аса аваргынхаа хишиг өнөө олон сая төгрөгийн бай шагналыг нь хүртсэн. Их аварга бол дотроо Жагаадаа хайртай л байгаа. Энэ жилийн наадмын түрүүг хусчихаж мэднэ дээ гэж далдуурхан бодож л байгаа. Тэгэхээр Жаргалбаяр заан аавыгаа биш, дэвжээний багшаа ч биш ерөөсөө Аса аваргаа дагасан нь зөв. Гол нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж бол Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хамгийн ойр хүмүүсийн нэг. Жагаа дүүгийнхээ зодоглосон наадамд Ерөнхийлөгчийг залаад аваад ирж чадна. Тиймээс Аса аваргадаа л найд гэж хэлээд байгаа юм шүү. Жагаа заанаас гадна нөгөө л шуугианы эзэн болох Хангай дээгүүр барилдана. Эгзэг нь таарвал бүгдийг нь мушгиж хаяад түрүүлчихээд зогсож байхыг ч үгүйсгэхгүй. Хангайгийн хамгийн хатуу учраа нь нэг нутгийн, нэг дэвжээний бөх болох Б.Бат-Өлзий харцага. Өнөө жилийн цагаан сарын барилдаанд Бүрэнтөгс арслантай үлдэж түрүүлсэн Бат-Өлзийг наадмын түрүүгээр нэрлэж суугаа хүмүүс олон. Санжаадамба аварга маань тавын давааг гайгүй шиг давчихвал их шөвгийн дөрөвт зоолттой зогсож байна. Түүнд тавын даваа л хэцүү. Тэр жил заан цолтой ид байхдаа баараггүй түрүүлнэ хэмээн наадамчид харж суухад Дундговийн Пүрэвжав харцагыг тавын даваанд амлаж аваад хамгийн түрүүнд тахимаа өгч байсан. "Пүрэвжавыг авдаг нь яаж байгаа юм бэ, буруу ам авчихлаа” гээд хүмүүс өмнөөс нь харуусч байсан. Түрүү жил яалаа. Найдвартай түрүүлнэ гэж бодож байтал мөн л тавын даваанд Төв аймгийн Ганжад гэж нөхрийг амлаад "жадлуулчихсан”. Ганжадын тохой түрүүлж хүрч байгаа зураг өнгөрсөн жилийн наадмын гол дуулиан болсон. Тиймийн учир Санжаа аваргад тавын даваа хэцүү. Санжаа аварга Бүрэнтөгс арсланд амархан уначихаад байх болсон. Цагаан сарын барилдаанд их шөвөгт үлдээд яалт ч үгүй унасан. Харин энэ жилийн наадмаар Бүрэнтөгс арслантай таарна гэж айж түгшихийн хэрэггүй. Учир нь Бүрэнтөгс, Батсуурь нарын арслангууд Баянаа, Сүхбат нарын бөхийн холбооны барилдаанд зодоглох болов уу. Өнөө жилийн наадмын бөхийн барилдаан ийм л дүр зурагтай байна. Хоёр холбооны зүгээс наадам хүртэл ямар ч акц зохион байгуулахыг үнэндээ таашгүй ээ.

Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>