Ерөнхий сайд аа, Д.Гантулгын “ӨГЗӨГ” хэдэн төгрөгийн ханштай вэ

43

Ерөнхий сайд аа, Д.Гантулгын “ӨГЗӨГ” хэдэн төгрөгийн ханштай вэ-Д.Гантулга өөртөө санал өгөөд үлдчихдэг шившгийн парламент-

МАН хогийн ургамал, зэрлэг өвснөөсөө салж чадсангүй ээ. Тэд Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, монгол эмэгтэй хүмүүсийг чичлэн доромжиллоо.  Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх  эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Гэвч эцсийн дүндээ Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өөрийн хамтрагч нартайгаа нийлж  гэмт хэрэгтнийг хаацайлж, УИХ дахь ганцхан суудлын төлөө хүчирхийлэлд өртсөн мянга мянган бүсгүйчүүдэд "Хохь нь ээ” гээд хэлчихлээ.

Бүр бүхий л нотлох баримт, үйл явц Д.Гантулгын хийсэн хэргийг гэрчилж, Улсын прокурор хүртэл түүний гэм буруутай гэдгийг өөрийн биеэр өчиж, хохирогч бүсгүй нэр төр, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ дэнчин тавьж олноо бүхнийг өгүүлж байхад хүчирхийлэгчид нь хүчирхийлэгчээ төрийн нэрийг барьсан халхавчийн ард авч үлдлээ.

Тэгвэл энэ улсад хууль санаачлан, хэрэгжүүлэхийн хэрэг бий гэж үү. Төрд гарагсад нь ингэж чадал буурай эмс охидыг дээрэлхэн, зүй бусаар дур хүслээ хангаж, энэ талаараа Төрийн ордны индэр дээрээс хээв нэг мэдэгдэж байгаа нь шударга ёс байж таарах уу.

Харин УИХ дахь гишүүний суудлын төлөө МАН-ын харцуул өөрийг нь улайран хамгаалж авч үлдсэний дараа, олноо нэгэнт "бандааш” хэмээн адлагдах болсон Д.Гантулга "Юуны өмнө тодорхой зохион байгуулалттай, улс төрийн захиалгатай, захиалагчтай үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг дахин хэлье. Сүүлийн 11 сарын хугацаанд мөнгө төгрөг авсан, нэхсэн, зохион байгуулсан олон үйл ажиллагаа явлаа” гэж цовоо цойлгоноор мэдэгдчихээд явчихлаа. Яг л 2017 оны хавар Төрийн ордны улаан хивснээ зогсож байгаад "Тийм би хоноод явсан. Өглөө гарахдаа бандаашаа  өмсөөд гарсан” гэж "баатарлаг”-аар хэлж зогссонтойгоо эгээ адилхан юм ярив.

Тэгвэл Д.Гантулга хэний суганд хавчуулагдаж, бор халзан хонин сүргэн дундаа үлдсэн гэдгээ ухамсарлаж байгаа болов уу. Яг үнэндээ мань эр өөрийнхөө амаар "эд бол хүчирхийлэгчид” гээд зарлачихсан нутгийх нь ах нарынхаа буянд,  бүр цаашлаад Топоорын сүүдэрт тушаал горилж, засгаа унагаасан хоёрдугаар ээлжний хооллогсод, МАНАН-д нэгэнт ууссан итгэл эвдэгч нарын өргөсөн гарны ачаар УИХ-д үлдэж чадлаа.

Гэхдээ "бандааш” Гантулга үүрд энэ халхавчны цаана үлдэхгүй. Нэг ийм халдгадаа захирагдсан бор халзан төлөг авч үлдсэнийхээ үрийг МАН 2020 онд эдэлнэ. Уг нь эд нөхөд эрэлхэгээр нэг суудлаасаа хагацаж, монгол эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хамгаалж чадсан бол бүсгүй хүн бүр тэднийг дэмжиж, саналаа өгөх байсан боловч одоо МАН-д ийм нэр төр, хууль ёсны өрсөлдөөн үлдсэнгүй.

Яг үнэндээ дээр дурдсанчлан хүчирхийлэгчид нь хүчирхийлэгчээ л авч үлдсэн үйл явц өчигдөр болж Монголын ард түмэн жигшин зэвүүцэж УИХ-ыг яаралтай огцор гэж мэдэгдэж эхэллээ. Угтаа бол хүчиндэгчид хүчиндэгчээ хамгаалсан гэдгийг өчигдрийн үйл явдал харуулсан гэсэн үг. Тодруулбал, Д.Гантулга 2017 оны долоодугаар сарын 6-нд Төрийн ордонд мэдэгдэл хийхдээ "Анх 2000 онд Хэнтийгээс сонгогдсон 32 настай залуу У.Хүрэлсүхийг, дараа нь  2012 онд Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар  мөн ийм зохион байгууллалттай хэрэгт холбогдож байсан” гэж онцолсон.

Тэгвэл эмс охидыг айлгаж, ичээж, хүчирхийлдэг асуудал Хэнтийгээс сонгогдсон гэдэгт нь байна уу, эсвэл эдний төлөвшил, үзэл санаа, жендерийн байр сууринд нь байна уу. Эцсийн дүндээ тэд улаан махны хэрэгт холбогдож байснаа дурсан эмзэглэж, Д.Гантулгыгаа авч үлдэв үү.

Гэхдээ адагтаа хүрэхэд ялгаа бий гэж үү. Учир нь өнөөдөр Монголын төр, засагт шударга ёс, хууль эрхзүйгээс нэн түрүүнд тавигддаг ёс суртахуун, ёсзүйн өчүүхэн өнгө ч эс цухалзаж байна. Хэрвээ эд нөхөд гадны орны төрд байсан бол өдийд өөрийн ухамсраар ард түмнээсээ хүлцэл эрж, хуулийн байгууллагын шаардлагыг үг дуугүй биелүүлж, нэр төр, албан тушаалаасаа зүүгдэж чаргууцалдалгүй салах байсан.

Саяхан даа, Японы Засгийн газрын нэг гишүүн насанд хүрэгсдийн кино одтой хамт зургаа авахуулж, хөнгөмсөг дүр төрх гаргасныхаа төлөө толгой бөхийн уучлал гуйж, ажлаа шуудхан хүлээлгэн өгч байв. Харин манай УИХ-ын гишүүн гэр бүлээсээ гадуурх харилцаагаа ичиж, эмээлгүй дэлгэж, чадал дорой бүсгүй хүнийг хүчирхийлсэн гэдгийг нь ярьж цуураад эхэлмэгц "Намайг улстөрөөр намнаж байна” гэх мэтээр өөрийгөө тувтан өмөөрч, бараг л эхнэрээ араараа тавьсныгаа зөвтгөх юм билээ.

Хамгийн гол нь, прокурор түүнийг буруутай хэмээн үзэж буйгаа өчигдөр Төрийн ордонд шуудхан зарласан. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Эндээс ямар ч шийдвэр гарсан гэсэн прокурорын байгууллага энэ хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн бодолтой байгаа. Ингэж шийдүүлэхдээ УИХ-ын тухай хуулийн 34.7-д зааснаар албадан саатуулж цагдан хорихгүй, гэр орон, албан тасалгаанд нь нэгжлэг хийхгүйгээр бусад бүх хуульд заасан арга хэмжээг авч гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээр шийдүүлнэ. Энэ хоёр гишүүн хэрэв прокурор, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нэгэн саад учруулаад эхэлбэл тэр дор нь асуудлыг дахин оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль сахиулагчид УИХ-ын гишүүний "ариун” нэр төрийн өмнө хүчин мөхөстлөө.

Үүнийг дагаад Д.Гантулгын гэм буруутай нь бүр баталгаажиж байна. Хэрвээ мань өөрийнх нь хэлээд буй шиг гэмгүй, хэлмэгдсэн нэгэн юм бол ингэж ах нарынхаа араар орж, зугтааж гүйлгүйгээр бүрэн эрхээсээ татгалзаж, намынхаа нэр төрийг аварч, хуулийн байгууллагад шалгуулаад, тэгээд яриад байсанчлан буруугүй баатар болоод буцаж ирж болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Түүнд хуулийн байгууллагын хаалгыг татан орох зориг дутсан ба ийм шийдвэр гаргахгүй байх ноцтой шалтгаан бий гэдэг нь ойлгомжтой.

Тэгвэл Д.Гантулга аа, чамд эр хүний хувьд гэргий, бяцхан охин, нутаг усныхаа итгэлийг алдаж, нэр төрөө хормойн донгоор бузарласныхаа төлөө шударгаар уучлал эрэх сэтгэл байсангүй юу. Зориг биш юм аа гэхэд сэтгэл гаргаж чадсангүй юу.

Уншигч та бүхэн санаж буй бол, Ц.Сандуй гэх залуу, ирээдүйтэй улстөрч 2017 онд МАН-ын харласан алдар нэрийг өөртөө үүрч, бүх бурууг цор ганцаар нуруундаа тохоод, үүнийхээ төлөө ганц үгээр биеэ өмөөрөлгүй  бүхий л албан тушаалаасаа бууж чадсан нь түүнийг  хэн бэ. Хэн байсан бэ гэдгийг харуулсан.  Яг үнэндээ түүнийг олон нийт гэхээсээ илүүтээйгээр эрх мэдэл албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болсон МАН-ын хэсэг бүлэг залуус хийгээгүй  хэргийнх нь төлөө чичилж ард түмэнд зохион байгуулалтайгаар хар мэдээ тарааж эхэлсэн гэдгийг хүмүүс мэдэж эхэлсэн.  Гэвч яг үнэндээ Ц.Сандуйн буянаар МАН УИХ-ын сонгуулиар нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгийг учир мэдэх хүмүүс одоо ч ярьдаг. Харин худал хуурмаг арчигдан мартагдаж, үнэн мөн илрэн гарч ирдэг гэдгээр өнөөдөр Ц.Сандуйг муучлагсад учир байдлыг цагийн эрхэнд ойлгож байх шиг. Тиймээс л Улаан махны хэрэгт холбогдсон Д.Гантулгыг Ц.Сандуй шигээ улстөрийн соёл гаргаж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалза гэдгийг олон нийт олонтаа шаардсан ч тэрбээр тэгсэнгүй.

Ингээд харахад, Д.Гантулга аа нөгөөх "60 тэрбум”-ын Ц.Сандуй чиний хажууд эр хурга юм байна. Албан тушаалын хувьд Д:Гантулгаас толгой доогуур тэр эр хурга МАН-ыг болзошгүй намаг балчгаас нь яаж ийгээд гаргаж, өөрөө тэндээ шигдэж үлдсэн. Гэтэл энд нэг бор халзан төлөг "амттай өвс”-нөөсөө холдохгүй гэж түмний нүдэн дээр тийчлэх нь өрөвдөлтэй.

Гэхдээ ард түмэн тэнэг биш. Тиймээс МАН 2020 онд өөрсдөд нь ирэх золгүй тавиланд сэтгэлзүйгээ одооноос бэлдэх ёстой байх.

Erennews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.