Ерөнхий сайд Петербургийн форумд яагаад оролцоогүй вэ

117

Ерөнхий сайд Петербургийн форумд яагаад оролцоогүй вэ

 

Монгол Улс хоёр хөрштэй. Энэ хоёр хөрштэйгээ саахалт айлын санаа нэг гэдэг шиг арга эвээ олж зэрэгцэн орших учиртай. Маш торгон мэдрэмж, торгон тэнцвэр дээр бид оршдог. Үүнийг бид алдагдуулж болохгүй.

Гадаад харилцаа гэдэг найзындаа очино гэж амалчихаад  "Очиж амжихгүй нь, ажил гарлаа” гэж хүнээр хэлүүлэхээс арай өөр жишгээр явах учиртай биз. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайдын ОХУ-ын Санкт Петербургийн  эдийн засгийн форумд очих урилга тов иймэрхүү  янзаар замхарсан нь одоо ил болж байна.  Москвад суугаа элчин сайд Б.Дэлгэрмаагаас Ерөнхийлөгч болон ГХЯ-нд  нэгэн албан бичиг ирүүлсэн нь "гэрэл цохив”.

...Санкт-Петербургийн эдийн засгийн форум тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд болсон.  Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох байсан ч очоогүй. Үүнийг манай зарим хэвлэл мэдээллийнхэн  "Ерөнхий сайдын айлчлалыг ОХУ-ын Засгийн газар хойшлуулсан мэтээр  мэдээлсэн.  Үнэн хэрэгтээ ийм айлчлалын тов тогтоогүй, бас албан ёсоор зарлаагүй байсан билээ. Харин Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох урилга тов бол байсан. Тухайлбал Гадаад харилцааны яамны газрын дарга Ц.Мөнх-Өлзий 4 дүгээр сарын 30-нд энэ уулзалтад Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг зохион байгуулагч талд мэдэгдснээр үүнтэй холбоотой бэлтгэл ажил эхэлжээ.

Монголын талаас энэ чуулга уулзалттай зэрэгцүүлэн Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалыг зохион байгуулах саналыг хүргэж байсан ч тус улсын Еоөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Д.Медведевийн тэргүүлсэн Засгийн газар огцорсон, шинээр байгуулагдах Засгийн газар нь  төвхнөж амжаагүй зэрэг шалтгаанаар энэ айлчлалыг Монголын санал болгосон хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг ОХУ-ын талаас  манайд албан ёсоор мэдэгдсэн байдаг.  Санкт-Петербургийн эдийн засгийн форумаас өмнөхөн Д.Цогтбаатарыг  ОХУ-д айлчлах үеэр ч тус улсын ГХ-ийн сайд С.Лавров ч энэ талаар тодорхой хариу өгчээ.

Харин Петербургийн Эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайдыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах  ажлыг зохион байгуулснаар мөн сарын 15-нд уулзалт болох тухай манайд мэдэгдсэн байжээ. 

Уг нь Санкт-Петербургийн эдийн засгийн форум бол ОХУ-ын зохион байгуулдаг олон улсын чанартай хоёр томоохон арга хэмжээний нэг бөгөөд манай Ерөнхий сайд нар тасралтгүй оролцсоор иржээ. Харамсалтай нь энэ уламжлал энэ жил тасарлаа.

ОХУ-ын  зүгээс Монгол Улсыг энэ форумд оролцуулахдаа тодорхой хэмжээний хөнгөлөлт  дэмжлэг үзүүлж, бэлтгэл ажлыг хангаж байжээ. Тухайлбал, манай төлөөлөгч нарт зориулсан уулзалтын өрөөний төлбөр 4,5 сая рублээс чөлөөлж үнэ төлбөргүй болгосноос гадна Монголын 51 төлөөлөгчид зориулсан бэйжийн үнийг /Нэг төлөөлөгч 4500 ам.доллар/ бүрэн чөлөөлж өгсөн байжээ. Мэдээж, үүнд манай ЭСЯ-ны хичээл зүтгэл байсан ч орос нөхдийн монголчуудад хандсан дэмжлэг байв.  

Гэвч манай Ерөнхий сайд энэ уулзалтад очсонгүй. Энэ бол хөршийнхөө зохион байгуулж буй олон улсын уламжлалт арга хэмжээнд хүндэтгэлгүй хандсан, улс төрийн мэдрэмж, соёлгүй явдал байв. Хамгийн харамсалтай нь уулзалтад оролцохоо мэдэгдэж, баахан бэлтгэл ажил болсны эцэст бараг урд орой нь  шахуу Ерөнхий сайд уулзалтад очихгүй, үүнийг эвтэйхэн байдлаар ойлгуулчихаарай гэсэн тоомжиргүй хандлагыг ГХЯ-ны зүгээс илэрхийлсэн байх юм.

Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сарын 18-ны 16 цагт Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасараас "Ерөнхий сайд Петербургийн уулзалтад оролцохгүй болсныг Оросын талд эвтэй  байдлаар мэдэгдэх тухай” цахим тоотыг  Элчин сайд Б.Дэлгэрмаад илгээжээ.  Элчин сайд Б.Дэлгэрмаагаас Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яаманд ирүүлсэн албан бичигт "Монгол Улсын Ерөнхий сайдыг Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхуулах, чуулга уулзалтад оролцуулах бүх бэлтгэл ажлыг хангаад байсан эцсийн мөчид Ерөнхий сайд оролцохгүй болсныг айлын талд мэдэгдэх  чиглэлийг  тус ЭСЯ-нд тодорхой тайлбаргүйгээр Хөрш орнуудын газрын дэд захирлын түвшинд ирүүлснийг  ОХУ-ын тал тааламжгүйгээр хүлээж авч байна” гэдгийг  дурджээ.

Ерөнхий сайд энэ уулзалтад  оролцохгүй гэдгийг анх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийг нь Москвагаас үдэж өгч байсан ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч дарга В.А.Калинанд мэдэгджээ. Зүгээр нэг ийм аман мэдээлэлд ОХУ-ын талаас энэ тухай албан ноотоор мэдэгдэхийг Москвад байгаа манай ЭСЯ-наас шаардаж байжээ.  Гэтэл манай ГХЯ газрын дэд  даргын хэмжээнд шалтаг шалтгаан нь тодорхойгүй цахим тоотыг Элчин сайддаа илгээсэн төдийгөөр улс хоорондын харилцааг "аргацаажээ".

Ингэж л манай дипломат албаныхан хойд хөршийнхөө  хүсэлтэд тоомжиргүй, хүндэтгэлгүй ханджээ. Ёс ёмбогор гэдэг чинь ийм юманд л хамгаас түрүүнд мэдрэгдэж харагдаж байх учиртай биш гэж үү. 

Монголчуудын ярьдагаар ир гэхэд шагайж, ид гэхэд нь үнэрлэв гэгч л болоод өнгөрсөн бололтой.

Москвад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн энэ талаар Ерөнхийлөгчид ирүүлсэн албан бичгийг хүргэж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.