ШХАБ-ыг орлого гэж харвал

530

ШХАБ-ыг орлого гэж харвалМонголын эдийн засгийн чуулганы үеэр төр бодлогоо танилцуулж, харин хувийн хэвшлийнхэн, эдийн засагчид, судлаач эрдэмтэд, цөөн ч гэсэн гадаадын хөрөнгө оруулагчид нүүр нүүрээ харан асуудлаа ярилцдаг.

Энэ жилийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статусаа ахиулах тухай байр сууриа илэрхийлсэн нь цаашдын эдийн засгийн түншлэлийн талаарх байр суурь байсан юм. Тэрбээр "Биднээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм. Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно” гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхдээ "Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон” гэж байв.

Харин ОХУ-д ажиллаж буй УИХ-ын дарга М.Энхболд "Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна” гэжээ.   Ийнхүү ШХАБ-д элсэх асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа бол ахмад дипломатчид, салбар бүрийн судлаачдын дунд геополитик, эдийн засгийн чиглэлээр мэлтгэлцээн өрнүүлэх болов. Тиймээс ШХАБ-ыг цэргийн эвсэл бус  тоон утгаар  нь илэрхийлэхийг зорьё. 

Дэлхийн хамгийн том хэрэглэгч
ШХАБ-ын гишүүн орнуудын ДНБ 2016 онд 17 их наяд ам.доллараар хэмжигдэж байв. Энэ нь дэлхийн нийт эдийн засгийг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ бөгөөд үүний 11.9 их наяд ам.доллар нь БНХАУ, 1.47 их ам.доллар ОХУ-д ногджээ. Харин Монгол Улсын эдийн засаг ердөө 12 тэрбум ам.доллараар хэмжигддэг гэвэл дээрхийн дусал нь гэсэн үг. Тэгэхээр ШХАБ-ын их мөнгөний хоёр урсгалын голд байрлалтай манай улсын хувьд зөв бодлого, зөв түншлэл явуулж чадвал баталгаат орлого гэж харж болохоор. Тухайлбал, Монгол Улс 2017 онд гадаад орнуудтай хийсэн 10 тэрбум ам.долларын   63 хувь нь БНХАУ-тай хийсэн эргэлт эзэлж байна. Үүнээс экспортыг задлаад харвал, БНХАУ-д хийсэн экспорт нийт экспортын 87.8 хувийг эзэлж байгаа бөгөөд манай түүхий эдийн эдийн гол импорлогч бол БНХАУ. Манайх Хятадтай хийх худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа. Харин ОХУ-тай хийсэн худалдаа 2017 онд 38 хувиар өсч 1.2 тэрбумд хүрсэн. Үүний дийлэнхийг ОХУ-аас худалдаж авдаг стратегийн бүтээтэгдэхүүн шатахуун түлш эзэлж буй.  Үндсэндээ ШХАБ-ын хоёр лидерээс манай эдийн засаг шууд хараат гэж ойлгож болно. Дээр нь  ДНБ-ий хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг БНХАУ, 13-т бичигдэж байгаа нь ОХУ. Дэлхийн ДНБ-ий худалдан авах чадварын үзүүлэлт 2016 онд 108.7 их наяд ам.долларт хүрсэн аж. Үүний 20.24 хувь буюу 22 их наяд ам.доллар нь ШХАБ-д ногджээ. Нөгөө талаар ШХАБ-ыг хэрэглэгч гэж харвал, дэлхийн 7.4 тэрбум хүн амын тал хувь нь ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын иргэд. Энэтхэг, Хятад тус тус тэрбум гаруй хүнтэй бол Орос багадаа 150 хүнтэй. Бид хоёр аварга зах зээлтэй хөрштэй зэргэлдээ оршдог. Тэдний цаана Энэтхэгээс гадна станы улсууд бий.  

Дэлхийн хамгийн өргөн газар нутгийн нэгдэл
ШХАБ нь ажиглагч орнуудынхаа хамт Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн газар нутгийг эзэлж, Евразийн эх газрын талаас хавьгүй илүү хувийг эзэлж  буй дэлхийн нөлөө бүхий эвсэл болгож байна. Тиймээс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар яригдаж байгаа өнөө үед Азийн гуравдагч хөршүүд болон Европт хүрэх үүд байж мэднэ. Бас бид өөрсдөө Евразийг холбосон хамгийн том гүүр болох боломжтой. Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг 2014 онд Душанбед, 2015 онд  Уфад  хийж, улмаар 2016 онд Ташкент хотноо  Монгол-Орос-Хятадыг дамнасан "Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 32 төслийн 10 гаруйн зам тээврийн дэд бүтцийн төслүүд юм. Зах зухаас нь дурдахад, Замын-Үүдээс улсын хойд хил хүртэлх одоогийн төмөр замыг шинэчлэх хөтөлбөр багтсан. Энэ замаар дамжин өнгөрч буй тээвэр 10 сая тоннд хүрвэл орлого хоёр дахин өснө. 40 саяд хүрвэл, "Эрдэнэт үйлдвэр”-ийн өгөөжтэй тэнцэх орлого олно. Харин 80-90 сая тоннд хүрвэл дахиад нэг Оюутолгойтой болно гэдгийг салбарынхан хэлдэг. "Эдийн засгийн коридор”-ын хүрээнд төмөр замын ачаа тээвэрлэлтийг жилд 100 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Ингэснээр Монгол Улс дан ганц газрын баялгаараа амьдрах бус тээврийн салбараас мега төслийн хэмжээний орлого олох боломжтой. Мөн төмөр замын Хойд коридор буюу Эрдэнэт, Овоотоор ОХУ-ын Кызыл чиглэл, Улаанбаатарыг тойрсон Богд хан төмөрзам, Хөөтөөс Бичигтийн боомт хүрэх төмөр замын  төслийг эхний ээлжид хэрэгжүүлэхийг ажлын хэсгийн хүрээнд тохиролцсон байдаг. Эдгээр төсөл ажил хэрэг болж чадахгүй бол Евразийн хуурай замын бүх ачаа тээвэр Казахстанаар дамжих зураг гараад буй. ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийг  2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа юм. Бээжин хотноо 2003 онд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нар эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны 2020 он хүртэлх хөтөлбөрийг баталсан. Ойрын ирээдүйд бараа эргэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны ирээдүйд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилт дэвшүүлсэн байв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нислэгийн зам болон төмөр замын шугамуудыг бий болгох санаачилга гаргаад буй.    

Төв Азийн хамгийн том хөрөнгө оруулагч
ШХАБ-ын бас нэг тэргүүлэх чиглэл нь санхүүгийн салбарын хамтын ажиллагаа юм. Үүний хүрээнд Хөгжлийн банк, Хөгжлийн санг байгуулсан. Хөгжлийн банк байгуулах санаачилгыг Хятад 2010 онд гаргасан юм. Улс хоорондын дэд бүтцийн төслүүдийг энэ банк санхүүжүүлэх бөгөөд Владимир Путин 2013 онд санал болгожээ. 2015 онд байгууллагын банк хоорондын нэгдлийн бааз дээр Төслийн санхүүжилтийн олон улсын төвийг байгуулахаар шийдсэн байна. 
Мэдээж, ШХАБ-ын хамгийн том хөрөнгө оруулагч нь БНХАУ. 1990-ээд оны эцэс гэхэд Хятадын зүгээс төв Азийн орнуудад оруулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум орчим ам.доллараас хэтрэхгүй байсан бөгөөд зөвхөн нефть, хийн салбарт оруулах төдийгөөр хязгаарлаж байсан аж. Тэгвэл энэ цаг үеэс хойш арван жил өнгөрөхөд Хятадын тус бүс нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ шууд л 30 дахин өссөн байдаг. Тэр дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэс БНХАУ төв Азийн бүс нутагт санхүүжилтийн гол эх булаг нь болсоор ирсэн Орос, АНУ, Европын орнууд дотоодын төсөв санхүүгийн асуудлуудаасаа болж нөлөөллөө багасгасан нь Хятадад орон зайг нь эзлэх том боломжийг олгосон юм. Төв Азийн  орнуудаас  Бээжинд Казахстанд  хамгийн их хөрөнгө оруулжээ. 2009 онд  Казахстанд 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг олгосон байдаг. Харин хариуд нь  Казахстаны үндэсний хэмжээний томоохон компани болох "РД Каз Мунай Газ”-ийн 11 хувийг эзэмших болсон байна. Гэтэл манайх Оюутолгойн 66 хувиа дөрвөн тэрбум ам.доллараар эзэмшүүлчихсэн. Мөн Казахстанаас Хятад руу нийлүүлж байгаа нефтийн хэмжээг жилдээ 20 сая тонн болгон нэмэгдүүлж чаджээ.Тэгвэл 2010 онд  Казахстанд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж улмаар тус улсын нефть олборлолтын 22.5 хувийг хятадын компаниуд гартаа авч чадсан байна. Хятадын компаниудын олборлолт явуулж, оролцоогоо нэмэгдүүлчихээд байгаа Казахстаны томоохон ордуудад Актюбинскийн болон Карагандын муж дахь ирээдүйтэй, ихээхэн нөөцтэй хэд хэдэн томоохон ордууд багтаж байгаа гэнэ. Казахстан руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2007 онд 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2010 оны байдлаар 10 тэрбум ам.долларт хүрчээ. Киргизстанд Хятадын  хөрөнгө оруулалт 1.7 тэрбум ам.долларт хүрч, тус улсын зам харилцаа дэд бүтцийн байгуулалт зэрэг эдийн засгийн хөгжлийн гол салбаруудыг хамрах болжээ.  

Х.Баттулга:  Шийдлийг холоос хайх хэрэггүй
Монгол Улс 14 жил ШХАБ-д ажиглагчаар явсан ирсэн бөгөөд Монголыг жинхэнэ гишүүн болгох яриа 2014 оноос эхэлсэн.  Энэ хугацаанд  Энэтхэг, Пакистан тус байгууллагад жинхэлсэн бөгөөд ингэснээр тус байгууллагын цар хүрээ улам өргөжсөн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга  Монголын эдийн засгийн чуулганы үеэр "Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна. Шийдлийг холоос хайх хэрэггүй юм.  Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй.  Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европын холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евразийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм” гэсэн нь дээрх тоонуудтай холбоотой болов уу.
Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн нийгмийн сонгож, олон улсад үүдээ нээсэн. Түүнээс хойш мөнхийн хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай явж, гуравдагч хөршийн бодлогыг тууштай  баримталж ирсэн юм. Улмаар Ази, Америк, Европын тивийн  олон улсуудтай эдийн засгийн харилцаанд орж, төдий чинээгээрээ гадаадын хөрөнгө оруулалт татаж чадсан. Тэгвэл өнөөдөр бүс нутгийн интеграцид нэгдэх үү, эсвэл төвийг сахих бодлого үргэлжлүүлэн тууштай баримтлах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Ямартай ч Монгол Улс олон улсын байгууллагад нэгдэн орох асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцээд, УИХ эцсийн шийдийг гаргах учиртай. Аливаа улс, үндэстэнд мөнхийн дайсан гэж үгүй, бас мөнхийн нөхөр гэж ч үгүй, харин мөнхийн ашиг сонирхол л гэж бий.

Үндэсний шуудан сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>