Одоо Д.Мурат ҮЛДЛЭЭ

103

 

Монголын парламентад нүүрлэсэн ор хөнжлийн асуудлын нэг нь цэгцрэх нь. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэрбээр улс төрийн золиос болсноо хэлээд үнэн гэж байдаг бол гэм буруугүй гэдгээ нотлохоо мэдэгдэв. Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэхчлэнгээр гурван ч хүүхэнтэй нэр холбогдож, дотуур хувцасны хочтой болтлоо гүрийсэн Д.Гантулгыг МАН-ынхан авч үлдсэн. Ерөнхий прокурорын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг унагаж, улалзан байж авч үлдсэн хүн нь өнөөдөр хувь хүний шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүний суудлаа чөлөөлж буйгаа илэрхийлэв.

 

Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл цацагдаж, явсаар УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдсон. Энэ тухай тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийж, гал дээр тос нэмснээр "Бандааш” хочтой болсон. Зүй ёсоор бол энэ хэрэгт холбогдсон тэр үедээ л УИХ-ын гишүүнээс татгалзаж, одоо хэлж буй үнэн мөнийхөө хойноос явах байв. Гэвч тэр парламентын танхимд бүтэн жил бүгсэн ч нэр  муу нэрнээс салсангүй. Эцэст нь УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх нэрээ "Бандааш” хочоор солиод суудлаасаа буулаа.

 

 

Харин одоо УИХ-ын гишүүн Д.Мурат үлдэв. Түүнд ч ёс суртахуун байдаг бол Д.Гантулгын араас өргөдлөө өгөх ёстой. Учир нь тэр Монголын парламентыг ор хөнжлийн явдалтай хутгалдуулсан муу нэртнүүдийн нэг. Мэдээж, гэм бурууг шүүх тогтоож, шударга ёсыг хангана. Шударга байдлыг бол хувь хүн, УИХ тогтоох ёстой. Гэвч УИХ шударга байдлыг тогтоож чадаагүй. АН-ынхан эрх баригчидтай тохироо хийн байж, мөн л ерөнхий прокурорын саналыг унагааж, Д.Муратыг авч үлдсэн. Тэгвэл одоо Д.Мурат гэх хувь хүн шударга байдлыг үзүүлж, ижил нөхцөл байдалтай Д.Гантулгын араас явах уу гэдгийг харах л үлдэж байна. Хэрвээ тэр хүнд ёс суртахуун гэж байдаг бол өргөдлөө өгөөд, нөгөө үнэнийхээ араас явах учиртай.

 

Бид гадны жишээ татах дуртай. Гадны парламент тэр дундаа Япон, Солонгосын төрийн эрх мэдэлтнүүд өчүүхэн гэхгүй үйлдэл бүртээ бөхөлзөн уучлал эрж, суудлаасаа буудаг. Үүрэг, хариуцлага, нэр хүнд, төрөө эрхэмлэдгийн бодит илрэл нь тэр. Харин манайхан хэдий чинээ хүнд асуудалд хутгалдана төдий чинээ төрд шургалдаг. Бүрэн эрх, халдашгүй байдал гэх мэтээр халхавч хийж, ичих нүүргүй суудалдаа шигддэг. Тиймдээ ч Монголын парламент түүхэндээ анх удаа ор хөнжлийн асуудлыг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, хэргийн эздийг эрээ цээргүйгээр авч үлдсэн. Хэрэв, ёсзүй, ёс суртахуун нэр төр гэж байдаг бол асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хүртэл хүндрүүлэх шаардлагагүй.

 

Ямартай ч эрх баригчид хүч далайлган авч үлдсэн хүн нь өргөдлөө өглөө, улс төрийн хүрээнд ямар тохироо хийснийг таахад бэрх. Өргөдлөө өгсөн нь өнөөдөртөө чухал асуудал. Харин одоо Д.Муратыг харах үлдлээ. Тэр өргөдлөө өгөөд, өөрөө явах болов уу.

 

Б.Учрал

 
Shuud.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.