Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу?

66
 
Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу?Монгол гэдэг айл шандаст хүлэг, эр бяр, цэц мэргэн хэмээх гурван чухал хүчиндээ дулдуйдан оршин тогтнож иржээ.
Монголчуудыг хүлэг морь, хүчит эрс, цэцэн харвагчид үгүйгээр сэтгэшгүй юм. Энэ гурван хүчээ бахдан биширч, жил болгон бүх нийтээрээ "Эрийн гурван наадам" хийж морь уралдуулан бөх барилдуулж, сур харван улам хөгжүүлсээр үндэсний спортын их баяр цэнгүүн болгон тэмдэглэж заншжээ. Уралдах, барилдах, харвах нь нэн эртний уламжлалтай агаад магадгүй дэлхийн хамгийн ууган спорт ч байж мэднэ. Монгол бөх бол эрийн хийморь золбоо, бат чийрэг бие бялдар, ханхар цээж, булчин шөрмөс, хэлбэр галбирыг гайхуулсан харууштай үзүүштэй сүрлэг жавхаалаг хүмүүс билээ. Өмсдөг зодог шуудаг нь гэхэд Монголоос өөр хаана ч байхгүй өвөрмөц, биендээ болон барилдахад яг тохирсон ялан бадрахын ягаан, мөнх тэнгэрийн номин цэнхэр өнгө бэлгэдсэн содон урлаг юм.
Малгай нь гэхэд сүмбэр оргилыг санагдуулна. Гутал нь тусгай тоногтой, дэгээ орооход тохирсон ээтэн хоншоортой. Уран мэх, барилдаанаараа Монгол хүн хэнээс ч дутдаггүй. Хүч тэнхээгээрээ олон саяын дотор хэр дээгүүр ордог нь олимп, дэлхийн тэмцээнээс харагддаг, сүмо барилдаанаас  ч ойлгогддог. Монгол барилдаанд өвдөг, тохой түрүүлж шороодсоныг унасанд тооцдог номтой. Үүнээс гадна олон онцлог бий. Тэр бүгдийг монгол онцлог гэж дөвийлгөөд байх нь хаашаа ч юм бэ. Заримыг нь халах цаг болсон мэт санагдана. Ард түмэн "барилдахаасаа таахалзах нь" гэж монгол барилдааныхаа зарим сул талыг шүүмжилж иржээ. Дэвэх, шавах, өрөхийг өөлөх юм алга. Гэвч одоо хүртэл барилдахаасаа эссэн таахалзсаар байгаад цаг хугацаа иддэг бөх цөөрөөгүй олширсон байна. 30, 40 минутын турш барилдахгүй нэг нь нөгөөгөө хөөгөөд явдаг, барилцсан ч бие биенээ отоод, зуураад зогсчихдог бөхчүүд үзэгчдийг үнэхээр залхаан чилээж ирэв. Даваа болгонд олон бөх зэрэг гарч барилддаг тулдаа л үзэгчид тэсвэрлэж сууна. Цаг, тооцоо хатуу баримталдаг гадаадын нэг хүн сүүлчийн найман бөхийн барилдааныг яс үзэхээр зоригложээ гэж бодъё. Барилдаан барагцаалсан хугацаанаасаа тус бүр 30 мин хэтэрвэл 210 мин буюу 3.5 цаг гарздана. Эдгээр барилдааныг 5000 хүн үзвэл нийлбэр дүнгээрээ 729 өдөртэй тэнцэх хугацаа үрэгдэж байна. Үүнийг үйлдвэрлэлд ашиглавал ямар их зүйл бүтээх нь ойлгомжтой. Үүнээс  улбаалан гурван зүйл санал хэлье.
1. Монгол бөхөө гадаадын жишгээр шуурхай барилдуулдаг болгомоор байна. Энэ талаараа бид дэндүү хоцорч явна. Хоёр дайсан хоорондоо халз тулгарлаа гэж бодоход нэг нь нөгөөдөө монгол барилдаан шиг амс хийх чөлөө зав олгох уу. Эцсээ хүртэл тулалдана шүү дээ. Түүн шиг өрсөн хоёр бөх засуул дохио өгмөгц барилдан тулалдаж мөн дохиогоор завсарлаж, дахин өрж барилдан хаях, унахаа түргэн хугацаанд шийдэж заншмаар байна. Хэдий болтол бөхчүүд бие биеийнхээ аясыг харж, алмай, найрсаг байдлаар барилдах ёстой юм бэ. Монгол барилдаанд дассан зарим нь бусад барилдаанд алмайрч их алдаж гэнэдэж байна шүү дээ. Монгол барилдаан хэдийгээр өөр ёс дэгтэй ч бусад барилдаанаас суралцаж баяжуулах юм их байна. Тэгвэл алсдаа Монголд л ашигтай юм.
2. Давсан бөх болгон барилдсан хөлстэй, шархтай, цустай гараараа боорцог тосч аваад үзэгч олон руу шидэж цацан хаядаг дивангарын бүдүүлэг гэхэд дэндүү хоцрогдлоосоо бүр мөсөн татгалзмаар байна. Хэнд юунд ашигтай юм бэ. Ажил дээр ажил, зардал дээр зардал нэмэгдэх төдийгүй өвчин эмгэг халдааж ч мэднэ. Газар унасан боорцгийг зарим нь түүж аваад идэж байгаа харагдах юм. Тэднийг харсан гадаадынхан толгой сэгсэрч сууна. Өөрсдийгөө сурталчлах гэсэн биш өөдгүйгээ л харийнханд харуулж байна шүү дээ. Боорцог цацах нь соёл уу, сүсэг үү, элийрэл үү, ухаарал уу гэдэг нь тов тодорхой. Муу муухайгаа ямагт өнгөлөн далдалж, гаднаа гяланцаг явдаг нэрэлхүү монгол бидэнд бол боорцог шидэх нь ёстой ичгүүр баймаар юм. Өчүүхэн зүйлээр эрүүл мэнд, энэ улсынхаа нэр нүүрийг хөөдөж байна шүү. Энэ үе чинь XIX биш XXI зуун шүү дээ.
3. Тусгаар тогтносон гэх улс маань төрийнхөө наадмыг монгол хэлээрээ ерөөж, мялааж ариусгахын оронд түвд уншлагаар орлуулж ирсэн, энэ жил яадаг юм бол, харж л байя. Тэглээ гээд төр улс маань 28 жил дэлхийн сүүл мушгиж ирлээ. Одоо бүр энэ тогтолцоогоороо байж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна. Ажилгүйдэл, ядуурал замаа алдаж, аль бузар булай хэрэг төвөг, өвчин зовлон Монголд нүүрлээд удлаа. Шашин улс орны нүгэл хилэнцийг нимгэлэв үү, үгүй ээ. Унаач хүүхдүүд осолдох нь нэмэгдэв үү гэхээс цөөрсөнгүй. Харин сүм хийд, лам нарын тоо л талийсан байна. Даншиг хэмээх шашны зан үйл их давтагддаг боллоо. Шашин төр хоёр хутгалдсан энэ мэт үр дүнгүй арга хэмжээг бүр мөсөн зогсоомоор байна. Шунал нь шулам болсон тэнгэр нэртэй тийрэнгүүд хэзээнээс нааш бөхчүүдийн дунд яс хаясаар ирсэн бол одоо бүр бүсчлэн хуваах дээрээ тулаад байна. Бөхийн өргөө бүгдийн өмч биш талцсан шартангуудын бах тавыг хангагч хувийн дэвжээ болж хувирах хэрэг үү. Монголд хуваагдаж задраагүй бүтнээрээ үлдсэн юм байна уу. "Их эв эе" хүртэл хов живийн бай болон задрах бололтой.
 
Г.ДАЛАНТАЙ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.