МАХН 42 дугаар тойрогт хэнийг илгээх вэ?

62
 
МАХН 42 дугаар тойрогт хэнийг илгээх вэ?Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон энэ парламентын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулгын чөлөөлөгдөх, хүсэлтийг энэ сарын 14-ны чуулганы хуралдаанаар УИХ дэмжсэн. Ийн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон юм. Түүнчлэн Д.Гантулгын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар  болсон тул УИХ-ын тухай хуульд зааснаар эзэнгүй үлдсэн суудалд нөхөн сонгууль явуулах эрхзүйн орчин бүрдсэн. 
Өмнөх парламентын үед өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байсан. Тэрбээр УИХ-д жагсаалтаар орж ирсэн тул түүний оронд жагсаалтын эхэнд байсан Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн билээ. Харин энэ удаад бол дээрх тойргийн сонгогчид төлөөллийн гишүүнээ УИХ-ын нөхөн сонгуулиар сонгох "номтой”.
Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар товлон зарладаг. Уг хуульд "Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлана" хэмээн тусгасан байдаг. Харин УИХ энэ асуудлаар өчигдрийг хүртэл ямар нэг мэдээлэл хийгээгүй л байна. Гэлээ ч УИХ-д суудалтай намууд нөхөн сонгуулийн тойрог руу хэнийг илгээхээ аль хэдийн яриад эхэлсэн. Тэр дундаа УИХ-д ганц л суудалтай хэрнээ тухайн гишүүнтэйгээ таагүй уур амьсгалтай байгаа МАХН-ын хувьд 42 дугаар тойрог "нээлттэй хаалга" байж мэднэ.
Тус намд АН, МАН-ын нэр дэвшигчидтэй ана, мана үзэлцээд илүү тооны санал авах боломжтой хоёр эрхэм бий. Тэдний нэг нь төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж явсан, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Хэнтий аймагт бусад нэр дэвшигчээс нь хамгийн өндөр санал авч байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Харин нөгөө эрхэм нь өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, нийт санал өгсөн сонгогчдын 409 мянга 899 саналыг цуглуулсан тус намын дэд дарга С.Ганбаатар юм.
 
Н.Энхбаярын хувьд өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгууль өөрийгөө "уях" сонирхол байсан. Гэвч тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учир нэр дэвших боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Ийн тэрбээр "Б төлөвлөгөө”-ндөө шилжиж өөрийн намаас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн. Түүнчлэн сонгуулийн үеэр намын даргын хувиар нэр дэвшигчтэйгээ хамт аймаг орон нутгаар явж, дээрх тооны санал авахад нь багагүй дэмжлэг үзүүлсэн.
Харин өмнөх парламентад бие дааж нэр дэвшээд сонгогдсон, тухайн дөрвөн жилээ улстөрчдийг рейтингээр тэргүүлж байсан, "Босоо” гэгдэх С.Ганбаатар 2016 оны нэгдүгээр сард Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдсон билээ. Ийн "2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна’’ хэмээн ам гарч байсан тэрбээр сүүлдээ намын статус ч үгүй хоцорч, тухайн жилдээ УИХ-ын сонгуульд ялагдаж хэсэгтээ л нам жим болсон. Энэ цаг үед "гуравдугаарх” түүнд их итгэлээ хайрлаж, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Ингэхдээ Орхон аймгаас тус намын цор ганц суудлыг авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн эсэргүүцлийг үл хайхран, өөрийнхөөрөө зүтгэсэн.
Үүнээс гадна "Сантмарал” сангаас сүүлд хийсэн судалгаагаар дээрх хоёр эрхэм өндөр рейтингтэй гарсан. Тодруулбал, нийслэл болон 21 аймгийн иргэдийн дунд түүврийн аргаар хийсэн дээрх судалгааны улс, эх орны хэмжээний шилдэг улс төрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8 хувийн саналаар хоёр, гуравдугаар байрт орсон.
Ямартай ч энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаяр өнгөрсөн жилийнх шиг ээ С.Ганбаатарыг "уях” уу эсвэл С.Ганбаатар ачийг нь хариулж намын даргаа тийш нь илгээх үү гэсэн сонирхолтой нөхцөл байдал үүсэж байна.
 
 
Б.Билгүүн
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.