Ц.ОТГОНБОЛД: ЭНЭ ИХ УЙ ГАШУУТАЙ БАЙГАА ҮЕД ААВЫГ НЬ АРХИЧИН ГЭЖ ХЭЛЭЭД БҮР “АЛЖ” БАЙНА

586

Ц.ОТГОНБОЛД: ЭНЭ ИХ УЙ ГАШУУТАЙ БАЙГАА ҮЕД ААВЫГ НЬ АРХИЧИН ГЭЖ ХЭЛЭЭД БҮР “АЛЖ” БАЙНА

 

Томчуудын буруутай үйлдлээс болж 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хаалганы төмрөнд цохиулж амиа алдсан явдалд үр хүүхэдтэй хүн бүр эмгэнэн гашуудаж байна.

Хүүгийн ар гэрийнхэн нь бүр хэцүү, уй гашуутай байгаа билээ. Аавынх нь ухаан санаа уймарч орж гарч байгаа талаар ч ярьж байна.

Талийгаач хүүгийн авга ах Ц.Отгонболд хоолой зангируулан, хоёр нүднийхээ нулимсыг арчин байж ийнхүү ярилаа. Тэрбээр "Хүүгийн ар гэр  ядуу, эмзэг бүлгийнхэн гэж байна. Аавыг нь архичин гэж олон нийтийн хэрэгслээр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна.

Аав нь улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад, хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэг иргэн, эцэг хүн. Миний ах ажил хийж, авах ёстой цалингаа аваад ар гэрээ тэжээгээд амьдраад явж байна. Гэтэл аавыг нь архичин, талийгаач дүүг маань эмзэг бүлгийн хүү байсан гэж ярьж, бичиж байна.

Нийгмийн нугачнаасаа болоод гэр бүл салсан нь үнэн. Гэхдээ бие биедээ хар буруу санаа байхгүй, ах дүү хамаатан садангууд шигээ холбоотой хоёр хүүхдийнхаа төлөө хэн хэн нь анхаарал халамж тавьдаг хариуцлагатай аав ээжүүд.

Эмээ өвөө дээрээ өссөн хараа хяналттай хүүхэд байсан. Миний хоёр эгч ээжийнх нь оронд ээж болж өсгөсөн. Хүүгийн талаар мэдээлэл авъя гэвэл 79 дүгээр сургууль дээр очоод хүүхдүүдээс багш нараас нь асуухад ямар хүүхэд байсан талаар хэлээд өгнө.

Хамгийн гол нь миний ахыг нийгэм даяар архичин гэсэнд үнэхээр гомдож байна. Миний ах хамт олонтойгоо шаардлагатай гэсэн үедээ архийг зөв зохистой хэрэглэдэг. Түүнээс яахаа алдсан арчаагүй, хар усанд толгойгоо мэдүүлсэн хүн биш. Би хоёр ахтайгаа хамт ажилладаг хүн мэдэлгүй яах вэ дээ. Олон нийтийн сүлжээгээр гарч байгаа мэдээллийг хараагүй, харах ч завгүй явна.

Хүн амьтнаас сонсохоор аавыг нь үнэхээр "алж” байна. Аав нь амьдрах гээд зүтгээд хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өмнөө тавьсан зорилго тэмүүлэлтэй амьдарч, өглөөнөөс үдэш болтол борви бохисхийлгүй ажилладаг жирийн ажилчин хүн. Гэтэл өнөөдөр яагаад элдвээр хэлээд байгаа юм бэ.

Хөөрхий зайлуул хүүгээ алдчихсан хүн ухаан санаа нь орж гарч уймарсан хүнд хэцүү байдалтай байхад дээрээс нь элдвээр хэлж гоочлох ямар хэрэгтэй юм бэ, ард түмээн. Энэ их уй гашуутай үед улам дарч, ухаан санааг нь дордуулж байгаад харамсч байна. Юм ч ярьж чадахгүй байгаа мэдэхгүй байх л даа.

Хүүгийнхээ зураг, зулных нь өмнө маань мэгзмээ уншаад уйлахаас өөр юуг ч хийж чадахгүй сууж байна. Үнэнийг хэлэхэд аавын тал дээр санаа зовниж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаад асуудлаа шийдэх байх. Бид хуулийн дагуу л явна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр буруу зөрүү зүйл тарааж цацахгүй байхыг хүсье” гэлээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>