|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Онцгой байдлын албан хаагчид 34 иргэний амь аварчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт өчигдөр усархаг бороо орсны улмаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байрны суурийн давхар усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид усыг соруулж зайлуулсан байна.

Мөн Улаанбаатар хотод урд шөнө усархаг бороо орсны улмаас нийслэлийн Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 2, нийт 10 айлын хашаа, байшин, гэр усанд автсан байна. Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж, усыг зайлуулах арга хэмжээ авчээ.

Мөн нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн зөрчлийн 1 дуудлага иржээ. Үүнд:

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 18 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр анги ажиллаж, галыг бүрэн унтрааж, гал түймрийн аюулаас иргэн Б /50 настай, эрэгтэй/-гийн амь насыг авран хамгаалсан байна.

Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг”-т  автозамын зорчих хэсэгт 2 суудлын автомашин мөргөлдсөн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги ажиллаж 11 иргэний амь насыг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын нутаг "Тролейбусны депо”-гийн баруун талд автозамын зорчих хэсэгт бага оврын автобус бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн дуудлагаар мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж зам тээврийн ослоос 14 иргэний амь насыг, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг "Мойлтын тохой” гэдэг газар "Туул” голын усанд 1 автомашин сууж, 8 зорчигч автомашин дээрээ гарсан байсныг аюулгүй газарт шилжүүлэн автомашиныг татан гаргаж, 8 иргэний амь насыг тус тус авран нийт 34 иргэний амь насыг авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.