Зүсээ хувиргасан 60 тэрбумынхан

70

Зүсээ хувиргасан 60 тэрбумынхан

 

М.Энхболд, Ж.Бадамжунай, Ц.Сандуй нараас эхлэлтэй 60 тэрбумын "баг” засаг төрийн дээд шатнаас нэг шатлалаар хойш ухарсан боловч Нийслэлийн хэмжээнд "зүсээ” хувиргасан хэлбэрээр амь бөхтэйгээр өнөөдрийг хүртэл оршсоор, 60 тэрбумын схемээ хэрэгжүүлсээр явна гэж хэлж болох.  

Ингэж хэлэх нь дараах учир шалтгаантай. Юуны өмнө хотын даргаар НИТХ-ын төлөөлөгч биш атлаа гэнэтхэн тухайн үед намын даргаар ажиллаж байсан М.Энхболдын татаасаар Төв аймгаас гарвалтай Су.Батболдыг "шахаж" хотын даргаар  томилуулсан байдаг.  Су.Батболдын хувьд  М.Энхболдтой нутаг төдийгүй морь малны уяа, гал нэгтэй  "найз, гарын хүн” юм.

Тэрбээр хотын даргаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажиллахдаа Нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдах  тоймтой зүйл хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Харин  ч бүр цас олон орсон учраас цэвэрлэх боломжгүй байна, нохойнд спираль тавина, зүүн эргэлтийг хэрэгжүүлнэ, долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт явуулна гэх мэтээр олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн нэгэн.

Дараагийн нэг шалтгаан бол түүний томилсон багийн гишүүд болох Нийслэлийн газар, агентлагийн дарга нарын идсэн уусан, тендер завшсан, авлигатай холбогдсон хэрэг ар араасаа цуварч илрэх болсон ч өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Сүүлийн үед сошиал орчинд Хотын захиргааны Хангарьд ордон авлигын шүншигтэй болжээ гэж яригдаж эхлэв. Учир нь өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга, нягтлан бодогч нарын албан өрөөнөөс их хэмжээний мөнгө гарч баривчлагдаж байсан бол  хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Э гэх эмэгтэй авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Э гэх эмэгтэй  толгой мэдэн их хэмжээний мөнгө бусдаас авлигын хэлбэрээр авах боломжгүй бөгөөд түүний цаана НХТЕТГ-ын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архедиктор Э.Анар гэх Ж.Бадамжунайгийн хүргэн "шавилхан залуу” байгаа гэж хэлэх юм билээ.

Үүгээр зогсохгүй Нийслэлийн Засаг дарга С.Батболдын эхнэрийн дүү, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ц.Ариунбаяртай холбоотой маш олон тендерийн хэргийн тухай мэдээллийг "Монголын мэдээ" сонин  болон нэр бүхий сайтууд сар гаруйн өмнө олон нийтэд мэдээлсэн төдийгүй түүнийг хүргэн ахынхаа нэрийг барьж бусадтай зодоон нүдээн хийсэн тухай мэдээлэл гарсан ч тэгсгээд  намжсан. Ц.Ариунбаярын авсан, завшсан тендерийн асуудалтай зэрэгцэн Хотын дарга  хүргэн дүүгээ ажлаас нь яаран сандран чөлөөлсөн. Гэвч түүнийг ажлаас чөлөөлсөн нь санхүүгийн хариуцлагаас мултрах шалтгаан болох ёсгүй.  Энэ мэтчилэн Нийслэлийн захиргаа бүхэлдээ "цус ойртолтонд” нэрвэгдэж, 60 тэрбумынханд автагджээ.

 

http://shuurhai.mn/n/3098


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.