Ил тод байдлыг хангахгүй бол алтаа худалдаж чадахгүй

33

Ил тод байдлыг хангахгүй бол алтаа худалдаж чадахгүйАлт найдвартай эх үүсвэрээс гаралтай хөрөнгө байх ёстой

Манай улсын валютын албан нөөц тавдугаар сарын байдлаар 3.26 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн таван жилийн дээд түвшин болсон. Мөн эхний хагас жилд 7.1 тонн алт худалдаж авсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад зургаан хувиар өссөн үзүүлэлт гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн. Товчхондоо, эдийн засгийг сэргээхээр хэрэгжүүлж эхэлсэн "Алт-2” хөтөлбөр үр дүнгээ өгч байна. Ханшийн савлагаанд дэндүү өртөмтгий манай эдийн засагт "Алт-2” хөтөлбөр тун чухал ач холбогдолтой. Гэвч бид алтны ил тод байдлыг хангаж, гарал үүслийг нь албан ёсоор бүртгэлжүүлэхгүй бол гол худалдан авагч болох Европын холбоонд алтаа нийлүүлэх ямар ч боломжгүй болно. 2021 оноос тус бүс нутагт алт болон бусад түүхий эдийн гарал үүслийг ил тод болгох, нийлүүлэлтийн бүх шатанд байгаль орчинд хор учруулаагүй, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр шингээгүй, хүний эрхийн зөрчилгүй байх зэрэг олон шаардлагыг хангах хууль хэрэгжих гэж байгаа юм.


Эл хуулийн бэлтгэл дэлхий даяар өрнөж байна. Ингэснээр жилд 5.5 их наяд ам.доллар эргэлддэг Лондоны үнэт металлын зах зээлд алт олборлогчид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд байгаль орчинд хөнөөлгүй үйлдвэрлэл явуулдгаа батлах шаардлагатай болж буй юм. Өөрөөр хэлбэл, уг стандартад нийцээгүй олборлогч, алт цэвэршүүлэгчид Лондоны үнэт металлын зах зээлд нэвтрэх аргагүй болно гэсэн үг. Дэлхий нийтэд уурхайнууд олборлож буй алтныхаа 10.36 грамм буюу 0.333 унц тутамд 20 тонн хорт хаягдал ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс алт найдвартай эх үүсвэрээс гаралтай хөрөнгө байх ёстой гэсэн байр суурь худалдан авагчид, бирж, олон нийтэд ч бүрдээд буй талаар өнгөрсөн сард Financial Times мэдээлсэн. Гэтэл манай Монголбанкинд тушааж буй алтны хичнээн нь байгууллага, хэд нь бичил уурхайчид олборлосон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд Монголбанк 20.1 тонн алт худалдан авсны 8.5 тонн нь 980 хувь хүнийх гэсэн бүртгэлтэй ч АМНАТ-ын татвараас зайлсхийсэн ААН-үүд иргэний статусаар алт тушаадаг гэдгийг албаныхан үгүйсгэдэггүй. Мөн орон нутагт алт худалдан авах төв байхгүйгээс дийлэнх нь ченжүүдийн гараар дамждаг нь хүний эрх, шударга бус байдалтай холбоотой олон бэрхшээл үүсгэж буй юм. Нөгөөтэйгүүр, албажаагүй олборлогчид уул уурхайн салбарыг бүхэлд нь муухай харагдуулж, орон нутгийн эсэргүүцлийн гол шалтгаан болдог. Тиймээс энэ бүх асуудлыг шийдэх, эдийн засгийн чухал металл болсон алтны худалдааг дэмжихийн тулд бүх алтны нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах шаардлагатай байгаа юм.
ЗГМ: Тодруулга
Бүртгэлээ сайжруулбал олборлогчид сүүдрийн эдийн засагт нуугдах аргагүй болно

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбаганатай алтны нийлүүлэлтийн ил тод байдлыг сайжруулах боломж, шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн сард Монголбанк, УУХҮЯ, АМГТГ болон УИХ-ын нэр бүхий гишүүд танай төслийн шугамаар Латин Америкт бичил уурхайн туршлага судлаад ирсэн. Манай одоогийн эрх зүйн орчинд шууд аваад буулгачихаар ямар туршлага байна вэ?
-Шууд аваад буулгах боломжтой нь бүртгэлийг сайжруулах тогтолцоо юм. Том уул уурхай эрхэлдэг нь АМГТГ-т бүртгэлтэй лицензийн мэдээллээр тодорхой байна. Гэтэл одоо лиценз эзэмшигч цаанаа туслан гүйцэтгэгчидтэй болсон. Гэтэл энэ нь бүртгэлгүй. Үүний улмаас хэдэн жилийн өмнө дэгдэж байсан шиг Орхон голын бохирдол гэх мэт томоохон асуудал эргээд үүсч мэднэ. Хэн нь лиценз эзэмшигч, хэн нь оператор компани гэдгээ мэдэхгүй байна гэсэн үг. Харин үүнийг доошлуулж харвал хэн нь бичил уурхайчин, хэн нь албажихыг хүсэж байгаа, эсвэл нинжа стилээр явах сонирхолтой нь хэд байгааг мэдэх шаардлагатай. Үүнд бүртгэлийн систем маш чухал гэж харсан.

-Бүртгэлийн систем нэвтрүүлэхэд бэлтгэл хангах ажил их байгаа юу?

-Харьцангуй гайгүй гэж харж байна. Том уул уурхайн компаниудын мэдээлэл АМГТГ-т бий. Бичил уурхайчдын мэдээлэл ч олгосон газрынхаа хэмжээгээр бүртгэлтэй байдаг. Дээрээс нь аймаг, сум бүрт бичил уурхайчдын мэдээлэл бий. Тэгэхээр нэгтгэх ажил л дутуу гэж харж байна. Гол нь хүсэл эрмэлзэл, хөрөнгө мөнгө л шаардлагатай. Татвар, нийгмийн даатгал гээд төрийн мэдээллийн тус тусдаа систем бий. Яваандаа энэ бүх системээ нэгтгээд ирвэл хэн нэгэн сүүдрийн эдийн засагт байх боломжгүй болно л доо.

-Та бүхний тайлангаас харахад алт олборлох зөвшөөрөл, нийлүүлэлт, худалдаа гээд шат шатанд төвлөрлийг сайн саруулж дээ гэж ойлгосон. Бид энэ жишгийг дагавал алтны худалдааны одоогийн нөхцөл дээрдэх болов уу?

-Төр бүгдийг хийх ёстой гэсэн байр суурьтай байх нь зардал мөнгө, боловсон хүчин их шаарддаг. Гэтэл манай улсын төсөв, хүний нөөц ямар байгаа билээ. Нийгмийн асуудалд илүү анхаарч, өөр хэн нэгэн хийх боломжтой ажлуудаа хувийн хэвшилд даатгах нь урагшлах нэг том шийдэл шүү дээ. Тухайлбал, Колумбид алт сорьцлох, алт цэвэршүүлэх үйлдвэрүүд нь хувьд шилжсэн, алт экспортлох боломжийг тодорхой хэмжээгээр олгосон байна. Тиймээс тэнд Европын худалдан авагчид маш их байна. Одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд бид орон нутагт сорьцын хоёр лаборатори байгуулах гэж байна. Нэг лаборатори нь 700- 800 сая төгрөгөөр босож байгаа. Гэхдээ цаашдаа Монгол Улсын 21 аймагт төрийн өмчит лаборатори байх уу, зардал мөнгийг нь дийлэх үү гээд олон асуудал гарч ирнэ. Тиймээс төвлөрлийг сааруулахад урт хугацааны шийдэл хэрэгтэй болов уу.

 

-Манайх алтаа Европын холбоонд гаргадаг. Тиймээс эрдэс баялгийн нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах санаачилгад нэгдэх шаардлагатай юу?
-Монгол Улс Европын холбооны гишүүн биш учраас энэ санаачилгад нэгдэх алба байхгүй. Гэвч бид алтаа Европын холбоонд заръя гэж бодож байгаа бол хүссэн, хүсээгүй дагахаас өөр аргагүй. Манай алтыг цэвэршүүлдэг компани Европт бий. Тиймээс бид санаачилгыг дагахгүйгээр энэ компани Монголын алтыг цэвэршүүлж чадахгүй шүү дээ. Лондоны металлын биржид арилжаанд орж буй бүх алт ямар нэг байдлаар зөрчилгүй байх ёстой. Үүний зэрэгцээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад мөрддөг хариуцлагатай нийлүүлэлтийн удирдамжийг дагах ёстой гэдгийг олборлогчдоос шаардаж буй тул хүссэн, хүсээгүй алтны биржийн арилжаа ил тод болно.

-Манайх эдийн засаг нь жижигхэн, ханшийн савалгаанаас их хамаардаг тул алтны нөөцөө нэмэгдүүлэх нь маш чухал. Иймээс алт экспортлохыг шууд нээх боломжгүй биш үү?

-Эквадор манайхтай адил алтаа хадгалж, валютын нөөцөө нэмэгдүүлэх байр суурь баримтладаг. Тиймээс алтаа зарахгүй ч гэсэн ядаж хаанаас ирж байгааг нь мэддэг болъё гээд алт худалдан авах цэгээ бичил уурхайчид их төвлөрсөн нутагт байгуулсан. Монголбанкнаас санаачилсан "Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа тушаая” аяны нээлтэнд оролцсон илтгэгчдийн ярьж буйг сонсоход алтны нийлүүлэлтийн гол хамтрагч байгууллагуудын ойлголт нэг болж, алтны гарал үүсэл, ил тод байдал яагаад чухал гэдгийг сайн ойлгож, цаашид гарах эрсдэлийг тооцож эхэлсэн байна.

 

-Ил тод байдлыг хангаагүйн улмаас алтаа зарж чадахгүй байхаас гадна өөр ямар эрсдэл тулгарах вэ?

-Энэ бол зөвхөн бичил уурхайтай холбоотой асуудал биш. Өнөөдөр Монголд бараг хүн бүр уул уурхайг үзэн ядаж, эсэргүүцэж байна. Шалтгаан нь, уул уурхайн сөрөг нөлөө орон нутагт үлдэж, ашиг нь Улаанбаатарт байгаа хүмүүст очоод байгаад юм. Үүнийг шийдэх гэж АМНАТ -ын 30 хувийг орон нутагт буцаан олгохоор хуваарилсан хууль гаргасан ч хэрэгжихгүй байна. Уг нь уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөөр орон нутгийн зам харгуй, сургууль цэцэрлэг, бүтээн байгуулалт сайжраад эхэлбэл хэн ч гэсэн дуртай байна шүү дээ. Үүнийг Эквадор маш сайн хэрэгжүүлж байна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зорилгоор тус улс хөрөнгө оруулагчдаас АМНАТ-ыг урьдчилж аваад, 60 хувийг нь орон нутгийн хөгжилдөө зарцуулдаг. Түүнээс биш уул уурхайн компаниудаас зам тавихыг гуйж, шахаж шаарддаггүй. Канадын LundenGold компани ч гэсэн яг ийм зарчмаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, хаанаас ирсэн алт гэдгийг нь мэдэхгүй бол АМНАТ-ын 30 хувийг хаашаа өгөх болж байна. Тиймээс л төсөвтөө буцаж орох гээд байна. Ил тод болвол энэ бүхнийг шийдэж болохоор байгаа юм. Хамгийн гол нь бид өдөр тутмын ажилдаа түүртээд урт хугацааны шийдэл олж харахгүй байна.
-Урт хугацааны шийдэл гэдэгт та юуг онцолж байна вэ?
-10 жилийн өмнөхтэй харьцуулахад бичил уурхайн дүр зураг өнөөдөр огт өөр болсон. Үүнийг гэрчлэх хүн ч олон байгаа байх. Колумб, Эквадорын туршлагаас харахад тэнд бичил уурхайгаар амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийг хүлээн зөвшөөрч, үүнээс өөр амьдрах аргагүй гэдгийг улс нь ойлгож, тэдэнд чиглэсэн бодлого тусад нь явуулж байна. Бичил уурхайчдыг жижиг уул уурхай болгоход төрийн оролцоо, хөрөнгө санхүүжилт, хүн хүч маш чухал байдаг нь харагдаж байна. Колумбын Уул уурхайн яаманд зөвхөн бичил уурхайн албажуулалт хариуцсан хэлтэст гэхэд л 50 хүн ажилладаг. Гэтэл манай яаманд нэг хүн, хэрэгжүүлэгч агентлагт ердөө 3-4 хүн ажилладаг шүү дээ. Эквадорт мөн манай ШУА -ийн харъяа Геологи, газарзүйн хүрээлэн шиг Геологи, хайгуул, уул уурхайн хүрээлэн ажиллаж, бичил уурхайн технологи яаж үр ашигтай, зөв явахад судалгаа хийж, зөвлөгөө өгдөг юм билээ. Бичил уурхай бол эдийн засгийн чухал салбар, эндээс мөнгө орж ирдэг, хүмүүс амьжиргаагаа тэтгэдэг учраас сайжруулах ёстой, зөв байлгах хэрэгтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн учир мөнгө зарж, хүмүүсийг төлөвлөн ажиллуулж чадаж байна.
З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.