Д.АРВИНЫ КОМПАНИ 80 ГАРУЙ АЙЛЫГ “ГУДАМЖИНД” АМЬДРУУЛААД 4 ЖИЛИЙН НҮҮР ҮЗЛЭЭ

40

Д.АРВИНЫ КОМПАНИ 80 ГАРУЙ АЙЛЫГ “ГУДАМЖИНД” АМЬДРУУЛААД 4 ЖИЛИЙН НҮҮР ҮЗЛЭЭ

 

Хаа сайгүй газрын болон барилгын маргаан үргэлжилсэн хэвээрээ байна. Гэр хороолол төсөл буюу дахин төлөвлөлт нэрийдлээр байртай болох гэсэн иргэд өнөөдөр байр ч үгүй, орох орон ч үгүй хэцүүхэн зутруухан яваа олон айл өрх байна.


Тухайлбал, ийм зовлонтой иргэдийн нэг хэсэг нь "Сансар” хотхоны оршин суугчид юм.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, "Сансар” хотхоны нийтийн орон сууцны долоон байр, зургаан амины орон сууц нь гэр хорооллын  дахин төлөвлөлтийн бүсэд хамаардаг аж. Тиймээс тус хорооллын 85 өрх уг газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр шалгарсан УИХ-ын гишүүн асан Д.Ариуны "Их өргөө ХХК”-тай хамтарч ажиллах гэрээг 2014 оны гурван сард  байгуулсан юм байна. 

Гэрээний дагуу "Сансар” хотхоны оршин суугчид орон сууц,  дэлгүүрийн барилгуудаа чөлөөлж, тус компанид хүлээлгэн өгсөн ажээ.

Гэтэл  "Их өргөө” ХХК  "Сансар” хотхоны оршин суугчдын байшин, орон сууцыг буулгаж, газрыг хашаалжээ.  Улмаар гурван ширхэг орон сууцны барилгын суурийг цутгаснаас өөр  ямар ч ажил хийгдээгүй өнөөдрийг хүрэв.

Тиймээс тус хотхоны 85 өрхийн 600 гаруй иргэн орох оронгүй хохирсон байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна.
Уг нь 2016 онд ашиглалтад оруулна гэж амалсан ч өнөөдрийг хүртэл суурь хундаамаас өөр бүтээн байгуулалтгүй, барилгын захиалагч, гүйцэтгэгч компани ч байхгүй байна.

"Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалахаар холбогдох бүх шатны байгууллагын удирдлагуудтай уулзаж, хандаж яваа Л.Алтанцэцэг "Манай хотхоны оршин суугчид үнэхээр гомдолтой байна. 85 өрхийн 500 гаруй иргэн бүхэл бүтэн гурван жил орох оромжгүй гудамжинд тэнүүчилсэн байдалтай амьдарч байна. Бидний зүгээс энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзсан. Үл ойшоосон шинжтэй хандсан.

Бид наад асуудлыг чинь шийдэж өгнө хэмээн хэлээд гараад явсан.  Гэтэл өнөөдөр юу ч шийдэгдээгүй,  бахь байдгаараа л байна. Бид "Их өргөө”  ХХК-ийн гадаа зургаан хоног өлсгөлөн зарласан. Энэ үед тус компанийн захирал Д.Арвин нэг  ч удаа ирээгүй.

Тиймээс хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, ард иргэдийг хохироосон "Их өргөө” ХХК-ийн захирал Д.Арвинд  хариуцлага тооцож,  иргэдээ хохиролгүй болгож өгөөч гэх хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  хүргүүлсэн байгаа.  Энэ оны 11 дүгээр сар гэхэд биднийг орох оронтой болгоно гэсэн. Тэрийг л харж хүлээж байна даа. Аргаа барсандаа Ерөнхий сайдад хандсан нь энэ” гэлээ.

Дөрвөн жилийн хугацаанд их юм үзжээ. Орон байр, эрх ашгаараа хохирсон иргэдээс 10 гаруй хүн нас баржээ. Өр зээлэнд баригдсан иргэд өвчин зовлонд, өр зээлэнд баригджээ.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй гээд бүх хүний эрх зөрчигдөж байна. Энэ хугацаанд иргэдэд хандаагүй, яваагүй газар гэж байхгүй. "Их өргөө” компанийн зүгээс олон жил худлаа хэллээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс гэр хороололд дахин төлөвлөлт хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан хэрнээ хэрэгжүүлдэггүй. С.Батболд дарга "Та нар Э.Бат-Үүл даргаасаа байр нэх” гэдэг гэнэ. 

Барилга баригдахгүй байгаа шалтгаан нь бас л хөрөнгө мөнгөтэй холбоотой гэнэ. "Их өргөө” компани захиалагч бөгөөд Хятадаас хөрөнгө оруулалт хийхээр нэгэн компани оруулж ирээд суурь шаваа тавиад удалгүй, нөгөө компани нь ор сураггүй алга болсон гэх.

Тиймээс хохирсон айл өрх төр засгаас орох орон гэрээ гуйж байна. Хамгийн хохиролтой байгаа нь өнгөрсөн хугацааны нөхөн төлбөр олж авч чадахгүй өдий хүрчээ. Сар болгон 500 мянган төгрөг өгч байгаад өгөхөө болиод удаж байна. Энэ хугацаанд өчнөөн айл өр зээлэнд баригджээ. Айл амьтан гуйж царайчилж хоног төөрүүлнэ, хөөгдөнө гээд их юм болдог гэнэ. Зарим нь бүр гудамжинд гарчээ.



О.Сайхан
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.