Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ

31

                 

Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ

               Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсэний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид,  тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн зах зээлд эрдэнэс илгээсэн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

                 Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК-ийн хамтын ажиллагаа нэн чухал. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагааны стандартыг сайжруулах замаар Монгол улсын уул уурхайн салбарыг улам төгөлдөржүүлэхийн төлөө бид бодитой хамтран ажиллах учиртай. Тиймээс ч хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан тодорхой чиглэлд олон ажил зохион байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь үр дүнд хүрч байна. Санамж бичгийн хүрээнд манай хоёр компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэдлэг, туршлагаа хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг, ажиллагсадын ур чадварыг хөгжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулахын зэрэгцээ  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалахад тулгарч буй асуудлуудыг мэргэшлийн өндөр түвшинд хэлэлцэж сайжруулах, шийдвэрлэх талаар зөвшилцөх зэргээр тэргүүн туршлагаа бусад аж ахуйн нэгж, байгууллагад харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж байгаад бид талархалтай байдаг.

                Манай хоёр компани олон мянган иргэнийг ажлын байраар хангахын зэрэгцээ Монголын уул уурхайн салбарт дэлхийн тэргүүлэх технологийг түүчээлж, компанийн соёлыг түгээн дэлгэрүүлж жишиг тогтоож буй нь нэгэн цагийн бахархал юм.  
Монгол улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа Оюу толгойн ХХК-ийн баялаг бүтээгчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. Уурхайчдын яруу алдар бадартугай.  

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.