Н.Батсуурь: Р.Пүрэвдагва арслан бид хоёр идэр багаасаа л голын хөвөөнд очиж барилддаг найзууд байсан, одоо ч тийм

650

Н.Батсуурь: Р.Пүрэвдагва арслан бид хоёр идэр багаасаа л голын хөвөөнд очиж барилддаг найзууд байсан, одоо ч тийм

 

Монгол Улсын арслан, гурван үеийн удамт бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.  

-Та 2011 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Тэр үеэс л том цолтой бөхчүүдийг "айлгаж” эхэлснийг тань бөх сонирхогчид андахгүй. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Их сургуульд суралцаж байхдаа би Япон руу хоёр жилийн хугацаатайгаар 2007-2009 онд хэлний бэлтгэлд суралцсан юм. 2007 онд аймгийн начин цол хүртсэний дараа намар нь есдүгээр сард явсан хэрэг.

-2009 онд ирсэн үү?

-Тийм. Анх 80 гаруйхан кг жинтэй байсан бол 117-118 кг жинтэй болон хувирч ирсэн. Энд ирээд барилдлаа.  Хоёр жил барилдаагүй болохоор форм алдагдсан байсан. Бүгдийг эхнээс нь эхэлсэн. Би жүдогийн шигшээ багтайгаа хичээллэж эхэлсэн. Тэр жил манай Х.Цагаанбаатар дэлхийн аварга болсон юм. Өдөрт гурван удаа бэлтгэл хийсний үрээр барилдаан маань ч чанаржлаа. Тэгээд л үндэсний бөх рүүгээ эргэлт буцалтгүй орсон.  Жүдогийн дэлхийнаваргын бэлтгэл дээр "Алдар” спорт хорооны Нямгомбо багшийнхаа удирдлага дор байсан. Намайг анх Дархан-Уулын наадамд очиж барилд гээд аваад явсан. Тэгээд л түрүүлж аймгийн арслан цол хүртсэн түүхтэй.

-Бөхчүүдийн хувьд аймгийн арслан цол авах нь улсын наадамд барилдахад нь их чухал байх юм даа?

-Миний хувьд аймгийн арслан цол авсан барилдаанууд маань бараг л улсын арслан цол хүртэхээсээ илүүтэй чанга байсан шүү. (инээв).

-Яагаад вэ?

-Би аймгийн арслан цол хүртэх гэж 2010-2011 онд хэд хэдэн аймгийн наадамд очиж барилдсан. Дандаа л тунадаг байсан. Нэг жилд гэхэд л Баян-Өлгий, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан очиж барилдсан шүү. Аймгийн арслан цол авах хүртлээ зүрхшээм үеийг туулсан юм.

-Олон наадамд ингэж барилдах чинь мэдээж их туршлага болсон байлгүй дээ?

-Тийм л дээ. Тэгэхдээ аймгийн наадмуудад улсын том цолтнууд, улсын наадмын өмнө юм уу хойно очиж байнга барилддаг. Би дандаа л тунана. Эрдэнэтийн наадамд гэхэд одоогийн аварга Ч.Санжаадамбад унаж байсан. Ингэж явсаар манай С.Мөнхбат аварга улсын наадамд түрүүлдэг жилд Дархан-Уул аймгаас аймгийн цол хүртсэн юм.

-Улсын наадамд шууд барилдахад бэрхшээл ихтэй байсан болохоор ийнхүү аймгийн наадамд зодоглож байсан юм байна гэж ойлгож болох уу?

-Би аймгийн начин цолтойгоор гурван жил дараалан улсад зодоглосон. 2009 онд Д.Батболд харцага, 2010 онд Х.Мөнхбаатар арсланд дөрвийн даваанд өвдөг шороодож байлаа. 2011 онд Д.Ганхуяг арсланд унасан. Ер нь л түрүүлэх хэмжээний арслангуудтай дөрвийн даваанд таараад болдоггүй. Түрүүлэх хэмжээний арслангуудыг хаях хэмжээнд очиж байж түрүүлэх хувьтай байсан юм болов уу гэж боддог.

-Тэрхүү 2011 оны Цагаан сарын барилдаанд "А.Сүхбат аваргын "Ирээдүйн аваргууд” шагналыг хүртсэн байх аа?

-Тийм ээ. Тэр үед аймгийн начин цолтой байлаа. Нэгийн даваанд Өвөрхангайн Д.Ганхуяг начинг, хоёрын даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг хаяж байлаа. Гурвын даваанд одоогийн улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй тунаад хаясан. Дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяад тавын даваанд одоогийн Ч.Санжаадамба аваргатай тунасан юм. Тэгээд л А.Сүхбат аваргаас шагнал хүртэж, 1000 долларын эзэн болж байлаа. "Ирээдүйн аварга” шагнал бол залуу бөхчүүдэд энэ шагналыг авах юмсан гэсэн хүсэл эрмэлзлийг яах аргагүй төрүүлж байсан шүү. Бүр анх 2007 онд манай Ө.Даваабаатар, Б.Ганзориг нар энэ шагналыг авч байв. Ид шуугиулж буй залуус авдаг байх нь, би яагаад болохгүй гэж бодсоноо нуух юун. Тэр хоёр начин, заан болцгоосон. Одоогийн арслан Ц.Содномдоржоос эхлэн олон хүчтэн энэ шагналыг авсан юм байна шүү.

-Аймгийн арслан цол хүртсэний дараа улсын наадамд оноолтоор таарах хүчтэнүүд арай өөрчлөгдсөн биз?

-2012 оны наадамд гэхэд л 2010 оны наадмын түрүү улсын арслан Б.Ганбаттай таарсан шүү.  Яг л өмнөх түрүү Х.Мөнхбаатар арслантай таардаг шиг. 2009 онд гэхэд л өмнөх наадмын түрүү Д.Ганхуяг арсланд унаж байлаа. 2013 оны наадамд өмнөх наадмын түрүү П.Бүрэнтөгс арслантай таарсан. (инээв). Тэр жил Бүрнээ маань аварга болох бодолтой байхад нь дөрвийн даваанд би таарч хаясан юм.

-Тэр чигээрээ явсаар заан цол хүртсэн шүү дээ?

-Тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй харцага намайг авсан. Зургаад Говь-Алтай аймгийн Л.Цэрэнтогтохтой тунасан. Долоогийн даваанд Б.Батмөнх заантай тунаж унасан юм.

-2011 он таны хувьд их одтой жил байжээ. Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гэх мэтээр?

-Тийм. Тэр жил Балжаа аваргынхаа удирдлага дор бэлтгэлээ базаасан. Яг л жүдогийн шигшээ багийнх шиг өдөрт 2-3 удаа бэлтгэл хийлгүүлж байлаа. Үндэсний бөхийн бэлтгэл хийж байгаад жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Түрүүлнэ гэж бодож байгаагүй. Тэгтэл түрүүлсэн тамирчинг Азийн аваргад авч явахаар болов. Тухайн үед шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Насантогтох багш маань байлаа.

-Хаана болсон юм бэ?

-Абу Дабид. Дэлхийн шилдэг бөх Узбекийн Абдул Хандриевтэй гайгүй барилдаж байгаад сүүлийн хэдэн секундэд оноо алдчихсан юм. Тэр үед жүдогоор барилдчихвал амжилт үзүүлж болох юм байна гэсэн итгэл цээжинд төрж байсан шүү.

-2012-2013 онд жүдогоор улсдаа түрүүлж, Азийн тэмцээнээс медаль хүртэж байсныг тань бодоход аргагүй л дээ?

-24-25 нас чинь тамирчны ид үе байдаг юм байна лээ. Ямар ч бэлтгэлийн ачаалал даана. Нухлагдах тусмаа сайжирна. Чангарна.

-Аавыг тань улсын харцага Г.Намсрайжав гэдгийг хүмүүс андахгүй. Буурал аав тань улсын начин Ж.Гэлэг. Авга ах чинь улсын начин Даваасамбуу, Нагац ах чинь улсын начин, гавьяат тамирчин Р.Даваадалай. Аль аль талаасаа бөхийн удамтай байна гэдэг таримал бөх гэсэн үг. Буурал аавын тань талаар цухас ярих уу?

-Миний хөгшин аав 1921 онд мэндэлсэн. 1950 онд нутгаасаа нэг сар гаруй шуудангийн машинаар явж улсын наадамд зодоглосон юм байна лээ. Долдугаар сарын 11-ний өглөө стадион дээр санд мэнд ирж л дээ. Тэр үеийн цэргийн дарга нар бүртгэл хаачихсан, барилдуулах боломжгүй гэж. Би баруун хязгаараас зорьж ирлээ гээд учирлан гуйжээ. Нэг том дарга бодсоноо хоёр цэргийг дуудаж авчраад "Та хоёрын хэн нь хаядаг юм бэ” гэжээ. Тэгээд нөгөөдөө унадаг гэсэн цэрэгт нь хандаж "Энэ хүнийг оронд тань оруулъя” гэсэн шийдвэр гаргаж хөгшин аавын магнайг нь гялайлгасан юм билээ. Ингээд анх удаа улсын наадамд зодоглож, улсын аварга Ш.Батсууриар тав даван начин цол хүртсэн түүхтэй.

-Зургаагийн даваанд яасан юм бол?

-"Дэрэн бор” хэмээх улсын арслан Самданжигмэдтэй барилдсан гэдэг. Арслан нүд рүү нь гараа хийчихсэн чинь бүлтрээд гараад ирсэн гэдэг. Тэгээд нүдээ гарын алган дээрээ нааж байгаад буцаагаад хийгээд авч. Барилдах гэсэн боловч эмчийн магадлагаагаар хасагдсан учиртай. Ийнхүү унаагүйгээр "БНМАУ-ын начин” гэдэг цолны тэмдэг зүүсэн түүхтэй. Тэр тэмдгийг харах бүрт бахархал төрдөг шүү.

-Өөрийн тань алдрыг буурал аавын тань улсын аварга Ш.Батсуурийг давж цол хүртсэнээр бэлгэшээж өгсөн юм болов уу гэж боддог?

-Хүмүүс тэгж ярьдаг юм. Манай хөгшин аав чинь улсын аварга Ш.Батсуурьтай цэрэгт цуг байсан онжавууд юм билээ. 11 хүүхэдтэй байсан. Эхнэр нь сүүлийн хүүхдээ гаргаад удалгүй нас барахад олон хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн мундаг эцэг шүү. Үүгээр нь хөгшин ааваараа өөрийн эрхгүй бишрэн бахархдаг. Цэрэгт байхдаа Ш.Батсуурь аваргыг хаядаг байж л дээ. Хөдөө амьдарч байхдаа "Надад унадаг хүн улсад түрүүлээд байгаа юм чинь би очвол сайн барилдаж болох юм” гэсэн итгэл төрсөн хэрэг. Дөрөв даваад гараад ирэхэд Ш.Батсуурь аварга аархаад амлахгүй юу. Нэгэнт унаж гаршсан хүн хэдий том цолтой ч түүгээрээ л болсон юм билээ.

-Таны нагац ах болох улсын начин Р.Даваадалай бол их спортын тамирчин хүн. Энэ нь жүдогоор хичээллэхэд тань уламжилж ирсэн мэт санагдана?

-Нагац ах мааньОлимпийн хүрэл медальтай том тамирчин. 1980 оны олимпийн наадмын 73 кг-ын жинд медаль хүртсэн юм. Уугуул нутаг Ховд аймгийн Дарви сум нь олон гавьяат, алдартнуудтай шүү дээ. Манай ээж бас олуулаа өссөн. Р.Даваадай ах надад "Дороосоо даарч болохгүй хатуу юман дээр унтаж бай, хоол бага идэж бай” гэж зөвлөсөөр ирсэн дээ. Энэ үнэт зөвлөгөө надад том үлгэрлэл болсон. Ах маань улсын шигшээд байхдаа өөрийн гэсэн өвөрмөц хурц барилдаантай байсан юм билээ.

-Та Увс аймгийн Ховд сумын харъяат гэж цолоо дуудуулдаг. Нутаг усаа төрийн наадамд өргүүлнэ гэдэг сайхан шүү?

-Тэгэлгүй яахав. Өвөг дээдсийнхээ ач буяныг үүнээс илүү яаж хүртэх вэ. Уг нь би Улаангомд төрсөн юм. 1990 оноос хойш Улаанбаатарт өссөн. Зуны амралтын гурван сард яах аргагүй нутаг руугаа "цөлөгдөнө”. Манай Ховд сум үнэхээрийн хосгүй үзэсгэлэнт байгальтай юм гэдгийг сүүлд мэдсэн л дээ. 2001 онд манай аав, хөгшин аав хоёрын "Аав хүү начин”-ы алдрыг нутагт нь тэмдэглэсэн юм. УАЗ-469 машинаар мялааж байлаа. Тэгэхэд гэр бүлээрээ очин амарч төрөлх нутгийнхаа сайханд биширч билээ. Зургадугаар ангид байхдаа ийнхүү алдарт Гоожуурын хүрхрээ, Шаазгай нуур, Олон нуур, Ховд гол гэдгийг анх үзсэн хэрэг. Том болох тусам байгалийн сайханд нь татагддаг байлаа. Алдарт Дэглий цагаан уул Ховд сумаас араасаа харагддаг юм. Үнэхээр төгс байгальтай нутаг.

-Хотын школтой хүүхэд язгуур хөдөөд ийнхүү ээнэгшиж байжээ. Манай монгол өрх айлын нийтлэг үзэгдэл шүү?

-Тийм ээ. Тухайн үед аав "Барилгачин”-д дасгалжуулагч байсан юм. Намын онц их хурлын баяраар түрүүлсэн гээд аавд хоёр өрөө байр бэлэглэсэн юм билээ. Б.Бат-Эрдэнэ аваргыг хаясан юм.

-1990 оны Онц их хурал биз?

-Тийм. Баагий аваргын босоо байсан үед нь шүү. Манайх 100 айлд байсан юм билээ. Дөрөвдүгээр хороололд гурван настай байхад минь шилжин ирээд л ухаан дөнгөж орж байсан болохоор байрныхаа давхраа мэдэхгүй төөрөх жишээтэй (инээв). Бага нас минь хороололд өнгөрсөн.

-Бага байхад тань аав чинь бөхийн спортоор хичээллэдэг нь яах аргагүй нөлөөлсөн биз?

-Тэгэлгүй яахав. Бөхийн гэр бүлд төрнө гэдэг их өөр. Наадамд барилдах гээд явахад нь цүнх, малгай, хувцсыг нь бариад явна. Бэлтгэлд гарахад нь байнга дагаж, аавынхаа хажуугаар гудас дэвсээд, бөхчүүдийн хоолноос цугтаа иднэ. Тэдний бэлтгэл хийх, ярилцахыг шимтэн үзнэ, сонсоно. Бөх гэдэг үнэхээр бахархал юм гэсэн үзэл бага багаар ой тойнд шингэнэ. Манай аав их шударга хүн. Бусдад хэлье гэснээ шууд хэлчихдэг. Хүний төлөө гүйх дуртай, хөдөө гадаанаас ирсэн хүний ажлыг өөрийн мэт бодож их улайран тусална. Үүнийг нь өөртөө тусгах гэж хичээдэг. Миний ээж Д.Баянхүү гуч гаруй жил олны төлөө зүтгэсэн багш хүн. Аав ээжийн сайн үйлийн үр над дээр ирж байна. Би зөв сэтгэлтэй явбал хожим үр хүүхэд маань сайн явна шүү дээ. Ямарваа хүн айхавтар шүтлэггүй ч өөрийн бодлоо цэвэр авч явбал хувь заяа нь тэгширдэг байх. Баянаа аваргын "Бусдын сайн сайханд баярлаж явбал өөрийн тань хувь заяаны шанага ерөөлөөр дүүрнэ” гэдэг үгэнд их дуртай.

-Бөхчүүдийн дэргэд өснө гэдэг олдошгүй завшаан шүү?

-Тийм. Одоогийн Б.Гантогтох гарьд, Б.Ганбат арслан, А.Сүхбат аварга нар ид байсан үе. "Зургаан залуу заан” гарч ирэх үед ухаан орчихсон хүүхэд хамт байдаг байлаа. Баянаа аварга нарын том бөхчүүд ирнэ. Гэхдээ би тэдний хүүхдүүдтэй цуг тоглох л гэж аавыг бэлтгэлд гарах үед байнга дагачихна шүү дээ. Ж.Ганболд зааны хүү аймгийн арслан Ж.Ганням, Д.Баяраа зааны хүү бид чинь чацуутнууд. Улсын наадмын бэлтгэл дээр танилцсан найзууд байгаа юм. Энэ мэтээр л бөхийн тогооноос хоол идэж байхдаа мундаг ах нарыг харж, ийм биетэй бөх болохсон гэсэн хүсэл оргилж байлаа. Тэднийхээ зараалд гүйхдээ аль болох захьсан зүйлийг нь хурдан авчирч чадвал өөрийгөө бөх болчихсон мэтээр төсөөлж баясна. Ер нь бөхчүүдийн гар хөлийн үзүүрт гүйх гэж наадмын бэлтгэл рүү тэмүүлнэ шүү дээ.

-Тэр үед өөрийгөө бөх болох юм байна гэсэн яг таг сэдэл төрж байсан уу?

-Цэцэрлэг, сургууль, байрныхаа хүүхдүүдтэй барилдах дуртай байсан л даа. Одоогийнх шиг үзэх харах зүйл, тоглоом хомс болохоор барилдахаас өөр сонирхолтой зүйл бараг үгүй. Бөглөөднө, цасан дээр ноцолдоно. Харин бөхчүүдийн хүүхдүүдтэй барилдах үедээ хоорондоо хөгжилтэй зүйл ярина. Бид багаасаа бэлтгэл хийсэн юм чинь Баянаа аварга, Мөөеө аваргаас илүү том бөх болох нь баараггүй гэцгээгээд л. Ингэж л аавынхаа бэлтгэлийн цүнхийг үүрч явахаас эхлээд бөх рүү шимтэн татагдсан хэрэг.

-Аав, буурал ааваасаа өвлөгдөн ирсэн бөхийн ямар мэх өөрт тань байдаг вэ?

-Бусгах мэх юм уу даа. Манайхан удмаараа энэ мэхийг хийдэг. Манай хамаатны барилддаггүй залуучууд хүртэл ганц ноцолдохоороо энэ мэхийг гаргуун хийчихдэг юм. Аливаа юм удамшдаг юм байна гэдгийг энэ мэхнээс ойлгосон. Ургийн баяр болоход л тод харагдана шүү дээ.

-Хүүхэд, идэр үеийн анхны том итгэл, урамшил өгсөн барилдаан гэж бий биз?

-Цэцэрлэгт байхдаа сайн барилддаг байж.  "Хуйрнин шуугигч” шиг тэмцээн хүүхдийн баярын үеэр болдог байв. Үүнд би 1993 онд анх П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед түрүүлж гурван мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Ерөнхий сайд байсан Ж.Наранцацралт агсны хүү Тулгаа маань үзүүрлэж 1500 төгрөгийн эзэн болсон юм.

-Тэгэхэд хэдтэй байв?

-Зургаан настнуудын хооронд болсон барилдаан юм. Тэр үед бага насны ой тойнд том урам ассандаг. Хөөрч дэгдээд л. Харин найм, есдүгээр ангидаа жүдогийн секцэнд ангиараа шахуу явдаг байлаа.  Заримдаа бөх болно гэдэг бүтэшгүй, маш хэцүү юм байна гэж бодож байсан үе ч бий. Махлагдуу хүүхэд байсан болохоор хөдөлгөөн удаан, залхуудуу ч байж (инээв). Айлын бага болохоор эрх ч байсан биз. Зарим бэлтгэл дээр шантрана. Аав намайг 72 дугаар сургуулийн Лхагважав багш дээр аваачиж өгч байв. Буланд суучихна. Аав хааяа ирэхээрээ гүйлгэнэ. Хүүхдүүд тэмцээнд орох гээд зөндөө л жин хасна. Би өмнөх секц дугуйланд тоглох гэж очдог байснаа л ойлгосон. Өндөр бэлтгэл гэдэг өөр байдгийг ухаарч билээ. Өөр хичээлд сонирхол муутай, биеийн тамирт л лавшруу байж. Дуу хөгжмийн багшдаа "Би дуугаар хоол олж идэхгүй ээ” гээд зад загнуулж байв.

-Саяхан та Монгол бөхийн өргөөнд болсон бөхчүүдийн дууны концертод гойд оролцож бишрүүлсэн биз дээ?

-Ид залуу барилдаж буй залуу үеийгээ төлөөлж ор гэсэн л дээ. Би хааяа найз нөхөдтэйгөө караокед орно. Түүний л буян байх аа (инээв).

-Найранд гурван дугараатай наадамд гурван даваатай гэж монголчууд ярилцдагийг та баталсан юм биш үү?

-Монголчууд бид угаасаа бүгдээрээ шахуу дуучин шүү дээ. Манай аавын тал бол удмаараа дуулах авьяастай. Солгой хоолойтой хүн байхгүй.

-Японд сурч байх үед тань манай сүмочдын оргил үе байлаа. Энэ үедээ сүмоч болъё гэсэн бодол төрж байв уу?

-Би 20 настайдаа явсан. Мэргэжлийн сүмод 16 настайгаас эхлэн бэлтгэдэг болохоор оройтчихсон байсан. Нэг дэвжээнд нэг монгол тамирчин гэж заачихсан болохоор ямар ч боломжгүй байсан юм. Тэгэхдээ сүмогийн бэлтгэл хийж үзсэн шүү. Хакухо Даваажаргалтай холбогдон амралтын өдрөөрөө очиж бэлтгэл хийж байлаа.

-Тэгээд та чинь 2009 онд эх орондоо ирж үндэсний бөхөөр дахин барилдаж эхэлсэн. Тууштай барилдсан үе бол 2010 он юм байна л даа?

-Яг тийм. Тэр үеэс л тууштай бэлтгэл хийж эхэлсэн. Гурвын даваанд А.Цацабшир начинг даваад дөрвийн даваанд арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. Улсын наадмын өмнөх бусад барилдаанд түүнийг хоёр удаа хаячихсан байсан л даа. Намайг мушгитал араар мордоод давчихсан юм. Начин болчих гээд "үзсэн” хэрэг.

-Архангай, Увс аймаг бол яах аргагүй Монгол Улсын шилдэг бөхчүүдийн өлгий нутаг. Улсын наадамд Архангай 15, Увс аймаг 14 түрүүтэй  байсныг  та  2014  онд  түрүүлж  тэнцүүлсэн  байх аа?

-Тэгсэн. Энэ тоог би анзаардаггүй байсан л даа. Хүмүүс тэнцүүллээ гээд л. 6, 7, 8-ын даваанд Архангайн Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба, Д.Рагчаа нартай дараалан барилдаж давсныг хүмүүс санаж байгаа.

-Тэр наадамд үнэхээр өнгөтэй байсан тань зургаагийн даваанаас эхэлж харагдсан л даа?

-Бэлтгэл гойд сайн байлаа. Б.Гантогтох багшийнхаа удирдлага дор үнэхээр чамбайруулсан. Үүний үр шимийг хүртсэндээ баяртай явдаг.

-Өөрийг тань дөрөвт үлдээд ирэх үед "Увс нуур” галынхан маань хошуурч оволзоод л эхэлсэн дээ?

-Тэр үед С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан, Ө.Бат-Орших харцага маань өвдөгшороодчихсон болохоор энэ жилийн түрүү горьдолтгүй боллоо гээд бодчихсон байсан гэж зарим нь ярьдаг юм (инээв). Би тав дээр харцага цолтой байсан Ө.Бат-Оршихдоо амлуулж давсан. Зургаад Р.Пүрэвдагватай тунаж хаясан. Ер нь Архангайн бөхчүүдтэй би их удаан барилдсан байдаг юм. Түрүүлснийхаа шөнө бүх шөрмөс татаж, бадайраад л. Бүгдтэй нь 40-50 минут бараг нэг цагийн туршид хүч үзсэн байдаг. Тэд бүгд л түрүүлэх гэж өөрийгөө ирлэсэн бөхчүүд шүү дээ. Цаанаасаа түрүүлэх бөхийн өнгө, хувь зохиол нь өөр байсан хэрэг биз.

-Нэг ярилцлагаас тань уншиж байсан. Наадмын эхний өдөр Төв цэнгэлдэх рүү орж ирэхдээ түрүүлсэн бөхөд өгөх мөрийний машиныг харчихаад хүргэн ахдаа "Түрүүлээд үүнийг авахаар санагдаад байна” гэсэн юм уу?

-11  цагаас  эхлэх  нээлтээс  нэлээд  өмнө  9  цаг  гэхэд  түрүүлж ирсэн  юм. Тэр үед наадмын түрүү бөхийг "Тоёота”-гаас машинаар байлах анхны уламжлал эхэлж байж. Хүргэн ахдаа би тоглоомоор "Түрүүлчихээд наадмын талбайгаа "Тоёота” унаж тойрох юм биш биз дээ. Ер нь авч яагаад болохгүй гэж” гэх мэтээр ярьсан юм.

-Амны бэлгээр болж дээ?

-Хоёрын даваа ч дууслаа. Маргааш нь гэрээс гарахдаа би ханьдаа "Би том цол авна шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэж хэлээд гарсан л даа. Өөртөө итгэлтэй байсан ч юм шиг. Үдээс хойш нар ташсан хойно тувт барилдаад л. Наадмын дээгүүр даваанууд үнэхээр чанга шүү дээ. Том эгч маань хоол авч ирээд л. Ер нь наадам гэдэг бөхчүүд хоёр өдрийн турш сэтгэлзүйгээ төвлөрүүлэх, өөрийгөө дээд зэргээр хянаж чадах ёстой жилийн хамгийн амаргүй өдрүүд байдаг шүү дээ. Санжааг дөрөвт үлдэхэд хүмүүс наадам түүнийх болно гэж бодох нь зүйн хэрэг. Хүмүүс үүнийг л хүсч хүлээж байсан. Хамаг байдгаа тавьж байж л давсан. Үзүүр түрүүнд Завханы Ш.Жаргалсайхантай үлдэхэд үнэхээр дээд зэргээр өөрийгөө дайчилсан. Ш.Жаргалсайхан гарьд бүгдийг ханаруулаад гараад ирж билээ. Өөрийгөө ч их хурцалсан. Манай "Увс нуур” бөхийн галынхны ч надад өгсөн эрч хүч буцалсан.

-Дөрөвт үлдэхэд ааваас тань эхлээд бөхийн галаас чинь ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Дөрөвт үлдэхэд манайхан ч бүгд цуглачихсан байв. Ер нь наадмын өндөр босгонд ямар ч нутгийнхан өөрийнхөө бөхийг үнэхээр сэтгэл зүрхнийхээ гүнээс өргөн дэмждэг шүү дээ. Өөрийн эрхгүй хүчтэй "талцалд” оруулдаг. Сүмод ч ийм зүйл харагддаг. Тэр байдал бий болов. Бүгд л зөвлөж байсан. Харин би өөрөө их тайван байж чадсан. Наадмын өмнөхөн Баянаа аварга "Миний хүү заан цолыг чи өлхөн авч чадахаар байна шүү” гэж байсан л даа. Тэгэхдээ би гурван үеийн улсын цолтон болчих юмсан гэж бодож байснаас бус улсад түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй л дээ.

-Үзэгч олон өөрийн эрхгүй та бүгдийн барилдаанаас шалтгаалж талцалд ордог. Энэ нь даамжирсаар та бүгдийг талцуулдаг гэж ойлгоод байх юм?

-Бид чинь барилдаан дээрээ ямар ч хар хоргүй өрсөлддөг. Амьдрал дээр их өөр өө. Эр хүний нөхөрлөлөөр холбогдоод явдаг. Зарим нэг хүний явуургүй үйл ажиллагаа байдаг л байх. Тухайлбал би Архангай, Ховдын бөхчүүдтэйгээ их найз. Р.Пүрэвдагва арслан бид хоёр чинь идэр багаасаа л голын хөвөөнд очиж барилддаг найзууд байсан. Одоо ч тийм.

-Хэзээ билээ?

-Япон явахаас өмнө 2006-2007 оны үед. Манай хүн чинь хөдөөнөөс орж ирээд ахындаа амьдардаг байсан. Нэг найзынхаа машинд чихэлдээд л Туулын хөвөөнд очно. Ноцолдож өгнө шүү дээ. Бид чинь барилдаан дээрээ бол тачигнатал үзэхгүй гээд яах билээ. Ер нь тамирчин хүнд ямар нэг хэмжээгээр хор шар байдаг юм. Пүрэвдагва бид хоёрын хор шар ихэдчих гээд байдаг юм болов уу (инээв). Бага байхдаа хөзөр тоглоход ч хожигдох дургүй хүүхэд байдаг даа. Тийм л байсан. Энэ нь их спортод ч илрээд явах жишээтэй.

-Бөхчүүдийн олонх нь хөдөө өсч, мал хуй, борог амьдралд "элдүүлдэг” нь сайнаар нөлөөлсөөр ирсэн байдаг. Таны хувьд мал хуй, энэ тэртэй хэр ойр байв?

-Би айлын хөдөө дэх тавиул хүүхэд байсан. Хотоос очно, зөвхөн хонинд л явуулна. Хотын хүүхэд гээд адуу малд ерөөс ойртуулахгүй. Үеэл охинтойгоо хонинд явна. Морь ч унуулахгүй, явгаар л хариулна. Аавын эгчийнд бага насны зуны амралтууд өнгөрсөн байдаг юм. Өмнөговь сумын хойшоох нутаг шүү дээ. Дотоодын аялал жуулчлалаар манай Ховд суманд Увс нутагт очоосой гэж хүмүүст уриалмаар санагддаг. Яг одоо Оросууд олонтаа ирж загасчилж байна. Олон нуурт хар хадран бий. Ховд гол зэрлэг чацарганатай. Шумуул нь аягүй шүү.

-Улсын наадам дөхлөө. Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Улсын заан О.Одгэрэл багш дээр хүчний бэлтгэлээ базаасан. "Увс нуур” гал дээрээ барилдааны бэлтгэлээ хийлээ. Хааяа нэг жүдогоо ч анхаарч байна. Олон түмнээ баясгаж, шударга барилдахыг л хичээнэ. Бөх хүний зорилго үүнд л захирагдах ёстой. Мэдээж цолоо ахиулахыг ч бодох нь лавтай.

-95 жилийн их ойн наадамд дөрөвт үлдчихээд Р.Пүрэвдагвыг хоёр удаа өргөн гаргаж ирээд унагаж чадаагүй. Уг нь үзүүрлэсэн л бол та аварга болох байлаа. Үүндээ харамсдаг уу?

-Хааяа харамсаад л байдаг юм. Нэг нь давж нөгөө нь унадаг хойно яая гэхэв. Гэхдээ П.Бүрэнтөгс,Р.Пүрэвдагва хоёрын барилдаан булхайтай болсныг бүгд мэднэ. Хэрвээ шударга шүүсэн бол П.Бүрэнтөгс бид хоёр таарсан ч хэн нэг нь аварга болох л байсан. Өөрөөр хэлбэл хоёр аварга төрөх боломжтой наадам байлаа. Даян аварга цолтон ч төрөх боломжтой байсан. Р.Пүрэвдагва намайг давчихаад барилдааны явцад доор орчихоод "Найз нь чамаараа арслан боллоо шүү дээ” гээд далан дээр цохиж билээ. Түүнд өвдөг шороодчихоод долоо хоног харамссан байх. Би түрүүлдэг жилдээ Р.Пүрэвдагваар нэг даваа ахиулж байсан. Тахимаа өгөхдөө мань эр намайг "Заавал түрүүлээрэй” гээд бөгс рүү алгадаж байсан. Би бас л "За чи түрүүлээрэй” гээд л алгадаад явуулж байсан. Эрчүүд сайхан.

-Яарсан тал байна уу?

-Хожим бодох нь ээ тийм байсан. Тэр жилийн наадмын барилдаан сунжирсан болохоор их орой ч болчихсон байлаа. Яарвал даарна аа гэж үнэн шүү. Тайван байж, төвлөрөх бүх амжилтын үндэс юм билээ.

-Эдүгээ угсраа мэх ховордсон. Харин таны хувьд энэ тал дээр үүргээ биелүүлж байгаа бөх гэж бөх тайлбарлагчид өгүүлдэг юм билээ?

-Бэлтгэл дээрээ хийж боловсруулж, өрсөлдөгчөө хаяж чадаж байвал барилдаан дээр хийдэг юм. Хүн чинь барилдах бүртээ шинэ мэх сураад байдаг юм. Их сонин.

-Барилдааныхаа явцад уу?

-Тийм. Төгс бөх гэж ховор байх. Барилдааныг ойлготлоо олон жил явна гэсэн үг. Гэтэл үүнийгээ ойлгоод, мэдрээд иртэл бие нь харьчихсан тохиолдол олон гэж ярьдаг л даа. Тийм учраас ахмад бөхчүүдийн зөвлөгөөг сайн сонсч, туршлагаас нь суралцаж байвал тун сайн. Биеэрээ туулсан алдаа оноогоо тэд минь л хүртээмжтэйгээр бидэнд зөвлөдөг юм. Байнга зөвлөгөө авах хэрэгтэй. Нэг жил сайн хавирдаг байсан бол дараа жил нь шуудагдмаар санагдах мэтээр бөхийн барилдаан жил бүр хувьсан өөрчлөгддөг. Энэ бүхэн барилдааны явцад угсраа мэх болон уялддаг болов уу. Хутгах, бусгах, шахаж татаад өргөх, хавирах гээд л мэх бүрээ өөрийн болгох, уялдуулахыг хичээдэг.

-Унасан барилдаандаа дүгнэлт хийнэ биз. Бөх сонирхогчид улсын арслан цолтон атлаа зарим барилдаанд доогуур уналаа гэж боддог байх?

-Тийм шүүмжлэл бий. Бэлтгэл жигдрээгүй уналттай үед зарим барилдаан дээр ийм тохиолдол гарч байгаа. Бэлтгэл хийгээд ядарчихсан үедээ ч барилдаж таардаг. Бас хувийн амьдралаа зохицуулах ажил байна. Харин наадам дээр бол нойр хоолноосоо эхлэн яг тааруулж барилддаг л даа. Нөгөөтэйгүүр хүчний бэлтгэлээс эхлээд гадуур бөх маань их хөгжөөд байна шүү дээ. Өмнөх үеийг бодоход хаана ч бэлтгэл хийх нөхцөл боломжтой болчихлоо. Улсын арслан, сумын заан цолтон хоёр адилхан 150 кг шахаж байна. Хүчний бэлтгэл яг адил болчихсон. Хүч адил гэдэг тэнцүү л гэсэн үг. Манай аавын үеийн Ө.Тулгаа заан зэрэг бөхчүүд ажлаа хийж яваад л барилддаг байсан. Одоо залуус маань бүхнийг барилдаандаа зориулдаг болсныг харгалзаж үзэх нь зүй. Амьдралын хэсэг нь, мэргэжил нь болчихлоо. Харин бид өв соёлын тээгч, монгол эр хүний бахархлын дээд нь бөх хүн юм шүү гэдгээ зөв ухаарч, энэ их агуу нэр хүндийг хайрлаж явах хэрэгтэй. Энэ нь үзэгчдээ, олон түмнээ хүндлэхээс эхлэнэ. Сайн барилдаж болно. Бөхийн нэр, ёс жудгийг цэвэр ариунаар авч явна гэдэг нандин зорилго байх ёстой болов уу. Бөхчүүдийн доторх эрэмбэ, бие биеэ хүндлэх явдал, алдагдаж ёс зүйн доголдол гарах боллоо гэдэг. Энэ талаар өндөр цолтноо зайлшгүй хүндэтгэж байж цааш алхана. Дээр үеэс үүнийг ам авах маягаар зохицуулдаг байж. Хүчээр зодож жанчаад, загнаж зэмлээд байхгүй. Хаширтал нь тунаанд оруулна, ёс бус аархлыг дарна. Дээр үеийн том бөхчүүдийн яриаг сонсоход ингэж чихийг нь зөөлрүүлж, ухаан суулгадаг байсан юм билээ. Сайн ч барилддаг болно. Тэгээд хүмүүжээд, барилдаан нь нягтраад ирэхээр амлан авч замыг нь засдаг, өөрийгөө уламжлуулдаг байж. Одоо ч оноолтоор тулгадаг болохоор энэ ёс алдагдаж, огт хүндлэхгүй ч байх жишээтэй. Угаасаа л эдэнтэй өрсөлдөх хойно гэдэг хандлага илэрч байна. Ам авах ёс бол монгол бөхийн ёс жудаг, эрэмбийг харуулсан нандин чанар юм. Нөгөө талаар цолд хүртлээ мэрийсэн эрх ямбаа эдэлж буй хэрэг. Ер нь ам авахын цаана том "философи” явдаг юм.

-Нэг үе хоёр Мөнх, тэгээд хоёр Эрдэнэ, зургаан заан ч гэдэг юм уу бусдаас тасарчихсан үе байлаа. Сүүлийн есөн жилд есөн өөр бөх түрүүлснийг санаж байна. Олноос онцгой хэтийдсэн бөх алга байна аа гэвэл зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Үнэхээр тийм байгаа. Би нэг өдөр Ц.Содномдоржийг хаялаа гэхэд нөгөөд нь унах магадлалтай эн тэнцүү өрсөлдөөнтэй байна л даа. Хэн нь түрүүлэхийг таашгүй болчихоод байна. Гэхдээ бэлтгэл хэн сайн хийнэ, бэртэл гэмтэлгүй, сэтгэл зүй сайн төвлөрсөн нь л амжилт үзүүлнэ гэсэн үг.

-Өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд голдуу л багш нарынхаа заавар зөвлөгөөг сайтар дагасан байдаг. Таны хувьд ямар багшийн зөвлөгөө онцгой туссан бэ?

-Олон багш байна даа. Балжаа багш маань бэлтгэлийн үр нөлөөг сайн мэдэрсэн том бөх.  Б.Гантогтох гарьд бол бөхийн барилдааныг төгс эзэмшсэн, онол талдаа ч лут. Монголдоо маш сайн дасгалжуулагч гэж боддог шүү. Ямар бөхийг яаж тааруулах вэ гэдгээ Ганаа багш сайн мэднэ. Одгэрэл заан гээд бүх багш нар маань тун өгөөжтэй. Тэд минь "Залуу нас зурсхийгээд өнгөрнө шүү. Энэ үедээ бүхнийг хойш тавьж сур” гэдэг. Энэ үг бидэнд хууль шүү. А.Сүхбат аварга "Найз нөхдийнхөө төрсөн өдөр дээр очоод байвал бөх болохгүй шүү” гэж хэлсэн байдаг юм. Аливаад золиос байж амжилтад хүрнэ гэсэн үг. Том бөхчүүд маань ингэж л амжилтад хүрцгээсэн.

-Бөхийн удамтай гэр бүлээс гаралтай болохоор тань асууж байна. Хүүхдүүдээс тань бөхийн удам залгах нэгэн бий биз?

-Би хоёр хүүтэй. Нас нь бага байна. Чи бөх бол гэж тулгахгүй, гэхдээ горьдоно оо.

-Бөхийн ар талыг дааж яваа гэргий гэдэг ховор эрдэнэ шүү. Энэ талаар?

-Миний ханийг О.Саранжаргал гэдэг. Хэнтийн гаралтай, Дарханы бүсгүй. Гарын хоол сайтай, ёстой халамжаар дутаадаггүй дээ. Миний амжилтад энэ нь нөлөөлсөн юм. Эр хүнийг хэдий чинээ дээдэлнэ, төдий чинээ хийморь сүлд нь бадардаг, гэр бүлээ сайхан авч явдаг. Өрхийн тэргүүнээ хүндэтгэвэл улс орон нь бадран хөгжинө биз дээ. Гэтэл муусайн эрчүүд гэх хандлага газар авлаа. Энэ мэт бөхөө дээдлэх зүйлээс сайныг нь авч тусгаасай. Ганц нэг бөхийн буруу үйл ажиллагаанаас монгол бөхийг харлуулж болохгүй. Бид бие биеийнхээ сайн сайн талыг л өргөөд байх юм бол улс орон хөгжинө, энх амгалан амьдарцгаана. Бид цөөхүүлээ. Эвтэй, олуулаа болох шиг сайхныг өөр юутай зүйрлэх билээ.

-Ярилцлага өндөрлөх гэж байна. Танд төгсгөлийн цацал үгийг үлдээе.

-Манай "Увс нуур” галын хорин жилийн ой тохиож буй түүхэн мөчид ярилцлага өгсөндөө бэлгэшээж байна. Ойгоо тохиолдуулан галаас их спортын чөлөөт, жүдо, самбо бөхийн төрлөөр улсын чанартай тэмцээн зохион байгуулах зэргээр өндөр ач холбогдолтой цуврал үйл ажиллагааг зохион явуулж буйд галынхандаа талархаж байна. Манай гал олон жил сайн зохион байгуулалттай явсны үрээр төрийн наадмын олон түрүү, үзүүрийг авлаа. Жүдогийн хувьд дэлхийд өндөр амжилт гаргалаа. Манай гал бол спортод элэгтэй бөхийн зүтгэлтэн, тамирчдын уулзах газар болсон ээлтэй дэвжээ шүү. Янз бүрийн мэргэжилтэй нутаг орноо гэсэн хүмүүс цуглаж амжилтын эрч хүчийг цацруулж байна. Эвсэг, халуун уур амьсгал ноёлсон нь үнэхээр сайхан.Наадмын бэлтгэлд гарахад л халуун сэтгэлээр өлгийддөг "Харзтай” амралтын газрын хамт олон байх. Олон улсын мастер тогооч, дэлхийн аварга шалгаруулах нэг тэмцээнээс л хоол хийх урлагаар 7-8 медаль нэг дор хүртсэн Б.Дэлгэр эгчийнхээ сэтгэл шингэсэн хоолыг идэхэд л эрч хүч буцалж эхэлдэг. Галын тэргүүн Д.Дорлигжав тэргүүтэй удирдлагууд болон Д.Одхүү, Б.Чойжилсүрэн нарын олон сайхан ах нар байна. Бас "Химон”   констракшн,   ТЭЦ-3-ынхандаа талархаад баршгүй. Хүний сэтгэл багаддаггүй шүү. Олон хүн бий.

МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч

Битогтохын Цогнэмэх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>