Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гацжээ

81

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох удирдлага, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо. 

 

10 дугаар хорооны иргэдийн хувьд эхний ээлжийн 23 айлыг эхний ээлжинд барьсан барилгад оруулсан. Гэрээ байгуулсан бусад иргэдийн хувьд дараа дараачийн баригдах орон сууцуудад орно. Тус хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж буй "Грин ресурс” компанийн хувьд барилгаа барьсан боловч дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгөөгүйн улмаас удааширч зогссоныг илэрхийлж байлаа.

Нийслэлийн төсвөөс 2017, 2018 онд мөнгө суулгасан боловч өнгөрсөн оных нь тендерийн маргааны улмаас шийдэгдээгүй, энэ оны мөнгө төгрөг нь шилжээгүй байгаа аж. Энэ мэтчилэн ажил удааширсан тул өнгөрсөн онд тус компани өөрийн зардлаар дэд бүтцийг шийдвэрлүүлж, эхний ээлжийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Харин дараагийн ээлжийн барилга эрчимтэй явж байгаа тул ирэх оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна. 

Иргэдийн хувьд 2014 онд гэрээ байгуулсан боловч удаан хүлээлгэж буй асуудлыг хөндөж байлаа. Мөн 9 дүгээр гудамжнаас эхлэнэ гэж байсан байсан боловч дэд бүтцээс болоод урагшаа барилга барих болж орхигдож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан юм. 

Харин 22 дугаар хороонд барилга барих "Очирням” компанийн хувьд айлуудтай гэрээ байгуулж газраа чөлөөлсөн боловч дулаан техникийн нөхцөл аваагүйн улмаас барилгаа эхлүүлж чадахгүй байгааг илэрхийлж байлаа. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын удирдлага тус компанийг хариуцлагатай хандаж, ажлаа түргэвчлэхгүй бол болих хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. 

Энэ мэтчилэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлын улмаас удааширч, иргэд болон компаниудын хооронд үл ойлголцол бий болгосоор байгаа юм байна. Иймд цаашид иргэдийг хүлээлгэж буй эл асуудалд дор бүрнээ анхаарч, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байгааг талууд онцолж байлаа.

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын алба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.