Ард түмэн Засгийн газраас юу хүсч хүлээж байна вэ?
Улс орны улс төрийн болон нийгмийн амьдралд амаргүй түүхэн зурвас үед бид ажиллаж, амьдарч байна. 2016 оны УИХ-ыг сонгох сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудал авснаар засаг, төрийн бүхий л эрх мэдэл тэдний гарт шилжсэн. Тэд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай Засгийн газраа байгуулж, ажилдаа шуурхайлан орсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийн хувьд уначихсан, гадаад өр 24 их наяд төгрөгт хүрсэн, улс дефолд зарлах уу, яах уу гэдэгт тулчихсан гүйцэтгэх засаглалыг хүлээж авсан. Улс орны байдал хүндхэн байсан ч тэд зүгээр суусангүй. Эдийн засгийн уналтыг зогсоох зоримог алхам хийж, юуны түрүүнд Олон Улсын ВалютынСангийн хөтөлбөрт хамрагдсан. 2017 оны долоодугаар сарын байдлаар эдийн засаг 5.3 хувиар өссөн уналттай байсан эдийн засгийг зогсоож, идэвхжүүлж эхэлсэн ба экспортолж байгаа нүүрсний үнэ 50 ам.доллар байсан бол 120 ам.доллар болж хоёр дахин өссөн. Алт хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Малчид шаргуу хөдөлмөрөөрөө 20 гаруй сая төл бойжуулж, 66 сая толгой малтай болсон ажлын ололт байлаа. Гэвч Засгийн газар татвар, төлбөр нэмэхгүй гээд нэмсэн, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоогүй, концессын гэрээний мөнгийг хувийн компанитай долоон сайдад олгосон, амлалтаасаа ухарсан гээд шүүмжлэлд өртсөн нь Засгийн газрыг огцруулах үндсэн шалтгаан болсон. Үүн дээр УИХ-ын 65-ын бүлгийн 31 гишүүн, АН-ын есөн гишүүнтэй хамтарч Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг ээлжит бус чуулганд оруулснаар чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн газар огцорсон. Энэ Засгийн газар нэг жил хоёр сар ажиллаж үйл ажиллагаа нь дуусгавар болох нь энэ. Засгийн газар огцорч төр тогтворгүй болно гэдэг ард түмний хүсэн хүлээгээд байдаг зүйл биш. Аль ч улс гүрэнд Засгийн газар нь огцроход ард түмэнд хожил ирдэггүй. Харин улстөрчид, эрх мэдэл горилогч олигарх бүлэглэлүүд зөөлөн суудалд заларч, санаснаа гүйцэлдүүлэх боломжийг бий болгодог. Манай улсад Засгийн газраа олон удаа огцруулснаар онож байсан нь ховор. Алдаж, эндэж, хөгжил дэвшил саарч, нэгдсэн бодлого алдагдаж, ард түмний амьдралд сөрөг ур дагавар авч ирэх нь олонтаа Бид "Азийн бар" болно гэж ярьж байсан үе бий. Төр, засгаа тогтвортой ажиллуулж улс орны ойрын болон дундын, алс хэтийн хөгжлийн стратеги нэгдсэн бодлого, хөтөлбөртэй байсан, түүнийгээ төр барьсан намууд мөрдлөг болгон ажилласан бол одоо бар болчихсон байх ч юм билүү хэн мэдлээ. 2017 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр болсон эрх барьж байгаа МАН-ын XXVIII Их хурал, бүхий л эрх мэдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт өгсөн тул олон нийт найдлага тавьж харж сууна.