Дэлхийн хөлбөмбөгийн аваргууд хаана амьдардаг вэ

129

Хойд хөрш Орост нэг сарын турш зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ дууслаа. 11 хотод явагдсан уг тэмцээн Францын ялалтаар өндөрлөсөн нь сүүлийн жилүүдэд тохиосон хөлбөмбөгийн хамгийн тод томруун үйл явдал болсон юм. Тэгвэл хөлбөмбөгийн аваргууд, мөн тэмцээний од болсон Хорватын шигшээгийн ахлагч Лука Модрич нар тэмцээний дараа хаашаа явсан бэ, тэд ер нь хаана амьдардаг юм бол.

Лука Модрич

Югославын дайны хүнд үед хүүхэд насаа өнгөрөөж, мөнгөгүй, өлсгөлөн, ойр дотны хүнээ алдахын харуусал дунд зовлон үзсэн тэрбээр зочид буудлын дэргэдэх машины зогсоолд хөлбөмбөгөөр хичээллэдэг байхад нь нэгэн гэр бүл өргөн авсан гэдэг. 

Модричийн хөлбөмбөгийн карьер  тийм ч амар эхэлсэнгүй. Олон хүн хүүг хэтэрхий турьхан, жижигхэн, туниа муутай гэж үзэж, амжилтад хүрэхэд нь эргэлзэж байв. Гэвч 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогч тэрбээр хүүхэд насандаа туулсан бүхний хүчээр шаргуу, зоримог болж чаджээ. 

Модрич эхнэр, гурван хүүхэдтэйгээ Мадридад амьдардаг. Хөлбөмбөгчин эр Испанийн "Реал Мадрид"-д шилжиж ирснээс хойш буюу 2012 оноос хойш гэр бүлээрээ энд амьдрах болжээ. Гэхдээ зун бүр Хорватдаа ирж, Адриадын тэнгисийн эрэг дээр амрахыг хичээдэг. 

Килиан Мбаппе

Францын шигшээ багийн довтлогч, 19 настай Килиан Мбаппе тэмцээний хамгийн залуу тоглогчоор тодорсон. Африк гаралтай франц эр Мбаппе Парисын Бонди хэмээх дагуул хотод төрсөн. Өдгөө хотын барилгын нэгийг хөлбөмбөгчний зурагтай аварга том граффитигээр чимэглэжээ. 

Мбаппе өөрөө аав ээжийнхээ гэрт байсан өөрийнхөө өрөөг, дараа нь хөлбөмбөгийн академийн нийтийн байрны өрөөгөө Криштиану Роналдугийн зургаар чимж, түүнийг шүтэн биширдэг байв. 

Хэдийгээр залуу хөлбөмбөгч од болж, дэлхий дахинаа алдаршсан ч одоо ч машингүй хэвээр. Бас өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй. Тэрбээр өдгөө хөлбөмбөгийн клубынхээ баазад амьдарч, хаа нэгхэн гэрийнхнээ тэндээ авч ирдэг байна. 

Тэрбээр олсон орлогынхоо ихэнх хэсгийг сайн үйлсэд хандивладаг бөгөөд өөрт нь мөнгө тийм ч их хэрэггүй гэж үздэг байна. Тэрбээр сайн тоглохын тулд л хөлбөмбөг тоглодог гэжээ. 

Антуан Гризманн

ДАШТ-ий хүрэл медальт Гризманн магадгүй хүүхнүүдийн зүрх сэтгэлийг хамгийн ихээр булаагчдын нэг. 2016 онд Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн бөмбөгийн эзэн болсон тэрбээр энэ оны эхээр дэлхийн аварга хэмээн эрхэм цолтой болсон. Эхнэртэй. 2018 оны эхнээс гэр бүлээрээ Барселонад тохирох байр сууц хайж байгаа гэнэ. 

Антуаны эхнэр Эрика үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан болохоор Барселона болон ойролцоох хотуудад Мадридын Ла Финка дүүргийнх шиг нь байр сууц нэлээд хайжээ. Тэдний хувьд хотожсон дүүрэгт, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах сонирхолтой гэнэ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.