Мөрдэст завгүй бүсгүй

63

Цалин багатай ч цаг наргүй ажилладаг цагдаа нарыг би ихэд хүндэлдэг юм. Нэгэн цагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дурлаж бүр "өвчилж” цагдаа нартай ажлын шаардлагаар ойр дотно нөхөрлөж явсны хувьд тэдний сайн нэргүй сайхан мэргэжлийн зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэднэ. Тийм ч учраас хэн хүний амнаас зоргоороо гарах "Энэ муу цагдаа нар...” гэх үгэнд яснаасаа дургүй.

Булган аймгийн уугуул Хар халбагат овгийн Пүрэвсүрэнгийн Оюунчимэг Монгол улсын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн хэдэн зуун мянган цагдаа нарын нэгэн төлөөлөл. Харин тэр нийгмийн хэв журмыг сахиулах хүнд үүргийг эрчүүдтэй мөр зэрэгцэн эн тэнцүү гүйцэтгэж яваа бүсгүй гэдгээр ялгарна. П.Оюунчимэг найман хүүхэдтэй айлын ганц охин учраас багаасаа эршүүдхэн өссөн.

Прокурор аавынхаа хүслийг гүйцээн хуульч болохыг битүүхэн мөрөөддөг хүүхэд байжээ. Гэсэн ч олон ахтай охин хүүхдийн жишгээр ихэнхдээ эрэгтэй хувцас өмсөн хөвгүүдтэй нийлж гудамжны үзүүр, сагсны талбайд вандан сахиж өнждөг байсны гороор их сургуулийн улаан шугам доогуур "хамраараа тасдуулж”. Магадгүй аав, ээж нь ганц охиндоо үг хэлж чадахгүй танхи өсгөсөн хэрэг биз. Тиймдээ ч 19 настай айлын эхнэр болж, сайхан амьдрал төсөөлөн улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон гэдэг.

Хүний газар бэр болон очих хэцүү юм билээ гэж ярихад нүдэнд нь гуниг хурахыг мэдэрсэн юм.

Нэгэн насны хань минь хэмээн итгэж дагасан хүн нь бор дарсанд хөлчүүрхэн дурлах болоход архигүй орчинд өсч хүмүүжсэн хэрсүү охин том зүрх зориг гарган нэг л өдөр нялх хүүхдүүдээ дагуулан тэр айлын хаалгыг гаднаас нь хаажээ. Зөв шийдвэр байсан гэдэгт тэр одоо ч итгэлтэй байдаг.

Аавынхаа чин хүслийг гүйцээх хүсэл түүний сэтгэлийн үзүүрт хадгалагдсаар... Жил бүр МУИС-д элсэх шалгалт уйгагүй өгсөөр л. 1991 онд хөдөлмөр эрхлэх зарын дагуу явсаар Цагдаагийн Ерөнхий газарт цай зөөгчөөр ажилд орсон нь санамсаргүй тохиолдол бус бурхнаас илгээсэн хувь тавилан байсан гэлтэй.

Тэнд хоёр жил гаран цай зөөж байх үед боловсон хүчин нь дуудаж "Чи Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгвөл яасан юм бэ?” гэж асуусан нь ёстой л загатнасан газар маажих шиг санагджээ. Байнгын бэлтгэлтэй түүнд бодох ч хэрэг байсангүй. Нийгэм, орос хэл, математикийн хичээлээр шалгалт өгч өндөр оноогоор тэнцэхэд нь цай зөөгчөөс ийм хэмжээний мэдлэг оюун гарна чинээ төсөөлөөгүй журмын нөхөд нь ихэд гайхан бахархаж байсан гэдэг.

П.Оюунчимэг 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байхдаа ЦЕГ-т цай зөөгчөөр ажилласаар байсан нь тууштай зангийнх нь илрэл байлаа. Мэргэжлийн сургуулиа дүүргэсэн залуухан офицер бүсгүй Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Хүүхдийн байцаагчаар томилогдон ирж байсан нь саяхан мэт.

Дараа нь Сэлэнгэ аймгийн Хөтөлийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, 2012 оноос "Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэст үүрэг гүйцэтгэх болжээ. Өмнө нь гудамж талбайд, гэр орондоо агсан согтуу тавьсан хүнд "гарууд”-тай а