ХСҮТ-ийн туяаны аппарат эвдэрсэнд хариуцлага хүлээх эзэн байна уу?

67

ХСҮТ-ийн туяаны аппарат эвдэрсэнд хариуцлага хүлээх эзэн байна уу?

Австрийн Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хавдрын туяаны аппарат авсан байсныг суурилуулж амжаагүй байтал нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас ус орж эвдэрсэн гэх мэдээлэл гарсан. Эвдэрсэн туяаны аппаратыг засахад 400 мянган ам.доллар шаардлагатай тухай мэдээллийг ч холбогдох албаны хүн өгч байсан юм.

 Тэгвэл энэ асуудлаар холбогдох албаныхны байр суурийг хүргэж байна.

Д.Сарангэрэл: Хохирлын хэмжээг тогтоогоогүй байна

/Эрүүл мэндийн сайд/

ХСҮТ-ийн туяаны аппарат эвдэрсэнд хариуцлага хүлээх эзэн байна уу?

Долдугаар сарын 10-нд орсон борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн байранд үерийн ус оржээ. Уг төхөөрөмжийг өргөн 2-3.5 метр бетон ханын дунд байрлуулах зориулалттай. Агуулах руу хийгээд, усанд автсан зүйл ерөөсөө байхгүй. Австрийн Засгийн газраас 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр авсан туяаны шинэ аппарат суурилагдаагүй байна. Туяаны хоёр аппаратыг тусгай зориулалтын нэг нэг өрөөнд суурилуулсан. Харин нэг өрөө нь хөлийн шагайгаар татсан усанд автсан байна. Энэ асуудал олныг шуугиулах хэмжээнд хүрлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа шиг 400 мянган ам.долларын засвар хийх хэмжээний хохирол гараагүй. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.

Ж.Чинбүрэн: Төхөөрөмжийн суурийг бүтнээр нь сольбол 200 мянган доллар

/Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал/

-Аппарат тоног төхөөрөмжийг суурилуулах явцад үерийн ус орж ирсэн. Хүчтэй цацраг ялгаруулж хорт хавдар эмчилдэг бункерээр туяаны цацраг гадагшаа цацрахгүй гэсэн үг юм. Гадагшаа ямар нэгэн туяа цацрах нөхцөлгүй байх зориулалттай өрөө. Хаалганууд нь хийгдээгүй бэлтгэл ажил явагдаж байсан. Хаалгаар дамжин ус орж ирж шагайн түвшинд хүрсэн. Зоорийн давхарга буюу бункер руу ус нэвчин орж 10-аад тооны жинтэй туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан.

Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратыг угсраагүй учраас хэвийн ажиллагааны тухай ярихгүй шүү дээ. Зөвхөн аппаратыг суурилуулах суурь усанд автсан. Харин аппаратуудад ямар нэгэн асуудал гараагүй.

Усанд автсанд төхөөрөмжийн хохирлын хэмжээг одоогоор нарийн тогтоогоогүй байна. Нийлүүлэгч Австрийн "Вамед Инженеринг” компани, үйлдвэрлэгч компанитай ямар эд ангиудыг солих шаардлагатай вэ гэдэг тооцооллыг хараахан гаргаж амжаагүй байгаа юм билээ.

Төхөөрөмжийн суурийг бүтнээр нь сольбол 200 мянган доллар болох өртөгтэй. Гэхдээ ямар эд анги эвдэрсэнээс хамаараад өөрчлөгдөх юм шиг байна лээ.

Д.Баярболд: Барилгын чанарын асуудлыг давхар шалгаж байна

/МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга/

-Зөвхөн зоорийн давхарт үерийн ус яаж орсон бэ гэх зөрчлийг илрүүлэхээс гадна шинээр ашиглалтад орсон өргөтгөлийн барилгын чанарын талаар дүгнэлт гаргана. Эхний үзлэгээ хийсэн. Одоо бичиг баримт болон захиалсан, захиалгын хяналтыг хийсэн, гүйцэтгэгч байгууллагуудын холбгдох албан тушаалтантай уулзах, зураг төсөвтэй тулгаж харах зэрэг олон ажил хийгдэж байгаа тул одоогоор эхний дүгнэлт хэлэх боломжгүй. Зам талбай, барилга угсралт, сантехник, өргөх механизм, цахилгаан гэсэн барилга дээр тавигддаг бүхий л чиглэлийн үзлэг, шалгалт хийж байна.

Т.Гантөмөр: Гүйцэтгэгч компани инженерийн шугам хоолойгоо төгс хийх ёстой

ХСҮТ-ийн туяаны аппарат эвдэрсэнд хариуцлага хүлээх эзэн байна уу?

/Улаанбаатар хотын ерөнхий менежер/

- Хамгийн гол бэрхшээл нь төсөв мөнгөний хүндрэл байдаг. Олон зам шинээр тавьж байгаа. Ус зайлуулах шугам хоолойг тавих нь төвлөрсөн төсөвтэй холбоотой. Зураг төсвийг гаргахдаа иж бүрэн төлөвлөх ёстой. ХСҮТ-ийн өргөтгөлийг гүйцэтгэж байсан хуучин компани анхнаасаа инженерийн шугам хоолойгоо төгс хийх ёстой. Тэрийгээ дутуу хийсэн гэсэн байр суурьтай байгаа.

Гэхдээ мэргэжлийн байгууллагууд шалтгааныг тогтоосны дараа бид байр суурь илэрхийлнэ. Өнгөрсөн онд Захирагчийн ажлын алба захиалагч болж зургаан эмнэлгийн гадна талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн. ХСҮТ-ийн орчны зам талбайг тохижуулж, автомашины зогсоолыг нэмэгдүүлж, орц, гарцыг сайжруулсан юм. Зургийн байгууллага, АЗХГ хяналт тавьж, Улсын комисс хүлээж авсан.

Ж.Тогтохбаяр: Үерийн усны шүүрт худаг хийгээгүй алдаа байна

/Нийслэлийн АЗХГ-ын дарга/

-Бид зургийн дагуу хяналтаа хийсэн. Үндсэн барилга маань үерийн усны системдээ үерийн ус шүүрдэх худаг хийсэн байх ёстой. Тэр нь хийгдээгүйгээс болж ийшээ ус орж ирсэн байна. Нийслэлийн хэмжээнд таван том тунель, үерийн далангийн зураг байдаг. Тэр нь 450-500 орчим сая ам.долларын өртөгтэй. Энэ далангуудыг хийгээд бүрэн ашиглалтад оруулж чадвал үер усны аюулаас сэргийлэх боломжтой. 1960-1970 оны замууд бүгд үер усны шуудуугүй хийгдсэн. Шинээр ашиглалтад орж буй замууд бүгд үерийн ус зайлуулах шугамтай.

Ч.Гантулга: Эмнэлгийнхэн өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулах гэж байгаад вакум хаалгыг эвдсэн байсан

/ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч "Зүр констракшн” компанийн гүйцэтгэх захирал/

-Бид батлагдсан зургийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Барилгын ус зайлуулах суваггүй мэтээр яриад байна. Барилгатай холбоотой зүйл байхгүй. Ус сорох шахуурга байгаагүй гэж ярьж байна. Зурган дээрээ насос байгаагүй. Байсан ч энд үерийн ус зайлуулах шугам байхгүй учраас хаана ч хийх боломжгүй. Эмнэлгийн тохижилтын ажил хийхдээ хүнд даацын индүү явснаас болж гадна талд цөмөрснийг бид дахиж засна. Өмнө нь гүйцэтгэж байсан компани зам талбай,  гадна хэсгийн ажлыг бүгдийг нь хийсэн гэж байсан. Мөн манайх зоорийн хэсэгт вакум хаалга хийж, ус нэвтрэхээргүйгээр хийгээд Улсын комисст хүлээлгэж өгсөн. Эмнэлгийнхэн өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулах гэж байгаад вакум хаалгыг эвдэж авсан байсан.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

ЛИНК: http://eagle.mn/r/48074




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.