ВЕЙСЕЛ АКЧАЙН БАРИВЧИЛГАА БА ТУРКУУД БИДНИЙГ БАСАМЖИЛАВ УУ?

631

ВЕЙСЕЛ АКЧАЙН БАРИВЧИЛГАА БА ТУРКУУД БИДНИЙГ БАСАМЖИЛАВ УУ?Өнөөдөр баасан гариг, Шоудахад таарсан өдөр...  "Ice top” хамтлагийн ингэж эхэлдэг дуу бий. Үнэхээр ч Монголд баасан гариг туйлын онцлогтой. Маргааш нь дараалсан хоёр амралтын өдөр таардаг учраас найз нөхдийн жижигхэн цэнгүүнээс эхлээд томоохон шоу тоглолт голчлон баасан гаригт зохиогддог. Бас хууль хүчний байгууллагын сүр дуулиант томоохон баривчилгаа ч энэ өдөр болох нь элбэг. Шалтгаан нь мөн л ажлын сүүлийн өдөр учраас тэр. Иргэдийн анхаарал суларсныг ашиглаж буй нь тэр. Тэгвэл бидний "баасан гариг”-ийг гаднынхан ч ашигладаг болсон нь өнгөрөгч 7 хоногийн баасан гаригт батлагдлаа. Турк улсын иргэн, Монголд 25 жил хууль, дүрмийн дагуу ажиллаж амьдарч буй жирийн багш, "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлав. Хэдэн өдөр хэвлэл мэдээлэл, сошиал орчинд энэ тухай ярьж, бичигдсэн учраас тухайн үед юу болсон, хулгайлагдсан иргэнийг хэрхэн авч үлдсэн талаар олныг нурших илүүц биз. Харин Монголд хуулийн дагуу амьдарч, ажиллаж буй Турк улсын иргэнийг хэн хулгайлах гэж оролдсон, энэ нь цаанаа ямар шалтгаантай эсэхийг өнгөц дүгнэх гээд үзэцгээе.

 

1. Монголчууд юу гэв?

 

Хэрэг болдог баасан гаригт Турк улсаас тусгай үүргийн тийрэлтэт онгоц ирж, "Чингис хаан” нисэх онгоцны буудалд "уяа”-тай өнжсөн гэдгийг бүгд л санаж буй биз. Дөрвөн зорчигчтой онгоц таван хүнтэй буцах тухай урьдчилсан мэдээллийг манай хил, гаалийнханд өгсөн гэх мэдээлэл тухайн өдөр цацагдаж байв. Тиймээс л хулгайлагдсан иргэний хэрэгтэй Турк улсын Засгийн газрыг, Туркийн тагнуул, хүчний байгууллагыг Монгол даяараа шууд хардсан. Мөн манай тагнуул энэ хэрэгт оролцсон, эс оролцсон эсэхийг ч олон нийт гайхаж байв. Зөвхөн иргэд төдийгүй гол сөрөг хүчин болох АН-ын дарга С.Эрдэнэ ч энэ талаар тун тодорхой асуултыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн юм. Тэрээр "... 1. Ерөнхий сайд таны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Тагнуулын ерөнхий газар Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вэйсел Акчайг хүч хэрэглэн авч явах талаар мэдэж байсан эсэх. Хэрэв урьдчилан мэдэж байсан бол БНТУ-ын тусгай албатай ямар нэг байдлаар хамтран ажилласан эсэх, 2. Хэрэв манай улсын Тагнуулын ерөнхий газар дээр үйл ажиллагааг мэдээгүй бол яагаад гаднын тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэв, яагаад уг ажиллагааг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ аваагүй талаар... нэн яаралтай мэдээлэл ирүүлнэ үү...”  гэсэн асуулт л даа.

 

С.Эрдэнэ даргын өчигдөр мэдэгдсэнээр энэ асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ талаар мэдээгүй, Монголын тагнуул оролцоогүй” гэдгийг л хэлжээ. Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг, Монгол Улсын нүд чих болсон тагнуулын ерөнхий газар энэ баривчилгаанд оролцоогүй бол хэн хийв гэсэн дараагийн асуулт зүй ёсоор ургаж байгаа биз?!

 

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн нийтлэлч Баабар бол шууд л Турк улсын Засгийн газар хардаж буйгаа ил тодоор илэрхийлсэн. Тэрээр "Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн билээ. Гэхдээ түүний энэ мэдэгдэл батлагдаагүй гэдгийг бас тодотгох ёстой биз ээ.

 

2. Дэлхийд юу гэв?

 

Монголчуудын энэ хардлагатай дэлхийн хэвлэлүүд ч төстэй мэдээллийг түгээсээр байна. "New York Times” энэ талаар мэдээлэхдээ "... Туркийн үндэсний  тагнуулын  газар  MIT нь Феттула  Гюлентэй  холбоотой байж магадгүй гэсэн бүхий л хүнийг илрүүлж, баривчилж байсан бөгөөд 2016 оноос хойш дэлхийн 18 орноос, 80 Турк иргэнийг хулгайлсан, баривчилсан хэрэг гарсан юм. Эдгээрийн заримд оршин сууж байсан улсынх нь Засгийн газраас туслалцаа үзүүлсэн явдал ч байв. Гэсэн ч хууль бусаар баривчилгаа явуулсан учир олон улсын төвшинд маргаан үүсэж, тус ажиллагаа саатаад байсан юм.

 

Харин  шинжээчдийн таамаглаж буйгаар энэ жил тэрхүү хоморголон баривчлах үйл ажиллагаа дахин явагдаж эхэлсэн аж. Тухайлбал ердөө нэг долоо хоногийн өмнө Украинаас Туркийн иргэн Салих Зеки Игитийг баривчлан Турк рүү илгээсэн бол өнгөрсөн сард Туркийн бие даасан сэтгүүлч, блог хөтлөгч Юсуф Инаныг  тагнуулын албаныхан баривчлан Турк руу авч одсон хэрэг гарсан юм. Энэхүү баривчилгааг Украины Засгийн газраас хамтран явуулсан аж. Түүнчлэн энэ дөрөвдүгээр сард Туркийн гадаад хэргийн сайд Бекир Боздаг нэгэн телевизийн ярилцлагадаа "Гюлений бүлэгтэй холбоотой бүхий л хүмүүсийг эх орондоо буцаан авчирч, шийтгэхээр ажиллаж байна” хэмээн өгүүлжээ.

 

Энэ оны байдлаар Косово, Азербайжанаас Турк иргэдийг баривчлан, нутаг буцаасан хэрэг гарсан байна. Косово улсаас албадан гаргасан зургаан иргэний хэрэгт тус улсын  албаныхан хамааралтай байжээ. Баривчилгааны дараа Косово улсын Ерөнхий сайд Рамуш Хадан дотоод хэргийн сайд болон нууц албаныхан өөрт нь ямар нэг албан ёсны мэдэгдэл хүргэлгүй явуулсан ажил хэмээн мэдэгдэж, дотоодын маргаан үүсэж байв...” гэж мэдээлсэн юм. Тэгвэл монголчуудын төдийгүй дэлхий нийтээр гол буруутнаар тодруулаад буй Турк улс энэ талаар юу гэв.

 

3. Туркууд юу гэв?

 

Вейсел Акчай гэрийнхээ гаднаас хулгайлагдсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлсэн байдаг. Харин үүнээс хэд хоногийн дараа буюу энэ 7 хоногт БНТУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хамм Аксойгийн өгсөн ФЕТО хэмээх террорист байгууллагын тухай Монгол Улсад хамаатуулан мэдэгдэл хийсэн нь цахим ертөнцөд хэдийнэ тархжээ. Тэрээр "...Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж байна. БНТУ эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна” гээд зогсохгүй "ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист бүтэц юм” гэдгийг тодотгосон байх юм.

 

4. Дүгнэлт

 

Туркийн Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол тэд монголчуудад үндсэндээ тодорхой мессеж өгсөн байх юм. Юу гэхээр, хэрэг болдог өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг гэсэн Турк улс хэдхэн хоногийн дараа Монгол Улсыг террорист байгууллагыг хаацайлдаг, хамгаалдаг гэж шууд буруутгажээ. Вейсел Акчайгийн Монголд байсан хугацаагаар тооцвол 25 орчим жил Монголын хууль, хүчний байгууллагууд террорист байгууллагыг хаацайлсан, бүр хөхүүлэн дэмжин ажилласан болж таарах нь. Дэлхий нийтэд хийсэн Туркийн Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлээс үзэхэд тэд биднийг, Монголын тусгай албадыг дэндүү басамжилсан юм биш үү. Нэг ёсондоо Туркууд биднийг 25 жил террористуудыг өөгшүүлсэн гэж үзэв үү? Эсвэл энэ удаагийн хүн хулгайлах хэрэгт Монголын хууль, хүчнийхэн саад хийсэнд уурсав уу? Гэхдээ тэд энэхүү ажиллагааг явуулаагүй, хүн хулгайлах гэж оролдоогүй, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ нотолсон шүү дээ. Монголын Засгийн газар ч тэднийг энэ хэрэгт буруутгасан өнгө аястай мэдэгдэл огт хийгээгүй байна. Тийм атал Монгол Улсад террористууд өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байна гэж дүгнэсэн нь ямар учиртай вэ. Лав л Турк сургуулиас төрсөн террорист, Туркуудын явуулсан терроирист ажиллагаа гэж Монголд ганц ч дуулдаагүй гэдгийг л мэдэж байна. Тэгэхээр тэд биднийг басамжилсан болж таарав уу?

 

С.Ононтуул

http://www.24tsag.mn/a/163865

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>