Ерөнхийлөгч өө, хувийн амбицаа хэсэг дарж Авлигатай тэмцэх ажлаа эхлүүлье

89

 

Ерөнхийлөгч өө, хувийн амбицаа хэсэг дарж Авлигатай тэмцэх ажлаа эхлүүльеӨнгөрсөн оны сүүлчээр олон улсын "Transparency International” байгууллагаас Монголын авлигын эсрэг системийг шүүмжилж, улстөрөөс хэт хараат хэмээн дүгнэснээ зарласан билээ. Харин энэ мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгчийн Тамгын газраас үүнийг эрс няцааж, хуудуутай дүгнэлт гаргасан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл дээрх байгууллагаас манай улсад хаягласан удаах мэдэгдлийг нь тоймлон хүргэж байна. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар төрийн тэргүүний зүгээс АТГ-ын удирдлагыг өөрчлөхөөр удаа дараа оролдож байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд хамгийн том саад тотгор учруулж буй ажээ.

Хуучин социалист орнуудыг бодвол Монгол Улсад авлигатай тэмцэх албан ёсны үйл ажиллагаа нэлээд эрт эхэлсэн ба 2007 оноос хуулийн хүрээнд тодорхой бодлого тавин ажиллах болсон. Гэхдээ өнөөг хүртэл энэ ажлын үр дүн огт харагдахгүй байгаа нь Монголыг авлигажсан орон мэтээр олон улсад таниулах гол шалтгаан болж байна. "Transparency International” байгууллагын тэргүүн Дэлиа Фэррэйра Рубиа энэ талаар "Монголын индекс энэ онд тун тааруу гарсан нь авлигын эсрэг бодлогодоо онцгой анхаарах цаг болсныг илтгэж байна. Гэтэл төрийн тэргүүний зүгээс авлигын эсрэг агентлагийн эрх мэдлийг хазаарлах, хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь үр дүнг үгүй хийх аюултай” гэж мэдэгдсэн. Тус газрынхан нэгэн анхаарал татсан асуудлыг онцгойлон тусгасан байв.

Үүнд АТГ-ын даргыг зургаан жилд нэг удаа томилох ёстой байтал 2007 оноос хойш энэхүү үүрэгт хугацаагаа бүрэн дуусгасан дарга ганц ч удаа гараагүй явдал байлаа. Өөрөөр хэлбэл, 11 жилийн хугацаанд гурван удаа АТГ-ын даргыг сольсон ба эдгээр нь дандаа улстөрийн шалтгаантай байсныг мэргэжилтэн, судлаачид цохон тэмдэглэжээ. Тэгвэл Монгол Улсын төр, засгаас хараат бус, олон улсын байгууллага ийнхүү дүгнэлтээ удаа дараа танилцуулсаар байхад манай томчуул зориуд улсынхаа нэрийг харлуулах гэсэн мэт үйлдэл гаргаж буй нь хачирхмаар.

Наад зах нь, төрийн тэргүүний зүгээс АТГ-ын даргыг солих асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэх шаардлага тавьсан. Хамгийн гол нь, ингэж шаардмагцаа УИХ-ын дарга М.Энхболдыг АТГ-ын даргыг өмгөөлж, авлигын хэргийг хаацайлж байна хэмээн шүүмжилсэн. Харин М.Энхболд дээрх асуудлаар ээлжит бус чуулганыг хуралдуулахад татгалзах зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалтай холбоотойгоор ямар нээнтэг гаргаж ирэхийг харах л үлдэж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүний хувьд АТГ-ын удирдлага руу чиглүүлсэн дайралтыг ямар ч хамаагүй шалтгаанаар өдөөж "чадна” гэсэн үг. Монгол Улсын иргэд тав дахь Ерөнхийлөгчөө сонгосноос хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа. Гэтэл тав дахь тэргүүн маань сонгогдсон цагаасаа хойш АТГ-ын даргатай зууралдсанаас өөрөөр олны тархинд шингэх ажил хийгээгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг төдийгүй хэвлэлүүд ч энэ талаар хангалттай мэдээллэсэн.

Тиймээс Ерөнхийлөгч өө, хувийн амбицаа хэсэг дарж Авлигатай тэмцэх ажлаа эхлүүлье.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11573



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.