Калифорнид дэгдээд буй гал түймрийн утаа сансраас ч харагдаж байна

18

Калифорнид дэгдээд буй гал түймрийн утаа сансраас ч харагдаж байна

 

АНУ-ын Калифорни муж улсад дэгдээд буй олон арван гал түймрийн утаа тус мужийг бүрхээд байгаагаар зогсохгүй сансраас ч хүртэл харагдаж байна.

Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн авсан зурагт Калифорни муж улсад гараад байгаа гал түймрийн утаа тод харагдаж байжээ. Энэхүү зургийг дэлхийгээс 400 километр зайнаас дарсан аж.

"Калифорни галд автаж байна. Үүнийг сансраас ч харахад айдас хүрч байна” гэж Европын сансар судлалын агентлагийн сансрын нисгэгч Александер Герст өөрийн "Твиттер” хуудсаараа жиргэжээ. Гал түймэр зөвхөн сансрын нисгэгчид гэлтгүй хиймэл дагуулын дуранд мөн өртөөд байгаа юм байна.

Дээрх гал түймрүүдийг унтраахаар 14 мянга гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа ажээ. Даваа гарагийн оройны байдлаар, гал түймэр тус муж улсын хойд хэсгийн 1146 хавтгай дөрвөлжин километр талбайг хамраад байгаагаас 30 хувийг нь л унтраасан байна. Гал түймрийн улмаас 75 орон сууц шатсан бөгөөд цаашлаад 11300 гаруй барилга байгууламж галд өртөж болзошгүй байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.