Д.Гантулгыг хүчирхийлэгч үү, гүтгэгдсэн үү гэдгийг "дэнслэнэ"

43

Д.Гантулгыг хүчирхийлэгч үү, гүтгэгдсэн үү гэдгийг "дэнслэнэ"

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүх гэж байна. Хүчингийн хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн шүүхийн хаалга татаж буй анхны эрхэм гэж хэлж болно. 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авснаас хамгийн залуу гишүүнээр Д.Гантулга сонгогдсон нь олон залуучуудад итгэл найдвар төрүүлж, залуучуудын эрин үе эхэллээ гэж бараг л улс даяараа магтан сайшааж байв. Гэвч залуучуудын дуу хоолой болж, залуучуудыг төлөөлөн сонгогдсон тэрбээр ард түмний итгэл найдварыг дааж чадсангүй. Харин ч УИХ-д сонгогдоход насны босго тогтооё гэсэн санал ард түмнээс төдийгүй хууль санаачлагчдаас гарч эхэлсэн. Нэг үгээр хэлбэл, Д.Гантулга бусад залуу үеийнхнийхээ замыг хааж, нийгэмд залуучуудын эзлэх байх суурийг ганхуулсан үйлдэл гаргасан юм. 

Түүгээр ч үл барам үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан намынхаа нэр хүндийг ч шороотой хутгаж орхисон. Намынх нь ах нар нь залуу гишүүн алдаа гаргалаа, гэхдээ түүнд боломж олгоё хэмээн түүний асуудлыг огт хэлэлцэхгүй жил гаруйн нүүрийг үзсэн ч ард түмэн хүчингийн  хэрэгт холбогдсон түүний хэргийг огт мартаагүй. Мартаагүй жил гаруй хугацаанд нэхэн шаардсаны эцэст тэрбээр өнгөрсөн зургадугаар сард өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, улмаар УИХ-ын чуулганд гишүүд дэмжсэнээр гишүүний сэнтийгээсээ бууж, иргэн Д.Гантулга болсон юм. 

Одоо нэгэнт түүнд гишүүний бүрэн эрх гэсэн хамгаалалт байхгүй тул шүүх үнэн мөнийг тогтоож, хэргийг эцэслэн шийдэх хэрэгтэй. Эхнэртэй, бүр бага насны бяцхан охинтой байж элдэв охид хүүхнүүдтэй орооцолдон бусдын охиныг хүчирхийлнэ гэдэг гишүүний ёсзүй байтугай хүн чанарын хувьд ч байж боломгүй ноцтой үйлдэл.

Байсхийгээд л бага насны хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэх аймшигт мэдээлэлд цочирдож, хууль санаачлагчдаас энэ төрлийн гэмт хэргийн хуулийг чангатгаж өгөөч хэмээн хүсч байхад хууль санаачлагч эрхэм гишүүн нь өөрөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь байж боломгүй асуудал байв. Тэгэхээр шүүх энэ хэргийн үнэн мөнийг заавал зөв шударгаар шийдэж, хэрэв үнэхээр хүчирхийлсэн нь тогтоогдвол зохих шийтгэлийг нь оноож, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг. Монгол Улс хүчирхийлэгчдийг өөгшүүлдэггүй гэдгийг харуулах хэрэгтэй. Хэрвээ хүчирхийлээгүй бол өдий хүртэл хүчирхийлэгч нэр зүүж буй түүний нэрийг цэвэрлэх хэрэгтэй. 

Юутай ч шүүх өнөөдөр иргэн Д.Гантулгын гэм буруутай эсэхийг дэнслэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутган шүүх юм. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Б.Анир 

http://www.zaluu.com/read/27b1f571g

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.