Нутгийн бор толгод нулимстай хүлээх нь бий

96

Нутгийн бор толгод нулимстай хүлээх нь бий

 

Үглээ жаахан болжмор үүрийн гэгээ татаж, алтан шаргал нарны туяанд баясан шулганахад гүн шөнийн нойроо харамлаж ядан нүдээ нээв. Хамгийн арын суудалд тухлан суусан миний бие удаан хүлээсэн, зорьсон, догдолсон аялалдаа гарч буй нь энэ. Хэдийгээр холын Завхан нутагт төрж, булаг шандных нь усаар ундаалж өсөөгүй ч энэ л нутгийн бэр болох хувьтай төрсөн учир нутгаа зорих ханиасаа ч илүү баярлан хөөрч, байгалийн сайхныг нь тольдохоор яаран айсуй. Өсч төрсөн газар минь их хөлийн Улаанбаатар. Хотоос илүү сайхан газар үгүй мэт санаж, гэрээсээ холдож үзээгүй миний хувьд, 1100 километрт аяны жолоо залах нь чанга даваа байв. Тэртээ алсыг холбон зурайх засмал зам барагдахгүй мэт. Гэвч уйдах зав үгүй. Холыг зорьсон миний хувьд байгалийн сайхныг харж, сэтгэлээ баясгаж явах нь нэг ёсны таашаал байв. Их хотын чимээ анираас хол. Тэртээд харагдах алсыг ширтэж явахаас өөр амар амгалан үгүй мэт. Хаашаа ч харсан цэлийх их талд таван хошуу мал тааваараа бэлчиж харагдана. Хаа нэг уурга барьсан адуучин залуу салхи татуулан давхиж, адуугаа хураах. Танан цагаан хонин сүрэг талд цацсан сувд шиг үгээр хэлэхийн аргагүй үзэмж төгс харагдах нь үнэхээр сайхан. Ихэр цэнхэр ишиг ижийдээ эрхлэн тонгочих нь хүртэл их талын элгэнд ургасан хөх яргуйг санагдуулам өхөөрдөм харагдах ажээ. Өвөр дээр минь үүрэглэн явсан жаахан охин минь хүртэл "Ааваа энэ юу вэ, тэр юу вэ” гээд ам хуурайгүй шулганах нь надтай адилхан догдолж буйг нь илтгэх. Хүүхэд гэдэг элэгтэй ажээ. Хэлд орсон цагаасаа л "Би Завханых” гэдэг байсныг нь санаад инээд ч хүрэх шиг. Үнэхээр уг гарлаараа үр минь Завханых. Хүүхэд насны гэгээн дурсамжаа үлдээж, хаваржааныхаа ард байх ихэр жаахан толгодод ажил үйлсээ даатгаад гарсан нутгийн бор хүү хэдийнэ гал голомтоо бадрааж, айл гэрийг тэргүүлэх өрхийн тэргүүн болжээ. Энгэр бэлд нь тоглож өссөн нутгийн ууландаа мөргөж, хүүхэд насаа дурсаж, ажил, амьдралаа даатгахаар хүлгийн жолоо залсан нь энэ юм. Надаас ч илүү нутаг руугаа яарах хань минь нутгийнхаа тухай үргэлж сонирхолтой яриа дэлгэдэг юм. "Өвс нь халиур­сан, ижил хоёр толгод бий. Тэр жижигхэн толгодын бэлд анх хөлд орж, хурга ишиг хариулж, эрийн цээнд хүрсэн” гээд л. Сэтгэлд нь гэгээн бүхнийг үлдээсэн тэр л нутагт хурдан очихсон гэсэн бодол тээсээр нэг л мэдэхэд нүдний минь өмнө цэлийх их нуурыг олж харав.

 

ТЭРХИЙН ЦАГААН НУУР ОРЧИМ ЖУУЛЧИН БАГА БАЙНА

 

Бид аяллынхаа яг дунд оржээ. Нарны улбар туяа нуурын толион дээр буух нь үзэсгэлэнтэй. Биднийг мотоцикль хөлөглөсөн нутгийн залуу угтсан юм. Б.Батбаярынх нуурын хөвөөнд гэр амралт ажиллуулдаг юм байна. Тэрээр "Нуурын хөвөө дагаад манайх шиг гэр амралттай айл олон бий. Жил бүр наадмын үеэр гадаадын жуулчид их ирдэг. Харин энэ жил бороо хур элбэгтэй болоод ч тэр үү харьцангуй цөөн байна” гэв. Бид замаас гарч 200 гаруй метр яваад дараалсан дөрвөн гэрийн гадаа буув. Эхний гэр Б.Батбаярынх. Гэрийн эзэгтэй болох шавилхан бор бүсгүй аагтай цай, шинэхэн өрмөөр дайлав. Гэрийнхээ унинаас гиц татаж мах борцолсон харагдана. Хоолны шүүгээнийхээ нэг тавиур дээр ааруул зүсээд ярайтал нь өржээ. Түлээний хайрцагт нь аргал дүүрэн. Эднийх хоёр хүүхэдтэй бөгөөд үсээ хоёр салаа сүлжсэн том охин нь цай аягалж, галаа өрдөх нь хэзээний ажил сурсан, хөдөөний хөдөлмөрч хүүхдийн нэг гэдгийг нь илтгэх шиг. Ийнхүү бидэнд хамгийн цаад захын гэрийг зааж өгөв. Таван ханатай, ширмэл ширдэгтэй энэ өргөөнд үргэлжилсэн наар засчээ. Нар хэдийнэ хэвийсэн учир тооноор гялтганах оддын зүг хараа бэлчээж, тулганд дүрэлзэх аргалын дотно үнэрт тайван нойрсохоор гэрлээ унтраалаа.

Гэрийн гадаа хэн нэгэн ирсэн бололтой. Хоточ банхар хуцаж чимээ өгөхөд сая нүдээ нээв. Тэрхийн цагаан нууранд хэдийнэ өглөө иржээ. Хаалгаар шагайвал үсээ хоёр салаа сүлжсэн өнөөх охин хэдэн үхэр туусаар нуурын зүг айсуй. Нуурын хөвөөгөөр дуу аялан алхах сайхан юм. Хажууд шулганах эрх хонгор үр минь "Ээжээ тэр шувуу. Болжмор мөн үү” гэхэд нь булцгар гараараа заасан зүгт нь харвал хос хун ижилдэн буужээ. Тэргүүнээ ихэмсэгээр дээш өргөн тайван хөвөх хун шувуу өөрийг нь болжмортой зүйрлэсэн охиныг минь өхөөрдөх шиг далавчаа дэвж, ус цацруулах нь үзэсгэлэнтэй. Энэ том нуур хос хунтай болоод хоёр жилийг үджээ. Нуурын хөвөөнд хааяалан буусан гурван майхан байв. Сонирхвол Америкаас ирсэн жуулчид байв. Цаахантай нь жуулчид руу дөхөж буусан нутгийн худалдаачид байна. Тэд ааруул, сүү, өрөм, эсгий гэрийн жижигрүүлсэн хийц, Архангай аймгийн газрын зураг гээд гар дээрээс худалдаа хийдэг гэнэ. Шинэхэн өрөм 8000 төгрөг гэж байв. Ийнхүү тэр их нуурыг үзээд зорьсон газар болох Завхан аймгийн Цагаанхайрхан сумын зүг хүлгийн жолоо заллаа.

 

ОЧИРВААНИЙ ТАХИЛГАТ НУТАГ ХУР БОРООТОЙ УГТАВ

 

Замдаа Чулуутын хавцал, Хоргын тогоогоор дайраад Архангайн нутгаас гарав. Завхан аймаг руу ойртох тусам сэтгэл гэгэлзэнэ. Цаг явахгүй, зам хорогдохгүй байгаа юм шиг. Өдрийн нартай уралдаж Тэлмэнгийн хөндийд ирлээ. Тэлмэн сум нь  Улаанбаатар хотоос 860 км, аймгийн төвөөс 122 км зайд байрладаг. Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг, Яруу, Идэр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумтай хиллэдэг юм байна. Хойд захаар Булнайн нуруу, Буга өндрийн нуруу, баруун урд хэсэгт Хангайн нурууны Хөх чулуут, Цагаан чулуут, Өгөөмөрийн нуруу гэсэн уултай. Өмнө хөл тавьж үзээгүй миний хувьд Завхан нутаг руу ойртох бүрт сүрлэг том уулсын дунд оршдог юм байна гэсэн төсөөлөл төрж эхлэв. Их уулсыг ороож хөтөлсөн эгц давааг давахад Улиастай хот тэртээд харагдана. Дөнгөж хот руу ороход номин хөх тэнгэрээс зөөлөн бороо шиврэх нь таатай. Монголчууд хувьтай хүн хур борооноор гэдэг. Хүүгээ ирсэнийг харлаа гээд Очирвааний тахилгат нутаг хур бороогоо илгээж, аян замыг минь мялаах шиг сэтгэлд нэг л таатай мэдрэмж төрж байв. Хотын төв хөдөлгөөн ихтэй угтлаа. Миний бодсоноос харьцангуй том хот байна. Хоёр ч том худалдааны төвтэй. Эх нутагтаа ирсэн эгэл хөвгүүнийх нь эхний хүсэл Очирваань шүтээндээ мөргөх байв. Улиастай хотын зүрхэн тольтод ард иргэдийнх нь сүсэглэн залбирдаг суварга, Очирваань бурхан залаастай бий. Суваргын алтан ганжирс нарны туяанд нүд гялбах нь үзэсгэлэнтэй. Тэнд очиж сүсэглэн залбирлаа. Харин бодол оюуныг минь өнөөх ихэр хоёр толгод ээрсэн хэвээр байв. Улиастай хотоос 20 хүрэхгүй километр яваад Цагаанхайрхан сум бий. Тэнд л зорьж ирсэн гол утга учир минь биднийг хүлээж буй. Ийнхүү хотоос гарч, сумын зүг давхив. Хөтөл ороож,  даваан дээр гарахад хэсэгхэн зуур тэнгэр цэлэмсэн юм. Зорьж ирсэн хүн бүхний сүсэглэн залбирдаг овоон дээр гарч сүү өргөхөд тэртээд харагдах сэмжин цагаан үүлсийн цаанаас мөнх цаст Отгонтэнгэр хайрхан цайран үзэгдэх нь сүрдмээр. Бороо орох нь битгий хэл тэнгэр цэлмэг үед ч харагддагүй энэ хайрхан энэ өдөр тодоос тод, үзэсгэлэнт төрхөө  гайхуулах нь сэтгэлийг минь хөдөлгөж орхив. Хайрхны зүг сүү өргөлөө. Сэтгэлдээ "Үр хүүхэд биднийгээ ивээж, хайр ивээлдээ багтаагаарай” гэж сүсэглэлээ. Завхан аймгийн Цагаанхайрхан сум зуншлага сайхан байна. Зүлэг нь өвдөгнөөс жаахан доогуур ургажээ. Хур бороо элбэгтэй, сай­хан жил болж буй тухай нутгийн малчид ярьж сууна. Зорьсон газраа ирлээ. Ханийн минь ярьдаг, хэдийнэ танил болсон өнөөх хоёр толгод. Хэдийгээр сүрлэг том биш ч, энэ амьдралаа хамт туулах эрхэм хүний минь өссөн газар, угаасан ус гэж бодохоор сэтгэлд нэг л ойр. Өсч төрсөн газраа идээний дээжээ өргөж, хүндэтгэл үзүүлэхэд өнөөх номин тэнгэрээс зөөлөн бороо гэнэт шивэрч эхлэв. Нутгийн бор толгод нулимстай хүлээх нь бий.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ч.ГАНТУЛГА


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.