ТҮШЭЭДЭД ТООГДООГҮЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

95

ТҮШЭЭДЭД ТООГДООГҮЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЛ.Ганчимэг

Цагийн сайханд (2013 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн 5800-гаад хүүхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 3240 болтлоо буурсан) МСҮТ, политехник коллежуудын нэр хүнд мандаж явахад арванхоёрдугаар анги төгссөн дүүгээ эцэг, эхээс нь тас зөрөн байж Дархан-Уул аймаг руу "цөлж” билээ. Сайндаа ч биш, өвөл нь сурвалжилгаар явж байгаад мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын танилцуулга номыг олж авсан тулдаа тэндээс "Дархан-Өргөө” политехник коллежийн нэрийг мэдэж авсан хэрэг. Өндөр төлбөртэй их, дээд сургууль, эсвэл мэргэжлийн курс дамжааны төвүүд шиг нийгэмд өөрсдийгөө сурталчлах зардал мөнгө МСҮТ, политехник коллежуудад байдаггүй.

Хөдөөнөөс ирэнгүүтээ таних ганц ч хүнгүй газарт очсон дүү минь гурван жил төлбөргүй сурч, дотуур байранд үнэгүй амьдраад (дээрээс нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байв) гагнуурчнаар төгссөн юм. Амьжиргааны цөөхөн малаас өөр хөрөнгө хогшил гээд байх зүйлгүй гэр бүлийнхэндээ дараа болохгүй, авсаархан зардлаар техникийн боловсрол эзэмшсэн дүү минь өдгөө барилгын нэг компанид сарын хоёр сая шахам төгрөгийн цалинтай ажиллаж буй.

Дунд сургуульд тохой нийлүүлэн сурсан, нэг голын найз нь харин Монголын үндэсний их сургуулийг барилгын инженерээр төгсөөд, одоо мөн л нэгэн компанид түүнийхээс даруй 200 мянган төгрөгөөр бага цалинтай ажилладаг. Хөвгүүдээ хүний өмнө үзүүлэх "юм”-тай болгох гэж зүтгэсэн аав, ээжийнх нь хүсэл адилхан боловч ялгаатай нь гэвэл нэг нь есөн сая гаруй төгрөгөөр (энэ хугацаанд гэрийнхэн нь хоёр ч удаа малчны зээл авсан гэдэг) хүслээ биелүүлсэн. Гэвч эцэстээ ажлын талбарт гарахаар их сургуулийн болон техникийн боловсролын дипломын ялгаа үнэндээ байхгүйг аав, ээжүүд нь одоо л ойлгож буй.

Дээрх жишгээр өнөө жил есдүгээр анги төгссөн хамаатны бас нэг охиныг аймгийнх нь МСҮТ-д өрөг угсралт гэсэн мэргэжлээр оруулах гээд ядчихав. "МСҮТ чинь таны яриад байгаа шиг биш болсон гэнэ лээ. 70 мянган төгрөгийн тэтгэлгээ ч өгөхөө больсон. Бас намайг 17-той төгсөхөд насанд хүрээгүй гээд ажилд авах газар олдохгүй. Үргэлжлүүлээд тэр чиглэлээрээ их, дээд сургуульд суръя гэхээр заавал ЭЕШ өг гэдэг. Кредит цагийг нь ч дүйцүүлж боддоггүй гэсэн” гээд үгүйсгэх аргагүй болтол ам таглах нь тэр. Намайг уулзана гэхээр "Ингэ, тэг” гэж гарцаагүй шахаж шаардана гэдгийг мэдээд бэлдсэн юм уу, ямартай ч энэ зэргийн мэдээлэлтэй байгаад нь дүү охинд талархах сэтгэл төрсөн.

Үнэхээр л 2014 онд есдүгээр анги төгссөн 10 928 хүүхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэж байсан бол өнгөрсөн жил ердөө 5809 сурагч энэ салбарыг сонгосон байх юм. Энэ нь харин ч өмнөх оныхоос 400-гаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Гурав, дөрөвхөн жилийн дотор МСҮТ, политехник коллежуудын нэр хүнд яагаад ингэтлээ доройтож, юунаас болоод ийшээ зүглэх хүүхэд залуусын тоо хоёр дахин буурах болов.

ХНХЯ-наас авсан мэргэжлийн боловсрол, сургалтын статистикаас харахад 2008, 2009 оны үед бол наймдугаар анги төгссөн сурагчдаас даруй 15 мянга нь энэ салбар руу жилийн жилд хүч нэмэн орж ирдэг байж. Тэгэхээр "хорт хавдар”-ын шалтгаан нөхцөл бүр тэр үеэс эхлэл нь тавигдаж, яван явсаар өдгөө зарим хүнд анзаарагдахуйц шинж тэмдэг илэрч байгаа бололтой. Аль ч улс орны боловсролын нэгдсэн тогтолцооны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг болох мэргэжлийн боловсролын салбар манайд хэрхэн орхигдож, орон зай нь ханхайж эзэнгүйдэх болсныг эндээс улбаалаад ухаж төнхөхийг зорилоо.

 

Untitled-4(1) Түшээдэд тоогдоогүй мэргэжлийн боловсрол
 
 
 

 

АНХАН ШАТНЫ НЭГЖ НЬ БОДИТ БАЙДЛЫГ ЮУ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ВЭ

"Монголд мэргэжлийн боловсролын талаар төрөөс баримтлах тууштай, нэгдсэн бодлого алдагдсан. Энэ салбарт баримжаалах ямар ч зүг чиг алга. Хамгийн том алдаа нь мэргэжлийн боловсролын сургалтыг БСШУСЯ-наас салгаж, МСҮТ, политехник коллежуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяатай болгосон явдал. Хоёр яамны хооронд ажлын ямар ч уялдаа холбоо, зохицуулалт байдаггүй. Үүний нэг тод жишээ нь, МСҮТ, политехник коллежуудын оюутнуудад өгдөг байсан 70 мянган төгрөгийн тэтгэлгийг улстөрчид сонгуулийн үеэр "шоу хийгээд” байхгүй болгосон.

Сонгуульд санал өгөх эрхтэй болохоор нь оюутнуудыг илүү харж үзээд, "төрөөс дэмжинэ” гээд байдаг мэргэжлийн боловсролын салбараа эсрэгээр нь татаж унагасан шүү дээ. Монголын ирээдүйн хөгжилд мэргэжлийн боловсрол үнэхээр чухал гэдгийг олж харсан л юм бол бодлогоо тодорхой, тууштай, тогтвортой байлгах ёстой” хэмээн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын алба хариуцсан менежер Х.Давааням ярьсан.

Боловсролын салбарт 30 жил, тэр дундаа Говь-Алтай аймгийнхаа МСҮТ-д 18 жилийн турш ажиллаж буй тэрбээр өөрийнх нь нүдэн дээр насаараа зүтгэсэн салбар нь нуран унаж буйг харах дэндүү хайран санагддагаа нуугаагүй. Цагтаа 19 мэргэжлээр сургалт явуулдаг, 800 гаруй суралцагчтай цалгиж явсан тус МСҮТ-д элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан гэнэ лээ.

Х.Давааням гуай үргэлжлүүлэн "Наад зах нь, бүх ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоотой болгосноор нэг суманд энэ жил 10-хан хүүхэд есдүгээр анги төгссөн байсан ч цааш үргэлжлүүлээд хичээллэх гэдэг болсон. Нэгэнт арванхоёрдугаар анги төгссөн хүүхдээ эцэг, эхчүүд нь ямар ч хамаагүй их, дээд сургуульд оруулж, дипломтой болгох гэдэг. Мэргэжлийн боловсролын нэр хүндийг эргээд сэргээе гэвэл түмний хүүхдийн мөнгийг ямар ч хяналтгүй, дураараа халааслаад сууж байдаг энэ олон хувийн их, дээд сургуулийг цэгцлэхээс ажлаа эхлэх хэрэгтэй” хэмээн бухимдангуй хэлэв.

ТӨРИЙН БОДЛОГООР ЗАНГИДАХ УЧИРТАЙ ЯАМД НЬ ХОЁР ТИЙШЭЭ ХАРААД СУУЧИХАЖ

"Чанартай, чанаргүй хувийн их, дээд сургуулийнхан хөдөөгүүр элсэлт авахаар явахдаа "Манайд орвол эхний нэг жил үнэгүй сургах боломжтой” гэх зэргээр сурагчид, эцэг, эхчүүдийг сэнхрүүлж дөнгөдөг болсон тул эдгээрийг цэгцэлж байж мэргэжлийн боловсролын салбарыг аварна” гэсэн Х.Давааням гуайн зөвлөгөөг даган эхлээд БСШУСЯ-ыг зорилоо. Дээд боловсролын бодлогын газрынхан харин "БСШУС-ын эрхлэх асуудалд сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд, мэргэжлийн, дээд боловсрол бүхэлдээ хамаардаг. Гэтэл мэргэжлийн боловсролын асуудлыг Я.Санжмятав сайдын үед манай яамнаас тусгаарлан, Хөдөлмөрийн яаманд шилжүүлснээр хууль тогтоомжийн зөрчил үүсэж, сургалтын тогтолцоо, агуулга, хөтөлбөрийн уялдаа холбоо алдагдсан.

Тиймээс буцаагаад манайх авах саналаа ХНХЯ-нд хүргүүлсэн” гэдэг тайлбар хэлэв. МСҮТ, Политехник коллежийнхон хамгийн түрүүнд ажилтай болдог гэдэг ч угтаа сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт эсрэгээрээ болж буйг судалгаагаар тогтоосон тухайгаа мөн дээрээс нь нэмж өгүүлсэн. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн 50 хувь нь төгсөнгүүтээ ажилд орж буйг тэд харьяалах ёстой яамнаас нь салгаснаас болж сургалтын чанар муудсантай холбон тайлбарлана билээ.

Тэгвэл ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа "Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын зардлыг төрөөс хариуцдаг учраас төгсөгчдийнх нь хэдэн хувь нь ажилтай болж буйг эргээд нягталж, статистик мэдээгээ үнэн зөвөөр хүргүүлдэг. Төгсөгчдийнх нь хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж байна вэ гэдгийг их, дээд сургуулиуд хэзээ ч үнэнээр зөвөөр нь, ил тод мэдээлдэггүй. Гол ялгаа нь үүнд оршиж байгаа юм.

МСҮТ, Политехник коллежийн төгсөгчид ажлын байраар хангагдаж буй тоон үзүүлэлт буурсан нь эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Жижиг, дунд үйлдвэрүүд хаалгаа барьж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж байна шүү дээ. 2011-2014 онд эдийн засгийн өсөлт сайн байхад манай төгсөгчдийн 55-60 гаруй хувь нь шууд ажилтай болдог байсан. Одоо энэ тоо 46 хувьтай байгаа” хэмээн ярьсан. Нөгөөтэйгүүр, өнөөгийн тогтолцоогоор 14, 15 настайдаа есдүгээр анги төгсөөд, МСҮТ-д 2.5 жил техникийн боловсрол эзэмшсэн хүүхдүүдийг 18 нас хүрээгүй гээд ажил олгогчид хөдөлмөр эрхлүүлдэггүй.

Untitled-5 Түшээдэд тоогдоогүй мэргэжлийн боловсрол

Гэтэл дээрх ажлын байрны судалгааг төгссөнөөс нь хойш зургаан сарын дотор хийдэг учраас ажилд орох гээд нэг жил хүлээж буй өнөөх хүүхдүүд статистикаас гадуур үлдчихдэг гэсэн. Хоёр яамыг иймэрхүү байдалтай суух зуурт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд энэ оны эхний найман сард ирсэн ажлын байрны захиалгын 77 хувь нь МСҮТ, Политехник коллежид суралцсан мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүст хамаатай зар байсныг та бүхэнд дуулгая.

Аль яамны чиг үүрэгт байх нь хамаагүй, төрийн ажил явдгаараа явах учиртай сан. Гэвч мэргэжлийн боловсролын салбарыг энэ хоёр яамны аль аль нь өмчлөх санаархал их байгаа учраас тал талд гэдийгээд суучихаж. Энэ он гарснаас хойш найман удаа хоорондоо бичиг цаас шидэлцжээ. Одоогоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн 5-7-хон хувь нь л цааш үргэлжлүүлэн их, дээд сургуульд суралцдаг юм билээ.

Учир нь Техник, мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд үргэлжлүүлэн их, дээд сургуульд сурахад кредит цагийг нь дүйцүүлэн тооцож болно гээд Дээд боловсролын тухай хуульд тусгачихсан байхад дагаж мөрдөх журмаа батлах дээрээ тултал хоёр яамныхан ойлголцохгүй өдий хүрчээ. Мөн МСҮТ, Политехник коллежийн төгсөгчдийг заавал элсэлтийн ерөнхий шалгалт өг гэж боловсролынхон нь "шахаж хавчдаг” хөгийн жишээг ойр хавийнхнаасаа хэдэнтээ харсан. Эцэстээ энэ бүхэн нь мэргэжлийн боловсролын салбарыг сонирхох хүүхэд, залуусын хүслийг боомилох томоохон шалтгаан болжээ.

Харин ирэх жилээс оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг олгох тухай ярьж эхэлсэн нь МСҮТ, Политехник коллежийнхонд ч хамаатай тул сургаар нь баярлах хүн бишгүй байна. Гэвч мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдад өгөх 70 мянган төгрөгийг оюутнуудтай адилхан улсын төсвөөс бус, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог болсон тул бас л эргэлзээтэй. Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данс хэдийнэ улайчихсан. Тэгэхээр мэргэжлийн боловсролын салбарынхныг Сангийн яамныхан алагчлаад үлдээх үү, эсвэл улсын төсвөөс санхүүжилтийг нь шийдэх гарц хайх уу гэдэг нь "бурхны” таалал мэдэх хэрэг бололтой.

Эх сурвалж: "Өнөөдөр” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.