Монголоор дайрах байгалийн хийн хоолойн хүлээлт ба биелэл

244

-ХОЁР ХӨРШИЙН БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ ЗУРСАН 
ТҮҮХИЙГ ДАХИН САНУУЛЪЯ-

 

БНХАУ ОХУ-аас үлэмж хэмжээний байгалийн хий авах асуудал хэлцлийн түвшинд 10 гаруй жил яригдсан байдаг. Урд хөршийн байгалийн хийн хэрэглээ 2020 он гэхэд 300-350 тэрбум шоо метр хүрч өснө гэсэн тооцоолол бий.

Гэтэл эднийх жилдээ 70-80 тэрбум шоо метр байгалийн хий олборлодог. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас байгалийн хий авдаг ч 2030 онд өнөөгийн Европын хэрэглээ 600 тэрбум шоо метр хэмжээнд хүрэх урьдчилсан тооцололтой байгаа юм. Тиймээс ч урд хөрш дотоодоосоо байгалийн хийн хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг байх үеэсээ ОХУ-аас авах санаачлагыг эхлүүлсэн байдаг.

Нэг ёсондоо ирээдүйд үүсэх их хэрэглээгээ хангахыг зорьсон гэсэн үг. Ийм байдлаар 10 жил хэлцэл хийж, 2014 оны тавдугаар сард албан ёсны гэрээнд гарын үсэг зурж байсан билээ. Энэ үед урд хөршийн байгалийн хийн жилийн хэрэглээ 69 тэрбум шоо метр байжээ.

Хэрэв урд хөрш АНУ-тай харилцаа муудвал Катар, Австралиас хий татах боломжгүй нөхцөл үүсэх учир ОХУ-ыг стратегийн хувьд ашигтай гэж үзсэн. Тиймдээ ч уг гэрээг байгуулахын тулд 10 жил уйгагүй ажилласан байдаг. Дээрээс нь "Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчийн үлгэрээр үнийн санал дээрээ тохиролцож чадахгүй, гэдийж явсан ОХУ Украины дотоод асуудалд оролцсон гэх асуудлаас үүдэн буланд шахагдах эрсдэл үүссэн эгзэгтэй цаг хугацаа таарсан юм.

Цаг хугацааны ийм хайч үе дээр гэрээ зурагдсан. Гэрээний хүрээнд ОХУ 30 жилийн турш БНХАУ-д байгалийн хий нийлүүлнэ. Нэг жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх бөгөөд нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллар билээ. Байгалийн хий нийлүүлэх бэлтгэл ажлыг талууд 4-6 жилд багтаан хангана гэж тооцоолсон байдаг.

-ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАМЖУУЛАХ МӨРӨӨДӨЛ-

Монголчууд бидний хувьд байгалийн хий нийлүүлэх хоолойг газар нутгаараа дамжуулан өнгөрүүлэх мөрөөдөл их дээрээс эхэлсэн. Тодруулбал, хоёр хөрш гэрээний үнийн асуудлаар хэлэлцээр хийж байхад бид энд хийн хоолой манай улсаар дайрна гээд хэдийнэ мөрөөдөөд эхэлчихсэн байв.

Улс төрийн чанартай томоохон уулзалт бүр дээр манай төрийн өндөрлөгүүд энэ байр сууриа маш тодорхой илэрхийлсээр ирсэн ч ОХУ манайд тал өгсөн удаагүй. Харин урд хөршийн тухайд болохгүй гэх зүйлгүй гэсэн үүднээс асуудалд ханддаг байлаа.

Биднийг харсаар, үзсээр, мөрөөдсөөр суутал байгалийн хийн нэг замыг Дорнод Сибириэр явуулах гэрээ зурагдсан. Эдүгээ хийн хоолойн бүтээн байгуулалт нь 80 орчим хувьтай яваа гэж мэдээлэгдэж байна.

Хийн хоолойн нэг урсгал Сибириэр дайран өнгөрөхөөр болсны дараа нөгөө нь Казахстанаар дамжих асуудал хүчтэй яригдсаар ирсэн. Үндсэндээ бидний 10 гаруй жил үргэлжилсэн мөрөөдөл сарних тийшээ хандлаа гэх таамгууд ч хүчтэй яригдаж байв.

В.ПУТИН: ТОМ ТӨСӨЛ ТУЛ ТЭЗҮ-ИЙГ НЬ САЙН БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ

Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр монголчуудын олон жил хүлээсэн үгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амнаасаа унагасан. Тэрээр"Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.

Уг уулзалтын дараачаас хийн хоолойн асуудал эрчимжиж, 2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон.

Саяхан энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Монголоор хийн хоолой дамжуулж болно. Гол нь ТЭЗҮ-ээ сайн боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн” хэмээн дахин бататгаж өгсөн юм. Одоо уг асуудал төрийн тэргүүн нарын хүрээнд дахин яригдахаар хүлээгдэж байна.

Монгол орон өргөн уудам нутагтай. Газар зүйн энэ давуу байдал хийн хоолойн асуудалд эерэгээр нөлөөлсөн гэж болно. Олон жил яригдсаар ирсэн уг асуудал гэрээний хүрээнд албажсаны дараа зарим хэвлэлүүд "Ерөнхийлөгч Х.Баттулгын чармайлт хийн хоолойг Монголоор дайрууллаа” гэж дүгнэн бичсэн нь бий.

Гол нь хийн хоолой манайхаар дамжсанаар хямд төсөр хий авах, ойролцоох суурин газруудаа цахилгаанаар хангах, ажлын байр нэмэгдэх, татварын бааз бүрдүүлэлт өсөх гэхчилэн эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тусгаар улсын хувьд бид газар нутаг дээгүүрээ дамжин өнгөрч буй хийн хоолойг хамгаалах үүрэгтэй. Хийн хоолойн талаарх энгийн, товч мэдээлэл өгөхөд ийм байна.

Эдийн засгийн үр өгөөж, хүлээлтийн хувьд бид нэгэн гацаанаас гарах боломжийг атгалаа гэж дүгнэж болохуйц билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Монголоор дайрах байгалийн хийн хоолойн хүлээлт ба биелэл

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.