Даварсан импортлогчдыг дараад өгөөч, ерөнхий сайд аа

767

Даварсан импортлогчдыг дараад өгөөч, ерөнхий сайд ааОн гарсаар шатахууны үнэ 3-4 удаа нэмэгдэж иргэдийг бухимдуулсаар байна. 2016 онтой харьцуулахад АИ-92 литр нь 1860 төгрөг болж 21 хувь, дизель түлш 2200 болж 34 хувиар өсөв.

Баяр, амралт, шөнийн цагаар шатахуун түгээх станцууд иргэдийг дасгах маягаар аажмаар үнээ нэмсээр байгааг холбогдох байгууллагууд нь зүгээр хараад сууж байна. Уг нь өнгөрсөн долдугаар сард Засгийн газар, шатахуун импортлогчдын хамтарсан Үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнийг зах зээлийн ханшид нийцүүлэн тогтвортой хадгалах шийдвэр гаргасан.

Гэвч шатахуун импортлогч компаниуд хэлэлцээрээ зөрчин үнээ нэмсээр байгаа юм. Монгол Улс жилд 800 саяас 1.4 тэрбум төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг "Роснефть” компаниас бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх гэрээний хүрээнд авдаг. Ингэхдээ Сингапурын биржийн ханшаар тооцож авахаар гэрээлсэн байдаг юм.  Үнийн зөвлөл Сингапурын биржийн тавдугаар сарын дундаж үнийг үндэслэн энэ сарын ханшийг тогтоох учиртай. Сингапурын биржийн арилжааны дүнгээс харахад, газрын тосны ханш тавдугаар сарын сүүл, өнгөрсөн сарын эхэнд бага зэрэг өссөн ч эргээд үнээ тогтвортой хадгалж байна. Өчигдрийн байдлаар "Brent” төрлийн газрын тос нэг баррель нь 76 ам.доллар, "WTI” төрлийнх 69  ам.доллар, Оросын "Urals” 73 ам.долларын ханштай байгаа нь өнгөрсөн сарынхаас нэг их зөрүү алга. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлдэг валютын ханш харьцангуй тогтвортой, шатахууны нөөц хангалттай байгаа талаар холбогдох яамнаас мэдээлсэн. 

Гэвч шатахуун түгээх станцууд шатахууныхаа үнийг хоёр хоногийн өмнө дахин 30-50 төгрөгөөр нэмлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Шатахууны үнэ нэмэгдэнэ гэж байхгүй. Засгийн газар бүх татвараа тэглэсэн. Шатахууны үнийн асуудал бол хэдхэн нефть импортлогч компанийн асуудал биш. Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа” гэж мэдэгдсэн. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Шатахууны үнэ буурна” гэж амласан ч эсрэгээрээ өссөөр байна. Үгэнд ордоггүй шатахуун импортлогчдоос ямар учраас нэмээд байгааг нь тодруулахад "Гадаад зах зээл дээр нефтийн ханш өссөн учраас шатахууныхаа үнийг нэмж байна.

Өөр шалтгаан байхгүй” гэж хариулав. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Шатахууны үнэ нэмэгдэж, зарим бараа бүтээгдэхүүний  үнэд өөрчлөлт орсон нь иргэд, хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж байгаа. Тиймээс манай байгууллага холбогдох эрх үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж байна. Оны эхэнд шатахуун импортлогчид үнээ нэмсэн асуудалд манай газрын зүгээс шалгалт хийж,  холбогдох байгууллагуудад нийтдээ 55 сая төгрөгийн торгууль тавьсан. Нийт арван аж ахуйн нэгжээс тав нь зөрчлөө хүлээж торгуулиа төлсөн.

Харин   "Сод монгол”, "Шунхлай”, "Тэс Петролиум”, "Ойн бирж” ХХК, "Жэй-Эм ойл” компаниудын асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Үнэ тогтворжуулах зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. Төрийн хяналт, төрийн зохицуулалттайгаар явж байгаа ажил учраас ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ гэж хэлэх мөн шалгах эрхгүй.  Шатахууны үнийн асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар  хариуцсан.  Тэндээс биржийн үнийг судалж мөн шатахуун импортлогчдын үнийг хянаж ажилладаг.

Тус газар нь хуулийнхаа хүрээнд манай байгууллагад  биржийн үнэ болон ОХУ-аас нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ ямар төвшинд байгаа талаар бидэнд мэдээлэл  өгч байна. ШӨХТГ холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан хяналт шалгалт явуулдаг” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

Ц.Эрдэнэбаяр: Бид шатахуун импортлогчдыг шалгаж байгаа

-Шатахууны үнэ он гарсаар хэд хэдэн удаа нэмэгдлээ. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар  АМГТГ-аас ямар нэгэн алхам хийж байна уу?

-Хилээр орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн зургадугаар сард нэмэгдсэн. Манайхаас  хилийн үнэ болон гадаад зах зээл, валютын ханштай уялдуулан тооцоо судалгаа гаргана. Үүний дараа Мэргэжлийн хяналтын газар болон ШӨХТГ санал дүгнэлтээ гаргана.

-Манайх ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүний-хээ 90 гаруй хувийг авдаг. Гадаад зах зээл дээрх нефтийн ханшийг харахад үнэ нь тогтвортой байсан. Гэвч шатахууны үнэ огцом нэмэгдэж байгаа нь хардлага төрүүлж байна?

-Шатахуун импортлогч компаниуд ямар учраас үнээ нэмээд байгааг судлаад ойрын хугацаанд хэвлэлээр танилцуулна. Хилийн үнэ нь 2017 оны наймдугаар сард тонн нь 500 орчим ам.доллар байсан. Үүнээс хойш үнэ нь нэлээд хэмжээгээр өсч, өнөөдрийн байдлаар 50-200 орчим ам.доллараар өссөн байх жишээтэй. Түүхийн нүүрсний баррелийн үнэ 2017 оны өдийд 52-53 ам.доллар байсан бол одоогийн байдлаар 70 гаруй ам.доллар болсон байна. Энэ бүх хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Гэхдээ бид тооцоо судалгаа хийж, аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. 2011 онд бас яг ийм нөхцөл байдал үүсч байсан. Тэр үед шатахууны гадаад зах зээлийн үнэ өсөх, бүтээгдэхүүний хомсдол бий болж байлаа. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэх болсон шалтгаан Иран Улсын эдийн засгийн хориг арга хэмжээтэй ч холбоотой. Үүнээс болж Иран түүхий эдийн зах зээлийнхээ олборлолтыг бууруулж байна. Энэ нь манайд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. 

-Шатахууны үнэ үнэхээр үндэслэлгүй нэмэгдсэн бол яах вэ? 

-Тооцоо судалгаа хийгээд үнэхээр аж ахуйн нэгжүүд бодит бусаар үнэ нэмсэн байна уу гэдгийг харна. Урьдчилсан байдлаар аж ахуйн нэгжүүд нэлээд алдагдалтай ажиллаж байсан. Үнэхээр бодит бусаар үнэ нэмсэн бол арга хэмжээ авна. Цаашдаа гадаад зах зээл болон бусад холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар шатахууны нөөц болон үнийн талаар танилцуулга орсон” гэв.  

Шатахууны үнэ 2015, 2016 болон 2017 оны эхний хагас хүртэл 55 ам.доллараас дээшлээгүй бөгөөд  түүнээс хойш 80 ам.доллараас даваагүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газар 2016 оноос хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг гурван удаа үе шаттай бууруулж, Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэх хүртэл хөнгөлөлтийг шатахууны импортлогч компаниудад үзүүлсэн. Гэвч 2016 оноос хойш шатахуун, түлшний үнэ 33 хувиар нэмэгдлээ. АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэсний дараа ч шатахууны үнэ өсөөд байгаа нь иргэдийн бухимдах гол шалтгаан болоод байна. Хамгийн хортой нь шатахууны үнийн өсөлт инфляцыг шууд хөөрөгдөж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Улаанбаатар хотын инфляц эхний хагас жилийн байдлаар найман хувьд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь Монголбанкны зорилтот төвшинтэй тэнцсэн үзүүлэлт бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд иргэдийн худалдан авах чадвараар дамжин амьжиргаанд шууд муугаар нөлөөлнө гэсэн үг.

Тэгвэл өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын инфляц 8.8 хувьтай байна. Энэ нь зорилтот төвшнөөсөө хэтэрсэн үзүүлэлт юм. Үүнийг Монголбанк дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол Улсад импортлогдож буй шатахууны хилийн үнэ 40 орчим хувиар өссөнөөс шалтгаалсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 250 гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг мэдэгдсэн юм. Засгийн газраас эхлээд бүх шатандаа "Шатахууны үнийг  нэмэхгүй” гэж мэдэгдсэн ч даварсан импортлогчид үл ойшоосоор байна. Үүнийг анхааралдаа аваач, Ерөнхий сайд аа.

Үндэсний шуудан сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>