Багш нарын цалинг нэмэх болов

552

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт хуралдаж, ирэх оны төсвийг хэлэлцэн баталлаа. Мөн багш, ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайдын танилцуулгыг сонслоо. Улсын хэмжээнд ажил хаялт зарласан, оролцсон багш, ажилчдын шаардлагыг судлан, шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БСШУҮЭХ, БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ-наас тэгш төлөөлөл оролцуулан байгуулсан.

Ажлын хэсэг ажил хаялтад оролцогчдын тавьж буй дөрвөн зүйл шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцон, тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон аж. Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300 мянган төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын 1-нээс 12.3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23 мянга орчим туслах ажилчны цалин нэмэгдэхгүй орхигдсон. Үүнийг найман хувиар өсгөхөөр тохиролцсон байна.

Мөн Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4.3 хувийн зөрүүтэй тогтоосныг энэ онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардлагатай 14.5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчилж, салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болголоо.

Үүний үр дүнд багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон юм.

Багш нарын цалинг нэмэх болов

 

Эх Сурвалж: Өнөөдөр.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>