Монгол компаниуд муужирсаар

1035

Монгол компаниуд муужирсаарМанай улсын ДНБ-ий 80 орчим хувь, ажлын байрны 75 хувийг одоо үйл ажиллагаа явуулж буй компаниуд бүрдүүлдэг. Улсын ихэнх ачаа компаниудын нуруун дээр үүрэгддэг гэсэн үг. Өнгөрсөн жилээс эхлэлтэй эдийн засгийн хүндрэл энэ хавар компаниудын хувьд хүндхэн тусав. Эдийн засагчдын зүгээс энэ байдлыг эдийн засгийн хямрал биш хүндрэл гэж тодорхойлсон ч энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж буй төсвийн төсөл болоод улс төрийн тогтворгүй байдлаас харахад байдал дээрдэхээргүй төлөв харагдаж байна. Эдийн засагчид энэ өвөл, хавар хүндхэн болно гээд тодорхойлчихсон,  олон нийт ч ийм хүлээлтэд орчихоод байна. Дээрээс нь ирэх арван жилдээ эдийн засаг сэргэхгүй хэмээн Монгол Улсын Сангийн яамыг толгойлж байсан хүн ил шулуухан хэлж орхисон нь горьдлогыг улам холдуулав. Үнэндээ эдийн засагч хэргэмтэй олон нөхдийн ярьж хэлж байгаа болгоны чухам аль нь үнэний ортой гэдгийг ялгахад хэцүү. Иргэд өдөр тутам тулгарч буй санхүүгийн бэрхшээлээрээ эдийн засаг унаж явнаа гэдгийг толгой эргүүлсэн олон тоогүйгээр ойлгоод байдаг нь л сайн хэрэг. Эдийн засаг улам хүндрэх сургаар хүн бүхэн байгаа мөнгөө хэмнээд, нуугаад суучихвал  улам л хүндрэх нь лавтай. Хүн бүхэн бие биеэсээ хамааралтай санхүүгийн энэ сүлжээнд монголчуудын олонхыг тэжээж байгаа компаниудад эдийн засгийн уруудлын нөлөө улам хүнд тусав.
 

Зогсонги байдалд орсон уул уурхайгаас эхэлсэн энэ байдал агаарын тээвэрт нөлөөлж Изинис Эйрвэсийг эхний ээлжинд хөлдөө чирч 200 гаруй хүн нэгэн зэрэг ажилгүй болсон. Удалгүй Хүннү ажиллагсдынхаа цалинг өгч чадахгүй байна, Аэро Монголиа компани 34 ажилтнаа ажлаас нь халлаа, Оюутолгой 300 ажилтнаа, Мобиком корпораци 100 ажилтнаа, Алтайн хүдэр компани 800-аад хүнээ халлаа гэсэн мэдээллээр залгасныг санаж байгаа байх. Түүний цаана уул уурхайг дагасан олон туслан гүйцэтгэгч компаниуд захиалагчаасаа санхүүжилтээ авч чадахгүй "тоглоомноос” гарахаас аргагүй байдалд орсон. Тэдний  тоонд Эрдэнэс Тавантолгой ТӨХК –ийн туслан гүйцэтгэгч болох 20 гаруй  компанийн хувь заяа яригдаж байна. Уул уурхайн компаниудын олон зуун ажилтан ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ч цалингаа нөхөн авч чадаагүй "бухын доодохыг” харан суугаа нь одоо ч хэвээрээ бий.  Тэдний нэг жишээ нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 600 ажилтантай компани дампуурч 450 монгол, 150 хятад хүн ажилгүй болов. Уурхайн гол хөрөнгө хүнд даацын машинуудыг нь банк хураагаад одсон тул цалингаа өгч чадахгүй гацав. Ачуулсан нүүрс нь өмнө хил дээр нар, бороонд удаж овоолсон шорооны үнэнд ч хүрэхээргүй болжээ. Олон зуун хүний хэдэн сарын цалингийн өрөнд орсон захирал нь утсаа хаагаад зугтахаас аргагүй болсон нэгэн түүх. Иймэрхүү гунигт түүхүүд хааяа нэг хэвлэл мэдээллээр дурьдагдахаас цаашгүй байгаа нь харамсалтай.
 

Монгол улсад хамгийн том ачааг үүрч буй компаниудыг эрсдлээс хамгаалах дархлаа алга. Монголын компаниудын насжилт хорин жилээс давахгүй. Хорин жил компанийн хувьд их хугацаа биш ч хувийн хэвшилд шилжсэн бидэндээ их хугацаа. Манай улсын хувьд арав гаруй жил оршин тогтносон компани томоохондоо тооцогдоно. Гэвч ийм хугацааг давсан компани  зах зээлээс амархан арчигдаж байгаа нь манай улсын эдийн засаг өрөөсөн хөл дээрээ догонцож байсны жишээ.
 

Жижиг компанийн том зовлон
 

Дуу дуугаа авалцсан юм шиг ажилтнаа халсан компаниудын тоонд олны мэдэх томоохон гэж нэрлэж болохоор нь ч багтаж байна. Цаана нь цөөн ажилтантай компаниуд чимээгүйхэн нүд аньсаар байгааг ажиллагсад нь л мэднэ. Монгол 65 мянган аж ахуйн нэгжтэй. Түүний 90 гаруй  хувь нь 50 хүртэлх ажилтантай компаниуд. Албан бус  мэдээгээр  25 мянгаас илүү тооны  жижиг дунд бизнес эрхэлдэг аж, ахуй нэгж үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоосон баримт байна. Хорин таван мянган байгууллагад дор хаяж 500-гаад мянган хүн ажиллана. Бусдын хувьд ч байдал өнөөдөр хэцүүхэн байна. 47 мянган аж ахуйн нэгж 0 тайлан гаргаснаас компаниудын байдал ямархуу байгааг ядах юмгүй харахаар байна. Цалингаа өгч чадахгүйд хүрсэн байгууллагууд ажилтнуудадаа хугацаагүй чөлөө өгдөг аргад шилжээд буй. Цалингийнхаа өрийг хүмүүстээ тав, гурваар нь цувруулж голыг нь зогоох хэлбэрээр өгч байгаа газрууд олон байна. Гэвч компанийн нууц учраас сөшл ертөнцөөр энэ тухай зарлахгүй байх бичигдээгүй хуультай. Энэ хямралд бодит баялаг бүтээдэггүй компаниуд эхний ээлжинд өртөж байна.
 

Манай жижиг компаниудын үйл ажиллагаа явуулсан хугацаа 5-8 жил. Ийм нөхцөлд тэдгээр компаниудын санхүүгийн байдал эдийн засгийн эхний шуурганд л хийсэхээр эмзэг гэсэн үг. Компаниудын томрох гол хүчин зүйл нь нэмэлт санхүүжилт байдаг бол манайд банкнаас өөр газраас санхүүгийн эх үүсвэр олдохгүй. Банкны зээлийн босго буцаагаад барьцаанд нь орох хэмжээнд байдаг. Тэгсэн ч эдгээр компаниудын ихэнх нь банкны зээлтэй байна. Компанийн засаглал сайн хөгжөөгүйн дээр голдуу гэр бүлийн бизнес маягаар өндийж буй компаниуд эдийн засаг дахиад хүндэрвэл амь аврагдах магадлал бага. Үйлчилгээний чиглэлээрээ нэгдэх хүсэлгүй, хөгжилгүй хөрөнгийн биржийн тус нэмэргүй дэлхийн жишгээрээ бичил ч манайдаа жижиг дунддаа ордог эдгээр компаниудын нийгмийн дунд давхаргыг багтааж байгаа. Өнөөдөр эргэн тойронд жижиг компаниуд байрны түрээсээ төлж ажиллагсдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа мэдээлэл чих дэлсэнэ. Жижгэвтэр компаниудад оффис түрээсэлдэг нэгэн газрын жишээгээр 12 компани түрээсээ төлж дийлэхгүй өрөөгөө суллаж өгчээ. Таван давхар барилгын нэг давхар нь тэр чигээрээ хоосорч. Түрээсэлж байсан компанийн тал нь гарсан гэдгийг  тэр хэллээ. Тэдний сарын түрээс зай талбайгаасаа хамаараад 800 мянгаас хоёр саяын хооронд байдаг гэнэ. Компани дампуурсан эсвэл хүндэрснээ тэр болгон зарлаад байдаггүй ер нь бол нууц. Тиймээс энэ талаар нэгдсэн тоо баримт алга. Жилийн эцсээр ганц хоёр газраас судалгаа гарна гэж мэргэжилтнүүд нь тайлбарлаж байна. Монголын үйлдвэрчний эвлэлд хөдөлмөрийн маргаантай асуудлаар хандах нь ихэссэн тухай хуульч ярьж байна. Цалингаа авч чадаагүй, нийгмийн даатгалаа төлүүлээгүй гэдгээс эхлээд хувь хүн болон компани хоорондын маргаанууд  өмнөхөөсөө олширсон ихэссэн гэнэ.
 

1930 аад оноос эхтэй  эдийн засгийн гүн хямралд орсон Америк, Герман зэрэг улсууд ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн зөв бодлого явуулснаар улс орноо хүнд байдлаас татаж гаргасан түүхтэй. Япон, Солонгос улсуудад ч ийм жишээ яригддаг. Ажлын байрыг олноор бий болгож үйлдвэрлэлийг нэмэгдүүлж эдийн засгийн цунамигаас татаж гаргасан туршлага эдгээр орных. Харин манайд өнөөдөр энэ байдал эсрэгээрээ үйлчилж ажлын байр хумигдаж байна. Ажилгүй болсон хүмүүс хуучин машинаар хувиараа таксинд явж байгаатай маш олон тааралдана. Хэчнээн ажилгүйчүүдийг энэ зам, зээл хоёр нь даах вэ? Идэр насныхны ажил хайж гадагшаа дайждаг байдал сүүлийн хэдэн жил урсгал нь буцаад эргэж байсан бол ойрдоо ингэж байхаас хаа нэгтээ явахсан гэсэн хүсэл тээсэн хүнтэй улам олон таарах болов.
 

Ахмадыг авч хаяад ажил сайжрах уу?
 

 Бараа бүтээгдэхүүний үнэ 30-50 хувиар, сургалтын төлбөр, цахилгаан дулааны үнэ арав гаруй хувиар ,  валютын ханш 1850 болж өссөн нөхцөлд өнөөдөр бид амьдарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурсан, олон улсын түвшинд манай улсын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар буурсан эдийн засгийн нөхцөлд монголчууд тулгагдлаа. Гэтэл он гарангуут бондын өрөө төлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Монгол улс 2015 онд 1.2 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг төлнө. Энэ нь өмнөх оноос дөрөв дахин их гэсэн үг. Энэ бүхнээс харахад манай улсын эдийн засаг дээрдэж компаниудын хэд хэдээрээ нүд аних нь зогсох найдвар тун ч хол мэт. Барьцаалсан хөрөнгөө банкууд хурааж бүхнийг залгигч мангас мэт харагдаж байгаа ч байдал энэ хэвээрээ үргэлжилвэл залгисан бүхэл хөрөнгө санхүүгийн цусны гүйдэл дээр нэг л өдөр нөж мэт тээглэнэ. Санхүүгийн зах зээлийн 95-аас дээш хувийг дангаараа эзэгнэж байгаа ч банкууд баялаг бүтээхгүй нь тодорхой. 2008 оноос эхэлсэн дэлхийн нийтийн санхүү эдийн засгийн хямрал илаарших байдал руугаа орсныг эдийн засгийн гол гол сувгийн мэдээллээс харчихаж болно. Дэлхийн эдийн засаг тэр дундаа Азийн эдийн засаг өсөх хандлагатай байгаа. Евро бүс болон АНУ эдийн засгийн хямралаас гарсан гэдгийг олон улсын шинжээчид хэлж байна. Гэтэл манай улс эсрэг зүг рүү сэлж яваагийн буруутныг хайх дайн төр засгийн хүрээнд өрнөж байна. Энэ бүхний бурууг Ерөнхий сайдад тохож буй.  Тиймээс ч түүнийг хамгийн боломжтой нөхцөлд ажиллаж эдийн засгийг хамгийн хурдан унагасан Ерөнхий сайдаар тодруулаад буй. Учир нь 1990 оноос 2012 оныг хүртэл манай улс 2.2 тэрбумын зээл авсан байдаг. Энэ хугацаанд 12 Ерөнхий сайд ажиллаж байжээ. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн өрийг тавьсан. Өнгөрсөн жил 6 их наяд гаруй төгрөгийн төсөв баталж өгсөн. Дээр нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 их наяд төгрөг хэвлэж өгсөн. Мөн дээр нь гаднаас 2.6 тэрбум долларын зээл авч өгсөн. Энэ бүхнийг нийлүүлбэл нэг жилийн дотор 13 их наяд төгрөг зарцуулсан гэсэн зүүлт үеийн үед түүнээс салахааргүй боллоо. Энэ бол түүнийг дэгээдэх хамгийн том шалтаг. Гэвч үнэндээ өрийн их багадаа биш, зарцуулалтандаа байгаа гэдгийг хэн бүхэн мэднэ. Манайх шиг дотоодоосоо хөрөнгө босгох бага нөөцтэй улсад гадаадын хөрөнгөнөөс өөр гарц үгүй. Хамгийн гол нь зарцуулалт түүнээс гарах үр өгөөж. Дараа дараалан дампуурч байгаа компаниудын байдлаас харахад өсөлтийн үеийн их мөнгөнөөс үндэсний компаниудад наалдаж үлдсэн нь бага бололтой. Нөхцөл байдал хүндэрсээр байвал үнэ тогтворжуулалтад хамрагдсан 70 болон 888 төсөлд багтсан жижиг дундын хэдэн компани л хэсэг хугацаанд тэсэх байх. Энэ оны ажилгүйдлийн түвшин өмнөх оныхоос 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ тоо цаашид нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Оны эцэст бүх салбарын тоонууд эмхэгтгэхэд хэдэн компани дампуурч, хэдэн хүн ажилгүй болсон нь тодорхой болох биз. Гэвч дампуурсан компанийн тоо, ажилгүйдлийнхээ тоог нэмж суухаас илүү чухал энэ үед, эдийн засагт хэрэгтэй баймаар. Ахмадыг авч хаяад ч хөлөг эргэх найдлага байгаа гэдэгт нэг л итгэлгүй. "Ажил, орлоготой монгол хүн” уриа эсрэгээрээ эргэж, хувийн хэвшлээ чөмөгжүүлье гэх үг чөмгийг нь дундлах утга руу хэлбийлээ. Нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэгч, улсын ачааны хүндийг үүрэгч компаниуд дампуурсаар л байна.

 

А. Мөнхчимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>