Хоёр Солонгосын уулзалт өнөөдөр Пхеньянд болно

762

 

Хоёр Солонгосын уулзалт өнөөдөр Пхеньянд болно

 

 

Өнөөдөр Пхеньянд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзана. Энэ талаар "Yonhap” агентлаг мэдээлж байв. Уулзалт энэ сарын 18-20-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ удаагийн уулзалтаар хоёр Солонгосын цаашдын хамтын харилцааг тодорхойлох чухал уулзалт болох аж. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо анх удаагаа айлчлах юм. Удирдагч Ким Жон Унтай цөмийн зэвсэггүй болгох талаар нухацтай хэлэлцэж шийдвэрт хүрэх учиртай талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Мүн Чүнг Ин мэдэгджээ. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын хил дээрх байрлах харуулын цэргийн тоог бууруулах саналын тухай хэлэлцэх төлөвлөөгөөтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн орны томоохон бизнесийн удирдагчдын хамтаар айлчлахаар болжээ. Үүнд Samsung, Hyundai моторс, LG, Posco зэрэг групп, корпорацууд багтаж байгаа гэнэ. Учир нь  цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр эерэг үр дүнд хүрч Хойд Солонгост тавигдсан хориг цуцлагдах юм бол байж болох хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэхээр бэлдэж байгаа нь энэ юм байна. Өмнө нь Мүн Жэ Ин нэг бус удаа удирдагч Кимд цөмийн зэвсэггүй болох юм бол эдийн засгаар туслах болно гэдгээ амлаж байжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд солонгосын удирдагч ким Чен Ун нар уулзсан. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэхүү хэлэлцээний үр дүнд Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэл, нэгдлийн талаархи хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.

Тэд Сөүл, Пхеньяны нийтлэг зорилго Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал болохыг батлан харуулж, өндөр түвшинд яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн байдаг. Өнгөрсөн тавдугаар сард Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар хоёр дахь удаагаа уулзсан юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>