Агаарын бохирдлыг агентлагаар шийдчих хэрэг үү?

497

 

Жавар тачигнасан жихүүн улирал эхэлж утаа гэх "мангас” хаалга тогшоод ороод ирэх нь. Дулаан ормогц магтагддаг энэ асуудлыг арилгахын тулд бид юу хийсэн бэ? Утаанаас ангижирах бэлтгэлээ базаасан болов уу? Ор мөргүй утаанаас сална гэхгүй ч ядахдаа багасах уу гэх асуултад олон мэргэн хариултууд бий. Төр, засаг ярьсаар. Ярьсанаа хэрэгжүүлэх мэт, элдэв янзын бичиг баримт боловсруулсан шиг ээ суусаар, хуралдсаар, ярилцсаар эцэстээ "дайны талбарт” яажшуухан дайтах тактикаа одоог хүртэл боловсруулаагүй л болов уу?

Залхтал яригддаг энэ асуудлыг сүүлдээ хөндөх нэг нь ч олдохгүй хэсэг царцана. Уламжлал ёсоор хэн нэг нь олон янзын толгой эргэм гоё "юм” ярьж хэсэгтээ шуугиулна, амлана.

Утааны улирал гараа даллаад хэдийнээ ирчихээд байхад одоог хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаагаас харвал дахиад л Нийслэлчүүд утаандаа идэгдсээр өнгөрөх шинжтэй. Тиймээс иргэд өөрсдөө амны хаалтаа ахиухан бэлдчихээд суухгүй бол дээд хэд маань хөдлөх шинжгүй л харагдана. Ямар сайндаа л албаныхан энэ үеүдэд яах учраа мэдэхгүй, утааны эд саруудад сургууль цэцэрлэгийг амраах талаар ярих вээ дээ.

Саяхан болсон орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийн хурлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй холбогдох албаныхан төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, зарим ажлынхаа явцын байдлыг мэдээлсэн. 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэрийг ЗГ-аас гаргасан. Ингэсэнээр нийслэлийнхэн нүүрсийг орлож чадахуйц түлш үйлдвэрлэх эрэлд гарсан аж. Уг ажил нь нэлээд урагштай явагдсаар үйлдвэрүүдийн барилгын ажил хийгдэж байгаа. Ирэх жилийн утааны улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад шаардагдах сайжруулсан нүүрсийг энэ сарын есдүгээр сарын дунд үе гэхэд бүрэн үйлдвэрлэчихнэ хэмээн төлөвлөжээ.

Туршилтын журмаар энэ жил Сонгино-Хайрхан дүүргийн найман хорооны 26340 айл өрхийг нэгтгэн, агаарын чанарыг сайжруулах бүс байгуулан тэндхийн айлуудад нийт 80.000 тонн сайжруулсан түлш олгохоор төлөвлөсөн байна. Уг ажлынхаа үр дүнг хянахын тулд тухайн заасан бүс нутгийнхаа агаарын чанарыг 24 цагийн турш тогтмол шалган, хянаж, хэмжиж, сайжруулсан түлшийг нүүрсний үнээр худалдаалан борлуулах боломжтой юм.

Түүнчлэн ЭМЯ-аас хөрс, ус, агаарын чанарын үзүүлэлттэй уялдуулан нийслэлийн иргэдийн дунд амьсгал, цус, гэдэс, хавдар,, харшил, хүүхдийн өвчлөлийн чиглэлээр тандалт судалгаа хийн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ зэрэг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд агаар замаар тусах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэж сурах, зөвлөгөө зөвлөмж гаргах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөжээ.

Энэ мэт ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирэх оны төсөвт "алдарт” 199.7 сая төгрөгийг суулгаж, Агаарын бохирдлын асуудал хариуцсан агентлаг гэх зүйл байгуулж чадвал хотын утаа мэдэгдэхүйц буурах боломжтой гэнэ. Тэгэхээр зөвхөн нийслэлийн хэмжээнд яригдаад бусад аймаг, сумуудад яах эсэх нь тодорхойгүй. Агентлаг байгуулах ажил нь одоогоор гацчихаад байгаа бөгөөд УИХ-ын зарим гишүүд энэ саналыг маш зүйтэй гэж үзээд дэмжиж, түүнийгээ болгож бүтээх талаас нь ажиллана хэмээн үндэсний хорооны хурлын үеэр мэдэгдсэн билээ. Агентлаг байгуулна гэж гүйхээр агаарын бохирдлоо бууруулах арга замаа олох нь илүү дээр юмсан.

 

Агаарын бохирдлыг агентлагаар шийдчих хэрэг үү?

 

Эх Сурвалж Өнөөдөр.мн
Бэлтгэсэн: Т.Номун 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>