Ш.Эрдэнэжаргал: Ханбогд бол донор сум

657

Ш.Эрдэнэжаргал: Ханбогд бол донор сум

Өмнийн цэнхэр говь... Өвөг дээдсээс өвлүүлсэн эрдэс баялгийн өлгий нутаг... Өнөө цагт монголчуудыг дэлхийн энд хүргэх эдийн засгийн том боломж... Ингэж л хардаг байлаа. Харин энэ удаа дэлхий дайдад яригддаг Оюутолгойн орд газар орших Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалыг "VIPERSON”-доо урьж ярилцлаа.

-Төрж өссөн нутаг усаа санагалзан яриагаа эхлэх үү, хоёулаа?

-Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул. Ажил амьдралын гараагаа ч нутгаасаа эхэлсэн. Одоо ч нутагтаа л аж төрж байна даа. Аав, ээжээс долуулаа. Шанжмятав гэж айлын хоёр дахь хүү. Бага нас хөдөөний хөрслөг бор жаалуудын адил л өнгөрсөн. Онцгойрч омтгойрох зүйл байхгүй ээ. Ер нь хүний цаашдын амьдралын зам мөр эцэг, эх нарийндаа бол гэр бүлийн хүмүүжлээс шууд шалтгаалдаг юм шиг санагддаг. Мэдээж, эзэмшсэн боловсрол, цэцэрлэг, сургууль чухал ч суурь нь эцэг, эхийн заавар зөвлөгөө, хандлага, арга барилтай холбоотой байж, хүний амьдралын цаашдын гол зан чанарыг тодорхойлдог юм байна гэж боддог ш дээ.

-Суурь хүмүүжил гэснээс та чинь Монгол Улсын анхны эрэгтэй цэцэрлэгийн багш байх аа?

-Тийм ээ, би Монгол Улсын цэцэрлэгийн анхны эрэгтэй багш. 1988 онд Монголын сурган хүмүүжүүлэх дунд сургууль буюу цэцэрлэгийн техникум анхны эрэгтэй элсэлтээ авахад элссэн. Анги маань анх  13 хөвгүүнтэй байсан ч хоёр нь л төгссөний нэг нь би. Би мэргэжлээрээ бахархдаг. Цэцэрлэгийн багш чинь бурхадтай ажилладаг юм шүү дээ. Уг нь Өмнөговиос зургуулаа урлагийн чиглэлээр суралцахаар шалгалтанд орохоор ирсэн ч одоо энэ хошин урлагийн Хүрлээ бид хоёр үлдээд сүүлдээ би хасагдаад манай хүн Багшийн сургуулийн кино драммын ангид орсон юм. Тэгээд л би цэцэрлэгийн багшийн техникумыг сонгосон доо.

Ш.Эрдэнэжаргал: Ханбогд бол донор сум

-Содон сонголт байж, таны мэргэжлийн сонголт. Тэгээд мэргэжлээрээ хэр удаан ажиллав даа?

-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сүүлийн долоон жил, өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр жил гаруй ажилласан гэхээр нийтдээ есөн жил ажилласан юм байна. Хожим Монгол Улсын эдийн засгийн их сургууль, Удирдлагын академийг төгссөн. Сонирхол гэвэл дуу хөгжим. Эргээд харахаар, соёл урлаг, боловсролын салбарт, дунд нь амьдралын шаардлагаар уул уурхайн салбарт зургаан жил ажилласныг эс тооцвол 30 дахь жилдээ ажиллаж байна. Анх цэцэрлэгийн багш эрэгтэй гэхээр хүмүүс их гайхаж байсан. Хааяа нэг яаман дээр ажил хөөцөлдөөд ирэхээр амархан ч бүтнэ. Цэцэрлэгийн багш эрэгтэй байдаггүй  болоод ч тэр үү, их сонин... Тиймдээ ч эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, галбын говийнхоо ирээдүй болсон нялх балчир үрс, хүүхэд багачуудынхаа төлөө сэтгэл гаргаж, зүтгэж ажилласан. Өнгөрсөн хугацаанд сум, аймгийнхаа үе үеийн удирдлага, найз нөхөд, хамт олонтой хамтран хийж хэрэгжүүлсэн ажил, санаж сэдсэн бүхий л зүйл маань хүүхэд залууст хандсан байдаг юм. Манай Ханбогд сум түүхэндээ ганцхан цэцэрлэгтэй байсан. 1964 онд байгуулагдсан, хоёрхон бүлэгтэй цэцэрлэг маань 50 хүүхэд, 7-8 ажилтантай л байлаа. Гэтэл сүүлийн үед уул уурхайтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн нягтаршил ихсэж, тэр хэрээр нийгмийн асуудлууд тулгарч байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл урлагийн хүрэлцээ муудсан. Тиймээс би сургуулийн өмнөх боловсролын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай ярилцаад орон нутгийн цэвэр хөрөнгө оруулалтаар хэрэгцээ шаардлагатай цэцэрлэгийг шинээр байгуулах, хуучнаа өргөтөх ажилд ханцуй шамлан орсон. Ямартай ч хуучин хоёр бүлэгтэй байсан цэцэрлэгээ өргөтгөж таван бүлэгтэй болгосноор 125 хүүхэд хамрагдаж байна. Шинээр 170 хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бариулж, ашиглалтанд өглөө. Анх сургуулиа төгсөж ирээд 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Цэцэрлэгээ өргөтгөж, 22 гэж тусад нь салгасан. Өдгөө 180 хүүхдийн даацтай ч 250 хүүхэд явж байна. 21 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн даацтай ч 170-180 орчим хүүхэд хүмүүжиж байна.

Ш.Эрдэнэжаргал: Ханбогд бол донор сум

-Ингэхэд суманд цэцэрлэгийн насны хэдэн хүүхэд байдаг юм бэ?

-Хамран сургах хүүхэд 750 орчим байдаг. Одоо удахгүй шинээр 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орно. 100 хувь биш ч хоёр гурван жилдээ болчихно л гэж харж байгаа. Бас удахгүй 640 хүүхдийн сургууль нээлтээ хийх гэж байгаа. Өнөөдрийн байдлаар хуучин сургуульдаа өргөтгөл хийгээд 400 хүүхдийн сургуульд 650 орчим хүүхэд суралцаж байна. Шинэ сургууль ашиглалтанд орчихоор болоод л явчихна. Ачаалал хэвийн болно гэж харж байгаа.

-Танай гэр бүлийн хүн бас цэцэрлэгийн багш гэж дуулсан. Гэр бүлээ танилцуулаач?

-Миний хань Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүн. Хамтдаа цэцэрлэгийн багшаар суралцаж төгссөн. Би чинь нутагтаа нэг цэцэрлэгийн багш авчирч, соёлын үрийг тариулсан хүн ш дээ... /Инээв./  Амьдрал сайхаан. Би чинь дөрвөн хүүтэй. Гурван бэр,  дөрвөн ачтай "архаг” өвөө... Том хүү маань МУИС-ийг Төрийн захиргаа удирдлагын мэргэжлээр төгссөн. Дунд хүү ШУТИС-д сурч байгаад одоогоор жилийн чөлөө аваад ажил хийж байна. Дараагийнх нь Улаанбаатар их сургуулийн комьпютер графикийн ангийг дүүргэсэн. Харин бага маань КУДС-д кино урлагийн ангид суралцдаг. Ер нь бол хүн өөрөө хөгжлийн гол капитал. Би сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн. Тэр утгаараа Монголын боловсролын хөгжил хөтөлбөрт өөрчлөлт хийгээд явж байгаа ч чамлалтай санагддагыг нуухгүй. Сургуулийн өмнөх нас гэдэг дадал хэвшлийн үе. Шуудхан хэлчихэд, бид зөв монгол хүнийг бий болгох ёстой. Дэлхийн улс орны иргэдэд тухайн улсын иргэнээрээ бахархдаг байдал тод анзаарагддаг. Үндэсний өв соёл уламжлалаа авч үлдэх нь зөв гэдгийг дэлхийн хөгжлийн түүхээс ч харж болно. Том мэргэжил, шинжлэх ухааныг сурдаг судалдаг. Харин бид хүүхдэд монгол хүн гэх сэтгэхүйг суулгаж өгөх ёстой юм шүү дээ. Бид дэлхийн олон юмны анхдагч нь монголчууд гэж хөөрдөг. Гэтэл өнөөдөр эх хэлээ мэдэхгүй харийн хэлээр шулганадаг хүүхэдтэй УИХ-ын гишүүн байна. Хүүхдийн буруу биш л дээ. Гэхдээ л  хэл, соёлоо ч мэдэхгүй байна гэдэг "гамшиг” шүү.

Ш.Эрдэнэжаргал: Ханбогд бол донор сум

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>