В.Путин: "Ил 20" онгоц сүйрсэн нь золгүй явдал
Сирийн Латакиа дахь агаарын баазын ойролцоо Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа ОХУ-ын "Ил 20” онгоц осолдсон юм. Уг онгоцонд 14 цэргийн албан хаагч зорчиж явжээ.
Израйлийн нисэх онгоцнууд Латакиа руу пуужин харвахад Сирийн Засгийн газрын арми "С-200” газар-агаар ангиллын зэвсгээр эсэргүүцэхдээ Оросын "Ил 20” онгоцыг оносон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Кремлийн ордондоо Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг хүлээн авчээ. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Путин "Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Амиа алдагсдын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье. Туркийн тал өмнө нь Оросын онгоцыг санаатай устгаж байсан. Израйльчууд манай онгоцыг буудаагүй. Энэ бүхэн золгүй явдал” хэмээн хэлжээ.
Туркийн сөнөөгч онгоц 2015 онд Оросын байлдааны онгоцыг улсын агаарын хил зөрчсөн хэмээн буруутгаж, пуужингаар харваж байсан юм.
Москвагийн тал Израйлийн талд зохих ёсны хариуг нь барина гэдгээ Израйлийн талд сануулсан гэнэ.