Ц.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

647

 

 

Өчигдрөөс эхлэн зарим газраар нойтон цас орж тариа хураалтад хүндрэл учирч болзошгүй байна. Тиймээс ХХААХҮ-ийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Цаг агаар хүйтэрч, ургац хураалтад хүндрэл учрах нь. ХХААХЯ-наас хэрхэн яаж ажиллаж байна вэ? 

-ХХААХҮЯ-наас өвлийн бэлтгэл, намрын ургац хураалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын ургацын комиссыг ХХААХҮ-ийн сайд ахалж, ургацын урьдчилсан балансыг тогтоох комиссыг хуралдуулаад байгаа. Хуралдаанаар яамны сайд Б.Батзориг ургац хураалт, цаг үеийн ажилтай холбоотой албан даалгаврыг гаргаж, холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг өгсөн. Тодруулбал, намрын ургац хураалтын үед цахилгаан болон шатах тослох материалаар таслалдуулахгүй байх, намрын ургац хураалтад шаардлагатай ажиллах хүчнийг бэлэн байлгаж, ААН-тэй гэрээ байгуулж ажиллах зэрэг албан даалгаварыг гаргаж салбар, салбаруудад үүрэгжүүлээд байна. 

-Ургац хураалт ер нь хэдэн хувьтай байгаа вэ? 

-Энэ намрын ургац хураалтын ажил ерөнхийдөө жигдэрсэн. ААН, иргэд ургац хураалтандаа орчихсон байгаа. Тариалангийн бүс нутгуудаар энэ долоо хоногт цаг агаар таатай байгаа. Энэ өдрүүдэд ургац хураалт улсын хэмжээнд үр тарианы хураалт  6 хувь орчим,  төмс хураалт 30 хувь, хүнсний ногоо 50 хувьтай байна.

-Өчигдрөөс эхлэн цаг агаар сэрүүсч байна?

-Харин өчигдрөөс эхлэн тариалангийн бүс нутгуудаар цаг агаар сэрүүсэн, нойтон цас унана гэсэн мэдээллийг Улсын ургац хураалтын комисст, Цаг уур орчны хүрээлэнгийн газраас ирүүлсэн байна. Тиймээс иргэд тариаланчдад цаг уурын анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэн ажиллаж байна. Гэнэтийн энэ байгалийн үзэгдэлд тариаланчид ангилсан тариагаа талбай дээрээс яаралтай хурааж авах, босоо тариа байвал ангилах ч юм уу өөр өөрсдийнхөө технологийг зөв баримталж ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг хүргүүлж байна. Гэнэтийн цас орох үзэгдэл нэг, хоёр өдөр үргэлжлэх байх гэж харж байгаа ч эрсдлийг урьтаж тооцож ААН-үүд тодорхой хэмжээнд цаг алдалгүй ургацаа хураах төлөвлөгөөтэй байна. 

-Яамны зүгээс тариалан эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа вэ? 

-Энэ намрын ургац хураалтанд тариаланчдад "Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гаар дамжуулан шатахууны эрхийг олгож байгаа. Тариалан эрхлэгчдийг дэмжих санд буудай татах тээврийн хэрэгслүүдийн сонгон шалгаруулалтын ажлыг хийж, ААН-үүдтэй гэрээ байгуулсан. "Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн салбарууд буудай хүлээн авахад бэлэн байгаа. Эхний ээлжийн буудайг хүлээгээд авчихсан. Мөн буудайн хатаалга хэвийн ажиллаж байна. Хур тунадас ихтэй байгаагаас шалтгаалан буудайны чийг урьд жилүүдтэй харьцуулахад их байгаа учир Хөтөл, Сэлэнгэ салбарт шинээр хатаалга нэмсэн нь ургац хураалтанд хүндрэл бага учруулж байна. 

Х.Соёл-Эрдэнэ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>