|
Видео

Шинэ мэдээ

Монгол Казахстанаас илүү авлигатай орон болжээ!

Монгол улс дэлхийн хамгийн ардчилсан орнуудын нэг боллоо гэх ухуулга сурталчилгааг сүүлийн үед ихээхэн явуулах болжээ. Ялангуяа, зарим сурталчилгаа Монголыг хөрш улс Орос, Хятад болон ойр орших Дундад Азийн дарангуйлагчтай гэх "стан"-уудтай харьцуулан ямар сайхан ардчилсан орон болохыг нь гайхан шагшина. Гэтэл, АНУ-ын нэр хүндтэй эрдэмтэн Моррис Россаби Монголын ардчилалыг нэлээд өөрөөр дүгнэж иржээ.

Өрнөдийн хэвлэлээр Азийн хөгжлийн банк (ADB), Олон улсын валютын сан (IMF) болон бусад санхүүгийн агентлагууд пост-коммунист ертөнцийн хамгийн агуу амжилтын нэг хэмээн Монголыг хүчтэй сурталчилж буй нь бодит байдалтай нийцэхгүй байна хэмээн Россаби үздэг юм. Тэрээр Монгол ардчилсан орон гэдэг нь хуурамч сурталчилгаа хэмээн бичжээ.

Россаби Монгол жинхэнэ ардчилсан орон биш гэж үздэгээ асар их авлигатай холбон тайлбарлаж буй. Түүний харж буйгаар, хэрэв Монгол ардчилсан орон мөн юм бол, авлига багатай байх ёстой, гэтэл тус улс авлигад улам бүр идэгдсэнээр ардчилал нь хуурамч гэдгийг харуулж байна. Мөн, Россаби "алт, зэсийн уурхайн эрчимжилт баялгийн шунал, хуулийг уландаа гишгэх явдлыг өдөөв. Засгийн газар гадаадын уул уурхайн компаниудтай хуйвалдан гэрээ байгуулсан хийгээд түүнийг дагасан авлига, байгаль орчны доройтол нь энэ улсыг гай зовлонд автуулжээ. Өнөөгийн Монгол нь албан ёсны мэдээ, Өрнөдийн хэвлэлээр зогсоо зайгүй харуулж байгаа шиг амжилтын түүх биш юм" гэж бичжээ.

2013 оны сүүлээр "Транспэйрэнси интернэйшнл" байгууллага дэлхийн улс орнуудын авлигын индексийг танилцуулсан юм. Энэ судалгаанд Монгол нь дэлхийд авлигаараа алдартай Хятадаас илүү их авлигатай орноор шалгарсан байна (http://www.transparency.org/cpi2013/results). Тус байгууллагын судалгаагаар 2013 онд дэлхийн хамгийн бага авлигатай орнуудын эхний 5-д Дани, Шинэ Зеланд, Финлянд, Швед, Норвеги орсон бол Хятад жагсаалтын 80, харин Монгол 83 дугаар байранд бичигдсэн байна.

Харин, олон улсын авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Трэйс Интернэшнл" хэмээх өөр нэг ашгийн бус байгууллага 2014 оны авлигын индексээ сая танилцуулжээ. "Трэйс матриц" гэх энэ индекс дэлхийн бүх улсын бизнесийн орчин дахь авлигын эрсдлийг дараах дөрвөн үндсэн салбараар үнэлдэг байна. Үүнд:

1. Засгийн газартай явуулах бизнес харилцаа

2. Авлигын эсрэг хууль ба хэрэгжүүлэлт

3. Засгийн газар ба төрийн албаны ил тод байдал

4. Хэвлэл мэдээллийг оролцуулаад, иргэний нийгмийн хянах чадвар

"Рэнд" корпорацитай хамтран боловсруулсан Трэйс матриц нь бизнес ертөнцийнхөнийг авлигын эрсдлийн үнэлгээгээр хангадаг юм. Энэхүү эрсдлийн үнэлгээнд цөөн оноо нь авлигын эрсдэл бага гэдгийг, харин оноо нэмэгдэх тусам авлигын эрсдэл илүү гэдгийг харуулна. 2014 оны индекс бүхий Трэйс матрицаас харвал, Монгол Улс нь дэлхийн 197 орноос 72 оноогоор 156 дугаар байрт буюу маш их авлигатай орнуудын тоонд оржээ. Доорх хүснэгтэд үзүүлсэн 2014 оны индекс нь Монгол Улс хөрш Орос, Хятад төдийгүй, нөгөө харьцуулах дуртай Дундад Азийн "стан"-уудаас ч илүү авлигын эрсдэлтэй орон гэдгийг харуулж байна.

Трэйс Интернэшнлийн Трэйс матриц, 2014 он

Эрэмбэ

Улс

Эрсдлийн оноо

Салбар 1

Салбар 2

Салбар 3

Салбар 4

1.

Ирланд

20

15

24

30

4

2.

Канад

22

25

22

20

9

3.

Шинэ Зеланд

23

13

48

23

18

4.

Хонг Конг

23

4

51

27

30

5.

Швед

23

9

53

25

20

10.

АНУ

27

35

23

1

7

106.

Замби

58

44

48

65

66

115.

Туркменистан

60

54

62

61

64

134.

ОХУ

65

73

27

39

43

137.

Хятад

66

55

21

62

76

141.

Казахстан

68

72

22

55

53

153.

Гайти

71

71

56

71

62

155.

Танзани

71

73

27

65

57

156.

Монгол

72

80

29

48

45

197.

Нигер

97

99

25

97

57

Хүснэгт авсан эх сурвалж: http://www.traceinternational.org/trace-matrix/

Монголын төр засаг улам бүр газар авч буй авлигатай тэмцэнэ хэмээн сүртэй тунхаглаж байгаа юм. Гэвч энэ улсад авлигын хэргээр ял авсан хүн үнэндээ тоотой хэдхэн бөгөөд тэдгээр нь удалгүй суллагддаг практик тогтжээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл хөгжил дорой Монгол улсын хувь заяа улам бүр бүрхэг болно гэдэг нь тодорхой билээ.

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.