АВЛИГАТАЙ ТӨРИЙН ИВЭЭЛ ДОР ЦЭЦЭГЛЭСЭН АШИГТ МАЛТМАЛЫН АШИГ НЬ ХААНА БАЙНА ВЭ

25

АВЛИГАТАЙ ТӨРИЙН ИВЭЭЛ ДОР ЦЭЦЭГЛЭСЭН АШИГТ МАЛТМАЛЫН АШИГ НЬ ХААНА БАЙНА ВЭ

 

Ёстой л оготонын дуу тэнгэрт хүрдэггүй гэгчийн үлгэрээр нутаг орноо яаж ч харамлаад, халаглаад, хэлээд, бичээд ингэж авлигад идэгдэж гүйцсэн арчаагүй төрийн үйл ажиллагааг засч залруулж чадах биш жирийн ард түмэн яалтай билээ, бид.

Авлигачин төрийн ивээл дор түгэн дэлгэрсэн ашигт малтмал нэртэй ашиггүй малтмалууд, уршиг тарьж улсыг доройтуулдаг уул уурхайнхан, нутаг бэлчээр доройтуулан өлийн цагаан оготноос илүү гаран олширсноос болж их Нацагдоржийн маань шүлэглэн дуулж байсан Монголын сайхан орон маань аргагүй л ухсан нүх, овоолсон шороо болж дуусч байгаа нь юутай харамсалтай, ямар эмгэнэлтэй вэ. Үүнээс илүү нүгэл хилэнц, түүнээс их үйлийн үр гэж байх уу даа. Ямар мунхаг төр, яасан бодлогогүй засаг гээч вэ.

Миний багад сургуулийн охидууд хуруугаараа шахам газар хөнгөхөөн зураад түүн дээгүүрээ дэвхцэж тоглодогсон. Түүнд нь буянтай хөгшид их л дургүй байдагсан. Ийм бэрх цагийг үзвэл яах байж вэ гэж л бодох юмдаа. Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий байгалийн баялаг ард түмний мэдэлд бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Тэгвэл ард түмний мэдэлд төрийн хамгаалж байгаа газар нутаг байгалийн баялаг гэж хаана ч байхгүй. Зүгээр л нэг хий хоосон, цагаан тунхаг байна биш гэж үү. Газар түүний доорх, дээрх байгалийн баялгийг лиценз нэрээр эзэмшээд хагартлаа баяжсан олигархи бүлэглэлүүд нэмэгдэн олширсоор байгаад дампуурсан төрийн далбаан дор хэтрэхдээ улс ард түмний өмч болох байгалийн баялгийг дундаа болон харийнхантай наймаалцаж дураараа дургиж дунд чөмгөөрөө тонгочсон жинхэнэ дархлагдсан луйварчид даварсан дээрэмчдээр Монгол Улс дүүрчээ.

Хамгийн хачирхалтай бөгөөд харамсалтай нь ингэж уул овоо газар эхээ ухаж төнхөж гол усыг бохирдуулан ширгээж эдийн засгийн үндсийн үндэс болсон малын бэлчээрийг талхлан сүйтгэсний эцэст улсын төсөвт юуг оруулж эдийн засагт ямар нэмэр болж байна вэ, энэ нь яагаад эсрэгээрээ байдаг вэ, уул нь бол ийм яндашгүй их баялаг дээр хөлбөрч туйлж байдаг гуравхан сая хүнтэй улс ингэж өрөндөө баригдаж дэлхийн гуйлгачин болж байж шившигээ тарихааргүй баймаар юм. Үүнийг яаж ойлгох вэ, даанч дэндүү гайхалтай. Байгалийн баялаг гээч хэзээ ч дуусахгүй тийм барагдашгүй хязгааргүй юм биш шүү дээ. Мунхагийн дотор амгалан гэгчээр газар эх, нутаг орноо сүйтгэх ажил  ёстой л гандан буурашгүй явагдаж байна даа, хойшдоо яана даа. Эцэст нь ашиг тусгүй ашигт малтмал, уршиг дагуулсан уул уурхайгаар ер нь яах билээ, бид.

Үүднийхэн ч хойморынхон ч ялгаагүй Үндсэн хуульд бүгдээрээ л захирагдах ёстой

Дэлхийн бараг бүх улс үндсэн хуультай байдаг байна. Тэгвэл улс орон болгон энэ үндсэн хууль гээч юмын чухам юуны тулд юунд зориулсан байдаг вэ гэвэл хамгийн гол нь манайхны хэлээр төрийн бүх өндөрлөгүүд, төрийн бүх институцүүдийг л үндсэн хуулийн хүрээн дотор ажилуулж үйл ажиллагааг нь явуулж байхын тулд зориулагдсан байдаг аж. Ингэхийн тулд үндсэн хуулийн шүүхтэй байдаг. Тэр нь хэнээс ч юунаас ч хараат бус байж зөвхөн хуульд захирагддаг. Тэднээс гарсан шийдвэр нь эцсийнх болдог. Манай үндсэн хуулийн эрх үүрэг нь энэ олон улсын үндсэн хуулиудын жишигтэй л адил байдаг юм билээ.

Онцлог нь манай төрийн эрх барих дээд байгууллагууд төрийн бүх инститиүцүүд ялангуяа УИХ даанч дэндүү хэтэрхий ихээр үндсэн  хууль зөрчиж байдаг. Үндсэн хуулийг жирийн ард түмэнд зөрчөөд байх юм бараг байдаггүй юм. Үндсэн хууль зөрчөөд л үндсэн хуулийн манаач болсон хамгийн их эрх бүхий байгууллага болох ҮХЦ-ээс гарсан шийдвэр биелэгдэхгүй байна гэдэг ямар аймшигтай вэ. Энэ нь улс нийгмийг юунд ч хүргэж мэдэх уршигт үр дагавартай зүйл билээ. Үндсэн хуулийг зөрчин байж гарч болдог ганхан юм байдаг тэр нь аливаа хувьсгал л байдаг түүхтэй.

Үндсэн хуулийн мэдэгтүн, сахихтун гэсэн тэр айлдварыг дээр доргүй жирийн иргэнээс ерөнхийлөгч хүртэл дагаж биелүүлж бүх нийтээр эрх тэгш байж.
Үүднийхэн ч, хойморынхон ч ялгаагүй

Үндсэн хуульд бүгдээрээ захирагдах ёстой.

Дорнод Дашбалбар сум. А.Цэрэндаш

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.