АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрээд байна
Өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн 2019 оны эдийн засгийн төлвийг танилцууллаа. Тус банкны суурин төлөөлөгч Елинда Фернандез Ломмен хэлэхдээ "Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв эерэг харагдаж байна. Эдийн засгийн өсөлт хадгалагдана гэсэн таамаг дэвшүүлж байна. Бүс нутаг даяар эерэг төлөв харагдаж байгаа нь дотоодын эрэлт нэмэгдсэн. Гэхдээ худалдааны маргаан, дайн биеллээ олвол эрсдэлд орж болзошгүй. Тийм учраас бүс нутгийн хүрээнд эдийн засгийн харилцаагаа бататгах тал дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.
АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, энэ оны эхний хагаст 6.3 хувьд хүрснийг хэлээд, түүнд хүн амын хэрэглээ өссөн, нүүрсний экспорт нэмэгдсэн, уул уурхайн салбарт орох хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэсэн үндсэн гурван шалтгаан нөлөөлснийг дурдав.
Тэрбээр хэлэхдээ "Эдийн засгийн өсөлтийн төлвийг өндөр сайн байна гэсэн таамгыг 2018, 2019 онд дурдаж байна. Гэхдээ 2019 оны өсөлт бага зэрэг буурна. Үйлчилгээний салбар нэлээд тэллээ. Харин хөдөө аж ахуйн салбарт өсөлт төдийлөн гарсангүй. Уул уурхайн салбар эдийн засагт хамгийн том буюу 12.6 хувийн өсөлт үзүүлсэн. Хэрэглээ өндөр үзүүлэлттэй гарлаа. Энэ нь хэрэглээний зээл олголт өссөнтэй холбоотой. Цэвэр экспортын ДНБ-д үзүүлэх нөлөөлөл нь -3.3 хувь буюу сөрөг гарсан. Төсвийн хувьд ДНБ-ий 8 хувьтай тэнцэхүйц ашигтай гарлаа. Энэ нь нэгдсэн төсвийн орлого нэмэгдэж, зарлага төлөвлөснөөс доогуур гарсантай холбоотой юм” гэв.