Хятадын гадаад валютын нөөц буурчээ

701

 

 

Хятадын гадаад валютын нөөц буурчээ

 

Хятадын Ардын банкнаас энэ сарын 7-ны өдөр мэдээлсэн гадаад валютын нөөцийн тухай сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл энэ оны есдүгээр сарын сүүлчээр Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 87 тэрбум ам.доллар буюу наймдугаар сарын сүүлчээс 22.7 тэрбум ам.доллароор буурсан байна. Олон нөхцөл шалтгааны улмаас Хятад улсын гадаад валютын нөөц бага зэрэг буурсан боловч ирээдүйд тогтвортой байдлаа хамгаалах хандлагатай байна гэж шинжээчид үзсэн юм.

 

Есдүгээр сарын ам.долларын үзүүлэлт наймдугаар сарын сүүлчийнхтэй үндсэндээ адил, ам.долларын бус гол валют хэлбэлзэж, гол улсуудын векселийн үнэ бага хэмжээгээр буурчээ. Валютын солилцох ханш, хөрөнгийн үнийн хэлбэлзэл зэрэг цогц үйлдлээс хамаарч Хятад улсын гадаад валютын нөөц бага зэрэг буурсан гэж Хятадын Гадаад валютын удирдлагын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Ван Чүн-Ин хэлсэн юм.

Векселийн хөрөнгө олон орны гадаад валютын нөөцийн ихэнхийг эзэлдэг. АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ нэмсэн нь олон орны векселийн үнийг бууруулсан аж. Энэ нь Хятадын гадаад валютын нөөцийн хөрөнгийн үнэлгээнд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ.

Мөн есдүгээр сард Японы иений ханш 2 гаруй хувиар буурснаар Хятадын гадаад валютын нөөц дэх иений хөрөнгө багассан байна. Хятадын Гадаад валютын хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн захирал Тань Ялин энэ талаар хэлэхдээ "Ам.доллар тогтвортой байсан боловч иений үнэ илэрхий унасан. Манай улсын гадаад валютын нөөцөд иен зохих хувийг эзэлдэг. Иймээс гадаад валютын нөөц багасахад зохих нөлөө үзүүлсэн юм” гэжээ.

Японы иений ханш буурсны нөлөөгөөр Хятадын гадаад валютын нөөц 10 тэрбум ам.доллароор буурч магадгүй байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрэв Америкийн Холбооны нөөцийн сан цаашид мөнгөний хүүгээ өсгөвөл дэлхийн үнэт цаасны үнэ үргэлжлэн буурч магадгүй аж. Хятад улсын гадаад валют ч буурч магадгүй юм байна. Иймээс богино хугацааны үнийн үзүүлэлтээр валютын нөөцийн ашиг буюу хохирлыг дүгнэж болохгүй гэж Тань Ялинь ярьсан юм.

Мөн тэрээр "Дунд, урт хугацааны байдлаас үзвэл манай гадаад валютын нөөц 3 их наяд гаруй ам.доллар байна. Харьцангуй байдалд түүний үнэ, эрсдэлээс хамгаалах чадвар сайн байгаа юм. Банк санхүүгийн зах зээл нийтдээ хөдөдлгөөнтэй байгаа нөхцөлд богино хугацааны үнийн хэлбэлзэл, гадаад валютын нөөцийн нэмэгдэж, буурах нь хэвийн үзэгдэл юм” гэв.

Хятадын Үндэсний гадаад валютыг удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин "Гадаад орчин тогтворгүй байгаа боловч Хятадын эдийн засаг зохицох чадвар, эрсдэлээс хамгаалах чадвар сайтай. Тогтвортой байдал нь гадаад валютын зах зээлд бат бэх үндэс суурь болдог. Гадаад, дотоодын ерөнхий хүчин зүйлийн нөлөөнөөс болж Хятадын валютын цар хүрээ цаашид хэлбэлзэх боловч тогтвортой хэвээр байх болно” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>