Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална
Эдийн засгийн байнгын
хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. Ингэснээр төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилжээ.
Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байна. Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна. Уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан ч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна.
Хуулийн төсөл батлагдсанаар валютын эдийн засгийн харилцааг оновчтой зохицуулж өгснөөр зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой байх боломжийг бүрдэх аж. Мөн хөрөнгийн чөлөөт урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн талаарх заалтуудыг хуульд тодорхой тусгаснаар макро эдийн засгийн бодлогын сонголтыг тодорхой болгож, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдлыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болох юм байна.
Түүнчлэн гадаад секторын статистик, валютын дотоодын захын ханш, валютын арилжааны мэдээний хамрах хүрээ, чанар, давтамжийг сайжруулах боломжтой болно. Энэхүү мэдээллийн урсгал сайжирснаар макро эдийн засгийн бодлого боловсруулагч, зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, улмаар зах зээл үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой аж. Хөрөнгийн дотогшлох болон гадагшлах ихээхэн хэмжээний урсгал, онцгой байдал үүссэн нөхцөлийн зохицуулалтын арга хэмжээ авах боломжийг хуульд тусгаж өгснөөр макро эдийн засгийн гадаад болон дотоод тэнцлийн тогтворгүй байдал үүсэх, улмаар эдийн засгийн хямралд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой болох юм байна.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ валютын нөөцөө 1 жилийн импортын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэх амлалт авсан. Одоогоор 6 сарын импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй байгаа бөгөөд дээрх үүргээ биелүүлэх шаардлага бий. Иймд дээрх хуулийг шинэчлэн өөрчилж, валютын зах зээлийг тогтвортой болгох шаардлага байгаа аж.
Банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааг хяналттай болгож, тэдгээрийн гадаад бэлэн валютын арилжааны мэдээг валютын захын тайлан, мэдээнд тусгадаг болгож, валютын захын энэ хэсгийг мэдээлэх, тайлагнах тогтолцоонд нэн даруй хамруулах шаардлагатай байгаа юм байна. Ингэснээр гадаад валютын дотоодын захад оролцогчид шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж.