Эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчид үг хэлэх эрхгүй байна

31

 

Эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчид үг хэлэх эрхгүй байна

Монголын эмэгтэйчүүдийн холбоог хүмүүс төдийлөн мэддэггүй. Харин энэ байгууллага өнөөдөр нэгдсэн тавдугаар чуулганаа UB Palace-т хийж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 3000 эмэгтэйчүүдийн төлөөлөл  оролцож байгаа аж.  Хуралдаанд оролцож буй нэг хүн 108 мянган төгрөгний такс төлж оролцож байгаа гэнэ. Ийнхүү өндөр төлбөр төлж, хуралдаандаа оролцох ганц шалтгаан нь өнөөдөр маргааш хоёр өдөр хуралдах хурлаар эмэгтэйчүүд Ерөнхийлөгчөө сонгох юм. Тиймээс ийнхүү ач холбогдол өгөн хөдөө орон нутгаас ч зорин иржээ. 

Гэтэл хуралдаанд эмэгтэйчүүдэд үг хэлэх боломж төдийлөн олдохгүй байна гэж хуралд сууж буй эмэгтэйчүүд мэдээлж байна. Ерөөсөө тавхан эмэгтэйд үг хэлэх боломж олгон, хурлыг хайрцаглан хаалттай болгож байгаад гомдолтой байна гэв. 

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэхүү байгууллагыг Ж.Эрдэнэчимэг толгойлж ирсэн бөгөөд  энэ удаад тэрбээр дахин ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ. Гэвч энэ хугацаанд шинэчлэл огт хийгдээгүй хэмээн эмэгтэй гишүүд нь ихээхэн шүүмжилдэг байна. Тиймээс  Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Золзаяа, "ISO Mongolia" компанийн захирал Б.Оюунгэрэл нар ерөнхийлөгчид  өрсөлдөж байгаа аж. Гэхдээ хуралдааны уур амьсгалыг харвал, 3000 гаруй төлөөлөгч ямар эрх мэдэлгүй, үг ч хэлж чадахгүй байдалтай байгаа. Мөн Ж.Эрдэнэчимэг нь 160-хан хүнээр Ерөнхийлөгчөө сонгохоор бэлтгэл ажлаа бүрэн хийгээд байгаа юм байна. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар нийгэмд тулгамдаад буй эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, хүчирхийлэл жендер гэх мэт үндсэн асуудал огт яригдахгүй. Шашин шүтлэг, ёс суртахуун гэх мэт ач холбогдолгүй илтгэлүүд тавигдаж байна гэж шүүмжилжээ. 

Юутай ч хайрцагласан хурлын дор хэсэг бүлэг хүмүүс нэгдэн Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаад эмэгтэйчүүд эгдүүцэж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.