Төрийн байгууллагууд сургалт, тендер хоёроор төсвийг хоосолж дууслаа

62

Төрийн байгууллагууд сургалт, тендер хоёроор төсвийг хоосолж дууслаа 

-Сонгуулийн жил орон нутагт 186 тэрбум төгрөг төсөвлөсөн нь "төсвийн хулгай” алслагдсан сум, аймагт хэрэгжих эхлэл юм биш үү-


Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан 2019 оны нэгдсэн төсвийн "Урсгал зарлага” хэсэгт өнгөрөгч онд хүүхэд хамгаалалд эмэгтэй гишүүдийн дэмжлэгээр нэмсэн таван тэрбум төгрөг, түүнээс өмнө суулгасан1.4 тэрбумыг хэрхэн зарцуулсан тухай тайлан багтжээ. Уг тайланд "Нийт төсвийн 57 хувийг буюу 3.7 тэрбум төгрөгийг байгууллагынхаа үйл ажиллагааны зардал, эд хогшил тавилга худалдан авахад зарцууллаа. Харин 15 хувь буюу 957 сая төгрөгийг мэдээлэл сурталчилгаа, тэмдэглэлт өдөр, урлагийн наадам зохион байгуулахад, найман хувийг сургалт семинарт, үлдсэн 10 хувийг хүүхэд хамгаалалд зарцуулсан” хэмээн бичжээ. Бод доо, хүүхдээ хамгаал гэж төсөвлөж өгсөн мөнгөний ердөө л 10 хувийг нь зорилтод бүлэгтээ зарцуулсан гэсэн үг. Энэ тухай мэдээлэл соошл орчинд цацагдаж эхлэхтэй зэрэгцэн ГБХЗХГ-ын удирдлагууд яарч сандран мэдээлэл хийж бид ердөө л 197 сая төгрөгөөр хүүхдийн хамгаалах байрны тавилга, гудас дэвсгэр худалдаж авсан гэх утга авцалдаагүй мэдээлэл хийв. Ерөнхийлөгчийн өрөөнд дуудагдаж орохдоо мөнөөх л тайлбараа хийж, арьсаа хамгаалах нь тэр. Харин зөрүү мэдээлэл агуулсан гэх тайлан нь яаж яваад нэгдсэн төсвийн төсөлд орсныг тайлбарласангүй. Анх удаа ийм их хэмжээний төсөв захиран зарцуулсан учраас яах учраа ойлгохгүй, эс бөгөөс бусад шигээ тайлан өгч сураагүй учраас гэнэдсэн ч байж мэдэх юм.

Угтаа төсвийн "боловсон хулгай” яаж хэрэгждэг вэ гэдгийг яруу тодоор харуулсан ганцхан жишээ энэ боллоо. Гэнэдээд л зарцуулсан төсвөө үнэнээр нь мэдүүлчихжээ гэж таамаглаж сууна. Харин бусад нь бол "боловсон хулгай”-г хэрхэн нуух вэ гэдэгт гаршчихсан. Тэд "бусад” гэх үг оруулаад л тавилга худалдаж авсан, сургалт семиниар нэрээр зувчуулсан мөнгөө нуучихдаг. Хамгийн хоржоонтой нь 2019 оны төсвийг нэгбүрчлэн уншиж үзэхэд өмнөх шиг сургалт сурталчилгаа, мэдээлэлд зарцуулах төсвийг хаана ч тавиагүй байх юм. Бүр сайд нарын багцад ч энэ талаар үг үсэг алга. Угтаа төсвийн зарлага талдаа хий гаргахгүй гэж хичээсэн нь илхэн. Тухайлбал, төсвийн зарлага гаргахдаа баримтлах зарчим гэдэгт "Тээвэр шатахуун, халаалт, гэрэл, цахилгаан, интернет, шуудан холбоо, бичиг хэрэг, эд хогшлын зардлыг 2018 оны түвшнээс нэмэгдүүлэхгүй. Гадаад албан томилолтын хэмжээг нэмэхгүй” гэх мэт гоё амлалт бичжээ. "Огт авахгүй” гэж бичээгүй байгаа юм. Тавилга эд хогшил авна, гэхдээ 2018 оны түвшинд л авна гэж уншигдав.

Үүнийгээ ч халхлах аргаа сайн олж, сайд нарын төсөвт тавилга, эд хогшил гэсэн үг ширхэг ч оруулаагүй нь Сангийн сайдын чамбайд биш харин сайн нууж сурсныг илтгэх биз ээ. Улстөрчдийн мөрөөдөл болсон "бяслаг” шиг төсөв болсон хэмээн Хүрлээ сайд үүнийгээ магтаж суугаа. Нээрээ л өө хайна гэвэл Г.Занданшатар даргын багцад буй 1.1 тэрбумаар ЗГХЭГ-ын харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж, тавилга эд хогшил авах төсөв, 1.1 тэрбумаар Төрийн ордны ТЭЗҮ-г дахин боловсруулах төсөв хоёрыг л өлгөж шүүмжлэх бололтой. Бусдаараа "өөгүй” төсөв оруулж иржээ. Барилга хот байгуулалтын сайд гэхэд л 54 сая төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын гудамжинд зам барина гэж оруулсан нь хамгийн их шүүмжлэх төсөв болж уншигдлаа. Үнэхээр л Сангийн яамнаас энэ удаа оруулж ирж буй "шахсан бяслаг” шиг төсөв баталдагсан бол гадны улсаас доллар гуйлгачилж, хөтөлбөрт хамрагдаж суухгүй байсан юм. 1.9 их наядын алдагдалтай төсөв оруулж ирэхгүй байсан юм. 2019 он бол сонгуулийн жил. Ийм жилүүдэд төсвийг хэзээ ч үр ашигтай зарцуулдаггүй гэдгийг МАН засагласан жилүүддээ ч харуулж чадаагүй юм. Харин одоо л ингэтлээ гэгээрчихсэн гэдэгт хэн ч итгэхгүй байна. Тиймдээ ч төсвийн үргүй зардлаа хаана нуусныг хайгаад үзвэл олон зүйл гарч ирэв.

Тухайлбал, энэ жил улсын төсвөөс орон нутгийн хөрөнгө оруулалтад нийтдээ 189 тэрбум төгрөг тусгажээ. Нүд орой дээр гарахаар их мөнгө. 2018 онд ердөө л 59 тэрбумыг суулгаж байлаа. Үүнээс гадна, ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн 50, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 50 хувь болох нийтдээ 33 тэрбум төгрөгийг дахиад л орон нутагт хуваарилав. УИХ-ын нийт гишүүдийн 3/1 нь орон нутгаас сонгогдсон. Тэгэхээр хулгай хаана явагдахыг эндээс харчихаж болно. Аймаг орон нутагтаа тэрбумаар нь хөрөнгө тавиулчихсан гишүүд маадгар давхиж очно. Хэдэн тэрбумаар нь авчихсан аймгууд өнөөх л суварга барьдаг, ой тэмдэглэдэг, улсын цолтой бөхдөө машин бэлэглэж, сумандаа хаалга барьдаг ажлаа эхэлнэ. УИХ-ын гишүүд нь төсвийг нь батлуулчихсан баатар аятай давхиж очоод л найрлаж, наадамлана. Ашигт малтмалын лицензийн төлбөрийн 50 хувийг ав гэсэн зөвшөөрөл төрөөс авчихсан хурган дарга нар жинхэнэ утгаараа туйлж гарна даа. Лицензийг хорих, цуцлах тухай бодохыг ч хүсэхгүй болно. Мөнгө орж л байвал хэнд ч газраа ухуулахад бэлэн болно оо доо. Ийм л завхрал орон нутагт явахгүй гэсэн баталгааг Сангийн сайд өгөөгүй юм. Төрийн байгууллагуудын хувьд төсвөөс мөнгө хулгайлдаг хамгийн шалгарсан арга нь сургалт, том уриатай чуулган, форум. Байсхийгээд л тэд сургалт хийдэг.

Хүүхэд хамгааллын чиглэлээр гэхэд л 2018 онд хэчнээн сургалт, уулзалт болсныг энд тоочвол барагдахгүй. 6.4 тэрбумын төсөвтэй байгууллага нь гэхэд л нэг тэрбумаар сургалт хийчихсэн байх жишээтэй. Цаашлаад яамны төсвөөс хэдийг зарцуулсан нь ойлгомжтой. Харин үр дүнд нь хүчирхийлэл буурсан уу гэвэл үгүй. Охид хүчирхийлэлд өртөж, амиа алдаж, хүүхдүүд алга болсон хэвээр, харин ч тоо нь нэмэгдсэн. Гэтэл 6.4 тэрбумыг үр ашиггүй зарцуулсан гэх ганцхан үндэслэлээр хүүхэд хамгаалалд зарцуулах төсвийг хоёр дахин багасгаж 2.4 тэрбум болгожээ, 2019 онд. Мөнгийг нь хасах бус шаардлага тавиад, хянаад, хариуцлага тооцоод явах ёстой биз дээ. Магад албаар тавилгад зарцуулсан гэх шуум явуулж байгаад эндээс мөнгө хасах зорилго байгаа ч юм бил үү. Эсрэгээрээ жилийн жилд бизнес хийдэг агаарын бохирдлыг бууруулах төсвөө хэд дахин нэмэгдүүлж, өнөө жил 146 тэрбумаар утааг арилгана гэж оруулж ирэв. Үүний цаана өнөөх л сургалт сурталчилгаа, яндангийн шүүлтүүр, бие даасан агентлаг байгуулах гэсэн үргүй зардал, төсвийн хулгай хийгдэх нь тодорхой. Түүхий нүүрсэнд ногдуулах татвараас орж ирэх 21 тэрбум, газрын тосны лицензээс орж ирэх 839 сая төгрөгөөр тухайн орон нутгийн байгалийг хамгаалж, мөн агаарын бохирдлыг арилгана гэх мөрөөдлөө Ч.Хүрэлбаатар сайд гишүүдэд танилцууллаа.

Дэгсдүүлж хэлбэл, мөнгө идэх, уух ажлаа хяналт сул байдаг, алслагдсан орон нутагт хийхээр санаархаж байгаа нь энэ юм биш үү. Нөгөөтэйгүүр, төсвөөс хулгай хийх хамгийн шалгарсан арга нь тендерийн цавчаа. Монголд барилга барьдаггүй яам байхгүй болсон. Тэр ч байтугай, Засгийн газрын гал тогоог хариуцах учиртай сайд нь хүртэл багийн төвийн барилга, Төрийн ордоны ТЭЗҮ боловсруулах ажилд оролцох гэнэ. Өвөлжилт, байгалийн гамшиг, цаг үеийн нөхцөл байдлыг хянах Шадар сайдын мэдэлд мөн л баахан барилгын ажил очжээ. Энэ бүхэнд тендер зарлана. Тэр болгоноос мөнгө иднэ, тендерээс хувь хүртэнэ. Сайд нь биш юм гэхэд доор нь ажиллаж буй дарга нар нь идэж уудаг. Тун саяхан УИХ-ын чуулганаар Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлөх үед яамных нь нэг "хурган” дарга эхнэрийнхээ нэр дээр "Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулчихаад тендер авч байсан тухай ярьсныг уншигч та санаж байгаа биз. Ийм төв, ТББ хаа сайгүй байгаа. Тендерийн 10 хувийг хүртдэг ашигтай бизнес яам болгонд цэцэглэсэн байна. Хотод зарласан 44 тендерийн 30-ыг нь хамаатныхаа дүүд өгчихсөн хотын даргын дуулиан ч намжаагүй байгаа. Энэ бүхэнд л төсвийн үргүй зардал, хулгай хоёр нуугдчихаад байгаа юм.

Харин наана нь бид дэд сайдыг чөлөөл, тавилга худалдаж авахаа боль гэх мэтээр өнгөцхөн шүүмжилж, улстөрчдийн аманд багтаж цуураад л. Гэтэл элдвийн чуулган, сургалт, тендер хоёроор л төсвийг хоосолж, дэд сайдын нэг жилийн цалин байтугай мөнгөөр туйлж байх юм. Тендерийн зарцуулалтыг хянаж байгаа хүн ч алга. 2019 онд сайд нарын төсөвт суулгасан барилга байгууламжийн төсөвт гэхэд л 2010 оноос хойш мөнгө авч буй барилга нэлээд олон байна. Үүнийг л сөрөг хүчин олж гаргаад, шүүмжлэх ёстой байхад дэд сайд гэсэн "жижигхэн” улс төр хийгээд асуудлыг таг мартав. Арга ч үгүй, ээлжилж засагласан энэ олон жилд бүх л салбарт өөрсдийн компаниа оруулж, тэдгээр компаниуд нь төсвөөс мөнгө идэж, хумсалж байгаа учраас хэн ч энэ талаар дурсахыг хүсдэггүй. Үнэхээр л төсөв нь сахилга баттай, тодотгол хийхгүй чамбай явдаг байсан бол улс орныг бүтэн зуунаар тэжээх "Эрдэнэт”, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг стратегийн 15 орд газартай, 84 сая толгой малтай гуравхан сая монголчууд хэрхэвч ядуу амьдрах учиргүй биз дээ. Сарын цалин дээрээ 100 мянган төгрөг нэмүүлэх гэж бүтэн сар ажлаа хаяж, хүүхдийн 20 мянган төгрөгийн төлөө өдөр шөнөгүй очерлож, 35 мянган монголчууд гадны улс оронд ажиллахгүй биз дээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.