“Драгон” авто вокзалыг нүүлгэн шилжүүлэх нь

653

 

 

“Драгон” авто вокзалыг нүүлгэн шилжүүлэх нь

 

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн нутагт орших, зорчигч тээврийн "Драгон” вокзалыг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд тус цогцолборт авто вокзал байгуулах төслийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

"Хангарди” нэртэй шинэ авто вокзалд Улаанбаатар хотоос аймгууд болон Улаан-Үд, Эрээн хот руу зорчих, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг төвлөрүүлнэ. Жилд давхардсан тоогоор 800 мянгаас нэг сая хүртэлх хүн нэвтрүүлэх хүчин чадалтай байх аж.

"Хангарди” авто вокзалын дэргэд худалдааны бөөний зах, соёл, амралтын хүрээлэн, энтертайнмент төв, оффис үйлчилгээний барилгууд болон автомашин ачих, тээвэрлэх, хадгалах гаалийн хяналтын бүс байгуулахаар төлөвлөжээ. "Монгол Улсад олон улсын стандарт хангасан авто вокзал байхгүй. Шинээр байгуулах авто вокзал нь дэлхийн жишигт нийцсэн байна. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах гол зангилаа болох юм” гэж нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.

Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг хариуцдаг "Олон улсын худалдаа ложистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай "Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд 2022 он гэхэд 20 мянган ажлын байр бий болж, улсад 20 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ. Түүнчлэн нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг багасгах давуу талтай” гэв.

Тус авто вокзалыг ирэх оны долдугаар сарын 31 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүний дараа "Драгон” авто вокзалыг нүүлгэн шилжүүлэх юм байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>