Халдлагад өртсөн цагдаагийн албан хаагч таалал төгсчээ

610

 

 

Халдлагад өртсөн цагдаагийн албан хаагч таалал төгсчээ

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэмт этгээдүүдийн халдлагад өртөөд байсан цагдаагийн албан хаагч дөнгөж сая таалал төгслөө. Эмнэлгийн байгууллагаас яаралтай бүх тусламжийг авсан боловч биеийн байдал нь маш хүнд байсан аварч чадаагүй байна. 

Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдлаа.

Хэргийг сануулбал, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар "Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн.

Цагдаагийн алба хаагчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна.

Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>