Бусдад төвөг удахгүй амьдрах тухай

36

 

Бусдад төвөг удахгүй амьдрах тухай

 

Японд 10 гаруй жил амьдарсан монгол эмэгтэйн "бусдад төвөг удахгүй байх тухай" хэмээх нийтлэлийг хүргэж байна.


Энэ зураг Японы интернэт хэрэглэгчдийн дунд маш их маргааныг дэгдээгээд байгаа юм. Энэ сарын 21-ний өдөр болсон "Принцесс" буухиа гүйлтийн тэмцээний үеэр 19 настай тамирчин охин Рэй Иида хөлөө бэртээсний улмаас 300метр мөлхөж бариандаа орж дараагийн тамирчиндаа туузаа шилжүүлсэн байна. Хоёр өвдөг нь халцраад зулгарсан ч, цусаа дуслуулан мөлхөж байгаа багийнхаа тамирчныг хүлээж байхдаа дараагийн тамирчин нулимсаа арчиж байжээ.

Охины тухай "Үнэхээр шийртэй охин байна", "Сэтгэл хөдөллөө, бахархлаа", "Тамирчин хүн ийм л байдаг", "Багийнхандаа төвөг удахгүйн төлөө" гэсэн интернэт хэрэглэгчдийн  бахадсан сэтгэгдэл дүүрэн байна. Мөн үүний хажуугаар  "Зогсоох ёстой байсан", "Гүйлтийн тамирчин хүнд хамгийн чухал нь хөл байхад улам гэмтээж байгаа юм биш үү", "Нэгнийгээ зольж зорилгодоо хүрэх нь багийн спорт уу?", "Японы нийгэм ерөөсөө л ийм дарамттай, ажил дээр гарсан ч ийм л байдаг, тийм учраас амиа хорлолт их байдаг юм" гэсэн шүүмжлэлүүд түүнээс их.

Монголын нэг сайтад ч "БИД ИЙМ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ" гээд зургийг нь тавьж.

Мэдээж Япон орон гайхалтай. Суралцах, бахархах зүйл маш их орон. Ялангуяа бусдад төвөг удахгүй байх тал дээр бусад орнуудыг хол хаясан гэж боддог. Нэг жишээ л гэхэд бусдад төвөг удахгүйн тулд галт тэргэнд зогсохдоо цүнхээ урдаа үүрч, утсаар ярих байтугай чихэвчээрээ чанга дуу ч сонсохгүй, зам дээр явахдаа ч бусдад зай гаргахаар нэг талдаа (энэ тамирчин охин шиг) шахаж явна.

Ажлаасаа амралт чөлөө авах бол бусад багийнхандаа төвөг удахгүйн тулд сар хоёр сарын өмнөөс мэдэгдэж, долоогоос илүү хоног амрахгүй. Гэтэл  Австралид галт тэргэнд хоёр хүний суудалд цүнх ачаагаа тавиад суучихсан, чанга дуугаар ярих хүн ч байна.

Японд олон жилд байхдаа яг л ижилхэн хүнд төвөг удахгүй юмсан гэсэндээ өөрийгөө золиослох сэтгэхүйтэй болсон гэдгээ би Австралид ирээд анзаарсан. Би тэгж боддог болсон байхад энэ охин тэр орчинд төрж өссөн учраас арга ч үгүй байхд. Гэхдээ энэ зураглал бол үнэхээр нүд халтирам... энэ бол төвөг удах, удахгүй биш хүний эрүүл мэнд, ирээдүй, ёс зүй, тэмцээний дүрэм журамтай холбоотой асуудал юм болов уу.

Энэ талаар дасгалжуулагч нь "Бид зөвлөлдөөд зогсоох тушаал гаргасан ч түүнийг дамжуулах үед цаг хугацааны зөрүү гараад хэдийнэ барианд ойртож очсон байсан" гэсэн тайлбар хийсэн байна.

Би Япон оронд маш их хайртай ч энэ бол тэгж их сайшаагаад, дуурайгаад байх зүйл биш, хөл гэмтэх үед нь л зогсоох ёстой байсан гэж санагдсанаа нуух юун. Бүх зүйл, хүнийг бодох сэтгэл, өөрийгөө бодох сэтгэл хэм хэмжээтэй байх ёстой юм байна гэдэг мессежийг авлаа. Та бүхэнд ямар санагдаж байна вэ?


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.